ЧОНО БОРООНООР ГЭГЧЭЭР САЙДЫН СЭНТИЙ ЗҮҮДЭЛЖ НОЙРГҮЙ ХОНОВ ГЭНЭ ҮҮ

Улс төр

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон биш МАН-ын зарим нөхдийн хөл нь газар хүрэхгүй шахам гүйж яваа харагдах юм.  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “...мэргэжлийн хүнээр удирдуулахад манай яам босоод ирнэ. Миний чадах юм энэ...” гэх ухааны юм бодоод, нойргүй хоносон сурагтай. Сайн эмч сайд хийж чаддаггүйг харлаа шүү дээ. Энэ хүнд хэцүү цаг үед эрхэм гишүүн Ж.Чинбүрэн өөрийн тойрогт байгаа хувьд гарсан ганц нэгдсэн эмнэлэгт нь халдвар голомтлоод хэцүүхэн байхад хаагуур юу хийж явсан юм бүү мэд. Маск оёж байгаа мэт фото зургаараа хэсэг рекламдсанаас хойш иргэд мань хүнд тийм ч ам сайтай байхаа больсон. Учир нь улс төр, шоу хоёрт гаршиж яваа нэгэн гэдгийг олоод харсан байж болох юм. Салбарын яам удирдана гэдэг сайн хагалгаа, эмчилгээ хийхээс шал өөр л дөө, Ж.Чинбүрэн гишүүн ээ. Харин сэрүүн мэт энэ зүүднээсээ салж, сайд хийж чадах хүний судалгаа гаргахад тус дэм болбол хамгийн зөв мэт санагдана.

Шинэ Засгийн газарт хамгийн гол хүн, ноён нуруу нь Шадар сайд байх учиртай. Тэгвэл энэ албан тушаал дээр эрхэм хатагтай Д.Сарангэрэлийн нэр дуулдаж л байна. Сэтгүүлч мэргэжилтэйн хэрэг иймэрхүү асуудал дээр ил гарч, хэзээ, хааш нь ямар бор шувуу нисгэхээ эрх биш нэг мэдэлгүй яах вэ. Эрүүл мэндийн сайдаар ажилласан түүний цаг үед Монголд ковидын халдвар голомтлоогүй, гаднаас тээж ирсэн цөөн хэдэн тохиолдол л байсан. Тэр үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай.Тиймээс Сарангэрэл сайд сайндаа ковидыг нам барьж, халдвар дотооддоо алдаагүй гэвэл ташаа болно. Ажиллаж байх хугацаандаа муу хэлүүлэн, хэлүүлэн сайн ажилласан гэдэгтэй санал нийлэх хэдий ч Шадар сайдын алба арай л өндөрдөх талтай. Энэ хэцүү, хүнд үед цэрэгжүүлсэн нөхцөл байдалд ажиллах тийм л ур ухаан гаргах хүн Шадар сайдын албыг үүрэх учиртай. Товчоор хэлэхэд шанаа ч өгчихдөг, шанаадуулж ч чаддаг хүн л УОК-ыг удирдахгүй бол аргадаж, энхрийлэх аваас ажил явахгүй гэдэг нь ойлгомжтой.

За тэгээд, сайдын сэнтий зүүдлэгсдийн дунд П.Анужин, С.Бямбацогтоос эхлээд үргэлжилж л байгаа сурагтай.