Израилийн арми сүүлийн нэг сар хагасын хугацааны хамгийн их хохирлоо өчигдөр амсжээ

Дэлхийн мэдээ

24 цагийн дотор Газын зурваст байлдаж буй 10 цэрэг нь амиа алдсаны зарим нь Хамасын отолтод орж алагдсаныг Израилийн зэвсэгт хүчин өчигдөр зарлажээ.

Аравдугаар сарын 31-ний өдөр 15 цэрэг алагдсан нь өмнөх хамгийн их хохиролтой өдөрт тооцогдож байв.

Газын зурвасын хойд хагасын Газа хотын Шежаяа дүүрэгт болсон тулааны үеэр ийм хохирол амссан байна.

Палестины Хамас байгууллага “Та нар энд удах тусмаа их үхэл, их гарз хохирол амсах болно” гэж энэ мэдэгдлийн дараа анхааруулжээ.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын гишүүд Израилийн нутаг дэвсгэрт зэвсэглэн халдаж, энгийн иргэд голдуу 1,200 гаруй хүний амийг хөнөөж, 240 орчим хүнийг барьцаалсан. Үүний дараа Израилийн арми Газын зурваст байлдааны ажиллагаа эхлүүлсэн нь эхэн үедээ олон улсын дэмжлэгийг авч байлаа.

Гэвч Газын зурваст амиа алдсан энгийн номхон иргэдийн тоо нэмэгдэх тусам дэмжлэгээ алдсаар байна.

Сүүлийн байдлаар Палестины нутагт 18,600 гаруй хүн Израилийн бөмбөгдөлтөд алагдаж, 50,000 гаруй хүн шархадсан тухай Газын засаг захиргаанаас өчигдөр мэдээлжээ.

Газын зурваст оршин суудаг 2.3 сая хүний ихэнх нь орон гэргүй болоод байна.

Израилийн гол дэмжигч АНУ-ын засаг захиргаа хүртэл тус улс энгийн номхон иргэдийг ялгаварлалгүй бөмбөгдөж байгаагийн улмаас олон улсын дэмжлэгээ алдаж эхэлснийг саяхан анхааруулсан юм.

Гэвч Израилийн эрх баригчид дайнаа зогсоох бодолгүй байгаагаа илэрхийлсээр байна.

“Бид төгсгөл хүртэл, ялах хүртэл, Хамасыг устгах хүртэл үргэлжлүүлэн тулалдана. Би энэ үгийг маш их зовлон зүдүүр, бас олон улсын дарамт шахалтын дор хэлж байна. Биднийг юу ч зогсоохгүй” гэж Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP