М.ДАВАА
Далайд гарцгүй манай улсын хувьд авто болон төмөр замын боомтуудаа сэргээх нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчдэд нийтлэг тулгардаг бэрхшээл бол тээвэр логистик, хилийн боомтуудын дэд бүтэц, нэвтрүүлэх чадвар билээ. Тэр ч утгаараа Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт нь нэн тэргүүнд яригдах чухал асуудал юм. Мэдээж боомтуудаа авто болон төмөр замаар аль болох хурдан холбож байж экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Боомтын бүтээн байгуулалт, төсөв болон иргэдийн дунд маргаан дагуулаад буй Нарансэвстэйн боомтын асуудлаар Боомтын сэргэлтийн сайд Б.Тулгатай ярилцлаа.
-УИХ-аар 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Алдагдалгүй төсөв батлах тодотголтойгоор энэ удаагийн төсвийг хэлэлцүүлж урсгал зардлаас таналаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар шигшээ багийн тамирчдын зардлыг нэмэгдүүлж, харин зарим боомтын бүтээн байгуулалтын зардлыг танаж хойшлуулсан тухайд?
-Боомтын сэргэлтийн үндэсний хорооны төсвөөс 20 хувиар тооцогдоод бүх зардлууд дээр таналт хийгдсэн байгаа. Худалдаа явагдаж байгаа боомтуудын тухайд Засгийн газрын зүгээс баримталж буй бодлого бий. Тэр нь шинээр барьж байгаа авто зам болон төмөр замын дэд бүтцийг нэгдүгээр ээлжинд эрэмблээд худалдаа арилжаа явагдаж, ажиллаж байгаа боомтуудруу холбох замд ач холбогдол өгч байгаа. Тэр утгаараа Алтанбулаг-Дарханы дөрвөн эгнээ авто зам санхүүжилтгүйн улмаас жилээр хойшилж байх шиг байна. Харин Завхан аймгийн Арц суурь боомтруу тавигдах зам энэ жилдээ эхэлнэ. Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Бичигт боомтруу тавигдах зам эхэлнэ. Өнгөрсөн жилийн Дорнод аймгийн Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох замын төсөл үргэлжилнэ. Энэ зардлаас тодорхой хувийн зардал хасагдаж тамирчдын урамшуулал гэсэн хэсэгт шилжсэн шийдвэр гарсан. Уг нь мөнгө олж, орлого олж буй газрууд руу нэн тэргүүнд дэд бүтцээ тавих нь бидний нэгдүгээр эрэмбийн зорилго байх ёстой. Энэ зорилгоосоо жаахан хойшоо сууж байна.Нэгэнт төсвөө алдагдалгүй болгохоор шийдвэр гаргасан болохоор түүнийгээ дагахаас өөр аргагүй, өөрөөр бол төрийн албан хаагчдын цалин, эмч багш нарын үйл ажиллагааны зардал, төрийн тусгай албан хаагчдын үйл ажиллагааны зардлаас танах болно. Энэ тухайд алдагдалгүй төсөв батал гэсэн чиглэлээ Засгийн газар баримталсан.
-Засгийн газраас Боомтын сэргэлтэд ач холбогдол өгч байгаа. Гэтэл хууль эрхзүйн орчин нь ямар байгаа юм?
-Одоогоор манай улс хилийн хуулиар явж байна. Зарчмын хувьд боомт шалган нэвтрүүлдэг, шалгадаг цэг биш. Боомт бол ашгийн төлөө бизнесийн байгууллага, үйлчилгээ үзүүлэх ёстой гэх энэ зарчмыг оруулахаар хууль шинээр боловсруулж байна. Ингэж менежмэнтийг авч явахдаа зөвхөн төр биш хувийн хэвшилтэй хамтрах эсвэл хувийн хэвшил дангаараа зэрэг олон хувилбарыг авч үзэх ёстой гэж харж байна. Үгүй бол боомт нь хилийн бүс учраас тэнд гарч буй шийдвэр нь жил, хоёр жил дамнадаг маш хүнд сурталтай, хүнд процесс дамнадаг учраас үүнийг зөөллөх шаардлага бидэнд байгаа юм.
