Чөлөөт бүсийг захирч чадах чөмөгтэй бүсгүй

Нийгэм, Эдийн засаг

Я.МОНГОЛ

Телевизийн хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн цагаасаа Энхзул өөрийгөө таниулж чадсан, эрч хүчтэй, дайчин бүсгүй л дээ. Хэдийгээр сэтгүүлч Алтайн охин гэдэг нь түүнийг тодотгож өгдөг ч гэсэн Энхзул өөрийн гэсэн орон зайгаа өөрөө л бүтээсэн хүн.    

Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн тэрбээр МУИС-ийн Лицей сургууль,  МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль, Сөүл хотын Их сургуулийг дүүргэсэн чамлахааргүй боловсролтой нэгэн. 2000-2010 онд ‘MN 25 дугаар суваг’ телевизэд хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байхдаа л Энхзул өөрийн карьераа зөв тавьж, өөрийгөө таниулж чадсан юм. Тэрбээр маш сайн хөтлөгч байж чадсан гэж мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг. Сэтгүүлчийн хувьд ч бусдадаа манлайлагч л байсан. Ингээд сэтгүүлч охинд нь энэ телевизийг аваад явах ухаан, чадвар байгааг олж харсан аав нь үүргэвчээ үүрээд аяллын замдаа гарсан тэр л үеэс ‘MN 25 дугаар суваг’ телевизийн гүйцэтгэх захирлаар Энхзул ажиллаж баг хамт олноо тун сайн удирдсаныг энэ салбарынхан тун сайн мэднэ. Эрхэм үзэгчдийнхээ хүрээлэлд ч тэрбээр нэрээ гаргаж, мөрөө тодоос тод гаргажээ.  Улсын Их Хурлын гишүүн  байсан аавын нь улс төрийн замнал ч түүнийг улс төрөөс ангид байлгаагүй хэрэг. А.Энхзул МАН-ын Хэвлэл, мэдээллийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан “Замын-Үүд” Эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн албанд томилогдлоо. Ид хийж бүтээх насныхаа ирэн дээр яваа энэ бүсгүй эдийн засгийн цоо шинэ ертөнц чөлөөт бүсийг өөрийн гэсэн өнгө төрхтэй, өнөөдрийн цаг үетэй алхааг нийлүүлэхээр ханцуй шамлан орлоо.