АМИНЫ ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

   Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээр зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхийг зорьж, бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

✅Энэ хүрээнд “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.1.5-д “Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц шинээр барих, засварлахад хөнгөлөлттэй зээл болон бусад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ”, 2.4.1.6-д “Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлнэ”,  2.4.1.7-д “Гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх хүрээнд “Амины орон сууцны мэдээллийн төв”-ийг байгуулж үйл ажиллагааг эхлүүлж байна.

✅Тус төв нь:  Гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагад нийцсэн, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулсан, дэвшилтэт технологи бүхий нэг айлын орон сууцны  зураг төсөл, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлдвэрлэл, барилга угсралттай холбоотой цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээгээр авах болон иргэд өөрсдөө хямд үнээр амины орон сууц барих, ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, эдгээр цогц мэдээлэл үйлчилгээг иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах  зорилгоор “АМИНЫ ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-ийг байгуулж,  үйл ажиллагааг эхлүүлж, өнөөдөр /2024.12.18/ нээлтээ хийж байна.