Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар “Covid-19”-ийн эсрэг вакцин, эм бүтээхээр бие даасан судалгааны байгууллага, судлаачдаас гадна их сургууль, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын хамтарсан 80 орчим баг, 140 гаруй туршилт хийж байгаагаас дийлэнх нь анхан шатны түвшинд, 11 нь клиник туршилтад ороод байна. Тухайлбал, Оксфордын Их Сургуулийн эрдэмтдийн баг вакцины 1 дүгээр шатны клиник туршилтыг эхлүүлсэн бол АНУ-ын биотехнологийн 2 компани, БНХАУ-ын шинжлэх ухааны 3 групп тус тусын туршилтыг мөн эхлүүлжээ.
Оксфордын Их Сургуулийн судалгааны багийн тэргүүн Сара Гилберт, энэ оны 9 дүгээр сар гэхэд вакцины туршилт дуусах бөгөөд үйлдвэрлэлийн бэлтгэл эхэлсэн гэж мэдэгдэв. Харин вакцин үйлдвэрлэгч дэлхийн хоёр томоохон фирм GSK болон Sanofi-ийн хамтарсан баг, энэ оны хоёрдугаар хагаст вакциныг туршиж, амжилттай болвол 2021 оны хоёрдугаар хагаст өвчтөнд хэрэглэх боломжтой гэж мэдэгдэв. Ихэнх эрдэмтэн судлаачид Эбола, ХДХВ, хумхаа зэргийг эмчлэхэд хэрэглэдэг эм коронавирусний эсрэг үйлчилж байгаа эсэхийг судалж тогтооход 6 сар, эсрэг биет болох Y хэлбэрийн уургийг бий болгоход 6 сар, харин вакциныг бүтээхэд 18 сар шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
“Covid-19” анх Ухань бус тус хотоос өмнө зүгт 2019 оны есдүгээр сараас эхлэн тархсан байж болзошгүй хэмээн Кэмбрижийн их сургуулийн хэсэг эрдэмтэд таамаглаж байна. Тус их сургуулийн судлаачид цөөнгүй орноос дээж аван судалсны дүнд вирусийн анхны дэгдэлт өнгөрсөн оны есдүгээр сарын 13-наас 12 дугаар сарын 7-ны хооронд гарсан байх магадлалтай гэж үзжээ.
Генетикч Питр Форстер тэргүүтэй эрдэмтэд вирусийн хувьслыг математик алгоритм ашиглан тогтоох судалгаа явуулж дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн 3 хэвшил тархаж байна гэж дүгнэв. Тодруулбал, АНУ-ын PNAS (Proceedings of the National Academy of Sciences) эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд “А хэвшил” нь сарьсан багваахайнаас илэрдэг коронавирустэй хамгийн төстэй боловч Уханьд түгээмэл илрээгүй. Харин “В хэвшил” нь Уханьд хамгийн түгээмэл илэрсэн ч Зүүн Азийн орнуудаас цааш тархаагүй. “С хэвшил” нь Франц, Итали, Швед, Их Британид хамгийн түгээмэл илэрсэн боловч эх газрын Хятадад огт бүртгэгдээгүй байна.
ОХУ-ын “Биологийн анагаах ухааны агентлаг”-ийн тэргүүн В.Скворцова коронавирусний тохиолдлын 30 орчим хувь нь SARS-тай адил хөнгөн хэлбэрээр өвчилж байна хэмээн мэдээлэв. Харин Хорио цээрийн албанаас “вирус муураас муурт, эсвэл могойноос могойд буюу төрөл зүйл дотор халдварлаж болзошгүй ч амьтнаас хүнд халддаг эсэх нь тодорхойгүй” гэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-д “Covid-19”-ийн халдвартай жирэмсэн эмэгтэй хоёр сарын турш эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэн дөрөвдүгээр сарын эхээр амаржсан бөгөөд нярай шинэ төрлийн коронавирусийн IgG эсрэг биетийн дархлаатай төржээ. Энэ нь “хамгаалах” шинжтэй эсрэг биет бөгөөд эхээс урагт дамжсан байж болзошгүй аж. Харин коронавирусийн халдвар эхээс урагт савны ус болон цусаар дамжин халдварладаг байж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа сулруулж болохгүйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
БНХАУ-д “Covid-19”-ийн өвчтөнийг 2 долоо хоногийн хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа тул урт хугацаанд, өргөн далайцтай клиникийн туршилт хийх боломжгүй байгаа аж. Иймээс тус улсад хэрэгжиж байсан “Covid-19”-д хамааралтай 40 орчим клиникийн туршилтыг зогсоосон байна.
0 Сэтгэгдэл