-Боомтод байрлаж буй аймаг, сумдын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Тэр аймаг, сумдын хөгжлийн хувьд боомтоос төвлөрүүлж буй орлогыг яаж хуваарилах, хөрөнгийг хэрхэн шингээх вэ?
-Хуулиар дамжуулан боомттой аймаг нь өөрөө тухайн боомтоос олсон орлогоос тэр аймаг суманд хөрөнгө оруулалт хэлбэрээр ордог заалтыг оруулж өгье. Тэгвэл боомт орших аймаг, сумуудын хөгжил сайжрах төдийгүй Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, тэнд эдийн засаг үүсэж байгаа учраас хүмүүсийн төвлөрөл бий болох ийм нөхцөл байна. Тиймээс уурхайтай аймаг өөртөө илүү орлого, хөрөнгөтэй байдаг гэдэг шиг боомттой аймаг илүү хөрөнгө оруулалттай хөгжих саналыг л энэ хуулиар зааж, тусгаж байгаа юм.
-Боомтын бойм тайлагдсан уу, өнөөдрийн байдлаар ямар түвшинд байна вэ?
-Тайлагдаж байна, Монгол улсын эдийн засаг өсч байна гэдэг маань гадагшаа худалдаа хийсний үр дүн, боомтын бойм тавигдаж байгаагийн хамгийн эхний үзүүлэлт шүү дээ. Үүнийг хамгийн их дэмжиж байгаа дэд бүтэц нь боомт, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын үйл ажиллагааны уялдаа, зохион байгуулалт, түүнд оруулсан хөрөнгө оруулалт байсан. Өнөөдрийн байдлаар 11 боомтод бүтээн байгуулалт явагдаад, зарим нь дууссан байна. Бүтээн байгуулалтыг улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Тодорхой бодлогоор, тогтвортой үйл ажиллагаа явуулахад удахгүй боомтын боомь 100 хувь тайлагдлаа гэж зарлаж болох байх. Боомт болгон харилцан адилгүй учраас тэд дахин гэж хэлэхэд учир дутагдалтай. Ганцхан дүнгээр хэлэхэд Намайг ажил авч байх 2022 оны байдлаар БНХАУ-руу 35 сая тонн нүүрс экспортлодог байсан бол өнөөдрийн байдлаар 80 сая тонн болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал, боомт дээр явагдаж байгаа үйл ажиллагаа цэгцэрч, зөв гольдролдоо орж, бойм тайлагдаж байна гэж ойлгож болно.
-Монголчуудын хувьд уул уурхай, зам, боомт гэж яригдахад эсэргүүцдэг бичигдээгүй хуультай болсон. Энэ удаа ч мөн адил Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт дээр үйл явц давтагдаж л байна. Иргэд “заавал Нарансэвстэйн боомтыг нээхийн оронд бэлэн байгаа Бургастайн боомтоо хөгжүүлээд, ашиглаач” гэж ярьж байгаа?
-Боомт гэдэг бол хоёр талаасаа бүс нутаг, эдийн засаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс хамаарч өөр өөрийн онцлогтой гэж би дээр хэлсэн. Бургастайн боомт бол Шинжаан-Уйгарын өөртөө засах оронтой хиллэн, худалдаа хийдэг боомт. Бид өнөөдрийн байдлаар Шинжаан-Уйгартай дөрвөн боомтоор худалдаа хийж байгаа, үүгээрээ цаашаа худалдаагаа өргөжүүлээд явахад болохгүй зүйл алга. Гэхдээ хятадын өөрийн дотоод муж болох Гансу мужтай шууд худалдаа хийдэг муж өнөөдөр алга байна. 1992 онд нээгдэж байсан Нарансэвстэйн боомт худалдаа болон цаад талын зах зээлийн маш өөр субьект төдийгүй ач холбогдлын хувьд ч өндөр. Боомт болгон онцлогтой, цаана нь ямар эдийн засаг, хүчин чадалтай аймаг сум, муж, өөртөө засах орон байна уу гэдгээс хамаардаг. Тэр утгаараа Нарансэвстэйн боомтыг Бургастайн боомттой харьцуулж болохгүй, ийм л учиртай. Нөгөөтэйгүүр бид Хятадын дотоод мужтай худалдаа хийхийн тулд заавал Өвөрмонгол, Шинжаан-Уйгараар дамжуулан ёстой гэж үү. Гэтэл дотоод мужтай нь шууд худалдаа хийх боломж байсаар атал ашиглахгүй бол боломжоо л алдаад байна гэсан үг шүү дээ. Ер нь хятадын дотоод мужтай хэн нэгнээр дамжихгүйгээр “шууд худалдаа” хийнэ гэж ойлгож болно. .
- Энэ боомтын цаана Хятаддаа эдийн засгийн хөгжлөөрөө дээгүүрт ордог дотоод муж болох Гансу муж бий. Тэнд аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн гэдэг?
-Өвөрмонголтой харьцуулбал үндсэн эдийн засаг нь уул уурхай биш аж үйлдвэрийн чиглэлээр илүү эдийн засгаа тэлсэн. Үүнд химийн аж үйлдвэр, хүнд аж үйлдвэрлэл, сансрын аж үйлдвэр, нефтийн аж үйлдвэр гээд маш олон аж үйлдвэрийн секторуудтай. Мөн цэргийн том үйлдвэрүүд, сансар судлалын төв ч бий. Хамгийн сүүлийн үед яригдаж байгаа мэдээллээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бүс нутагтаа тэргүүн байр эзэлж байна. Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуй ч оролцоо их гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр тэдэнтэй худалдаа арилжаа хийх нь худалдан авагч талд давуу тал болох нь ойлгомжтой.
-Тэгвэл Нарансэвстэйн боомт ашиглалтад орвол эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй гэж харж байгаа вэ?
-Маш богино хугацаанд баруун бүсийг Замын-Үүд-Эрээн шиг боомттой болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун бүсийн иргэд 100 хэдэн км явж байж Хятад улстай, тэр тусмаа Замын-Үүд-Эрээний боомтоор үйлчлүүлэх биш тэр бүс нутагтаа өөрөө тийм боомттой болох бололцоо байна. Яагаад Нарансэвстэй боомтыг онцолж байна гэхээр Өвөрмонголын өөртөө засах орон, Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос тусдаа Хятадын засаг захиргааны дотоод муж Гансутай шууд хиллэдэг. Тэр дотоод муж нь Хятад дахь засаг захиргааны нэгжүүд дотроос эдийн засгийн өсөлтөөрөө гуравт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл Нарансэвстэйн боомттой хиллэх Ганьсу муж 26 сая хүн амьтай, 425 мянган км квадрат газар нутагтай. Хятадын мужуудаас эдийн засгийн үзүүлэлтээрээ эхний гуравдугаарт жагсдаг.Мөн уг мужаас цааш 60 гаруй км-т Европруу гарах бидний нэрлэж заншсан “торгоны зам” бий гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Иймээс энэ бүс нутагтай худалдаа хийх нь баруун бүс нутаг, үйлдвэрлэл хөгжих бололцоог л энэ боомтоор тавьж өгөх юм. Нөгөөтэйгүүр заавал Өвөр Монгол, Шинжаан Уйгараар дамжуулж цааш нь худалдаа арилжаа хийх, бараа бүтээгдэхүүн авах биш, дотоод руу нь шууд зарах бололцоо бий болно гэж ойлгож болно.
Мэдээж иргэд энэ асуудалд санаа зовж, байр сууриа илэрхийлж байгаа. Энэ бол Ардчилсан нийгэмд байдаг хэвийн үзэгдэл. Бид зарим хүмүүсийн яриад байгаа шиг тусгай хамгаалалттай газрыг байхгүй болгож уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа зүйл огт байхгүй. Тэнд тусгай хамгаалалттай газраа улам илүү менежментийг нь сайжруулж, тусгай хамгаалалттай газрын санхүүжилт, тогтвортой явах нөхцөл байдлыг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Зам, дэд бүтэц тавьсан тохиолдолд тэр дархан цаазат газарт хамгийн бага нөлөө үзүүлэхээр хийх ёстой гэсэн эрдэмтэдтэйгээ адил байр суурьтай байгаа төдийгүй эрдэмтэд, иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой. Тэнд зөвхөн Мазаалай, Хавтгай зэрэг амьтан амьдрахаас гадна тэр бүс нутагт маш олон монголчууд амьдарч байгаа. Иймээс монголчууд маань үнэтэй бензин, үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг биш, өөрсдөө үйлдвэрлэл явуулах, бий болгосон бүтээгдэхүүнээ үнэ хүргэж зарах бололцоог бий болгох ёстой. Түүнчлэн Говь-Алтай аймгийн ганц ч сум аймгийн төвтэйгээ засмал замаар холбогдоогүй. Хэрэв боомт нээгдэхэд хүрч, хилийн зурвас дагуу зам тавигдсан тохиолдолд зам дагуух сумдуудад эдийн засгийн ач холбогдол бий болно гэдэг нь хүн бүрт ойлгомжтой байгаа биз дээ. Нөгөөтэйгүүр аялал жуулчлал ч хөгжих боломж бий болно гээд дурдвал их юм байна.
-Нарансэвстэйн боомтыг эсэргүүцэж байгаагийн цаана ашиг сонирхол байх магадлалтай. Энэ тухайд ямар нэгэн таамаг бий юу?
-Тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хуультай. Гэсэн ч бидний хийсэн судалгаагаар, говийн дархан цаазат бүсийн А хэсэгт хууль бусаар уул уурхай явуулсан ул мөр 38 цэгт бүртгэгдсэнийг баримтжуулсан байгаа. Магадгүй боомт нээнэ гэхээр дархан цаазат газрыг устгах гэж байна гэж мушгиж байгаагийн цаана зохион байгуулалттай, аль болох хараа хяналт багатай байлгаж, хууль бус нинжагийн үйл ажиллагаа явуулах сонирхол байна уу гэх хардлага байна. Тиймээс тал талаас нь судалж баримтжуулах ёстой гэж бодож байна. Бид эхний ээлжид тэнд хөндөгдсөн, эвдэрсэн газрын бүртгэл, тооллогыг нь хийж байна. Онгон бүсээс эхлээд хязгаарлалтын бүс, орчны бүс гээд бүгдэд нь уул уурхайн үйл ажиллагаа явуулсан ул мөр байна. Иймээс бид говийн их дархан цаазат газрыг хамгаалж, сайжруулах хэрэгцээ шаардлага “байна” гэж дүгнэж байна.
-Иргэдийн эсэргүүцлээс харахад боомтыг өнөө маргаашгүй нээх гэж буй мэтээр ойлгож, ярьж байна л даа?
-Тиймээ, боомт нээнэ гэхээр манайхан өнөөдөр шууд нээх мэтээр ойлгоод байгаа. Боомт нээнэ гэдэг маань хоёр улс хоорондоо дипломат шугамаар ярьж тохирох, түүний дагуу хоёр улсын талаас шийдвэрүүд гарч байж шийдэгдэх асуудал. Тийм учраас Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг УИХ хэлэлцэн, тодорхой тогтоол шийдвэр гаргана. Нөгөө талаас ч мөн хөрш улсын шийдвэрүүд гарна. Энэ мэтчлэн асуудлууд байлгүй яах вэ. Мэдээж 2-3 жилийн хугацаа байгаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
0 Сэтгэгдэл