М.ДАВАА
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний талаар иргэд төдийлөн сайн мэддэггүй. Зарим нь малчин айлын гадна байх нарны толь төдийхнөөр төсөөлөх нь бий. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүчийг сонирхож, тэр чиглэл рүү алхаж байхад Монгол Улсын тухайд ямар бодлого баримталж буй талаар Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Д. Пүрэвсүрэнгээс тодруулснаа уншигч танд хүргэе.
-Монгол Улсад ашиглагдаж буй сэргээгдэх эрчим хүчний талаархи эхний ойлголтыг өгнө үү?
- Монгол Улсад өнөөдрийн байдлаар төвийн эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалтаар нарны зургаа, салхины гурав, Азийн хөгжлийн банкболон Дэлхийн банкны санхүүжилтээр баригдсан нарны дөрвөн цахилгаан станц ажиллаж байна. Энэ нь ихэвчлэн баруун бүс болон Алтай, Улиастайн системд ажиллаж байна. Тодруулбал, Ховдын Мянгадын 10MВт, Говь-Алтайн Есөнбулагийн 10MВт, Хөвсгөлийн Мөрөнгийн 10MВт, Завханы Алдархааны 5MВт-ын нарны цахилгаан станцууд болон Завханы Улиастайн 3,6MВт.ц-ын цэнэг хураагуурын цахилгаан станц юм. Мөн хоёр усан цахилгаан станц /УЦС/ -тай гээд тооцвол өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ний эх үүсвэрүүд ийм л бүтэцтэй ажиллаж байгаа.
-Үндсэн цахилгаан станцуудын металл эдлэлийн ашиглалтын хугацаа дуусч тэг зогсоход бэлэн байдалтай байгаа юм билээ. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний станцууд үндсэн цахилгаан станцуудаа дэмжих тал дээр хэр оролцоотой байдаг юм бол?
-Баруун талаас нь эхэлж ярья. Баруун бүсийн эрчим хүчний системд өнөөдрийн байдлаар Дөргөний 12 МВт-ын усан цахилгаан станц болон Мянгадын 10 МВт-ын нарны цахилгаан станц ажиллаж байна. Жишээлбэл, 2010 онд ОХУ-аас эрчим хүч баруун бүст тасархад манай Дөргөний усан цахилгаан станц дотоод хэрэгцээ буюу нэгдүгээр шугамын хэрэглэгчдийн дулааны хэрэгцээг хөлдөөхгүй авч үлдсэн тохиолдол бий. Эндээс харахад, сэргээгдэх эрчим хүч цахилгаан тасрахад түүнийг тодорхой хугацаанд дэмжиж ажиллаж болдог юм байна гэдэг нь харагдаж байгаа биз. Одоо Дөргөний УЦС болон 10 МВт-ын нарны станц нөөцөлсөн эрчим хүчээрээ тухайн бүс нутгийг 3-4 цаг хангаад явах боломжтой. Цаашид Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүст баригдаж ашиглалтад ороход хоёр УЦС болон нэг нарны станц болж өргөжинө, ингэснээр эрчим хүчний хараат байдал буурна. ОХУ-аас импортоор орж ирдэг эрчим хүчийг баруун бүст хэмнэнэ гэсэн үг. Ер нь бол эрчим хүчний хараат байдлаас гарах арга зам нь сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал.Харин Алтай Улиастайн систем компани гэдэг нь Мөрөнгөөр холбогдсон урт шугамыг хэлж буй хэрэг. Тэнд мөн Тайширын УЦС ажилладаг. Эдний үйлдвэрлэж буй эрчим хүч дээр өмнө хэлсэн дөрвөн нарны станцын эрчим хүчийг нэмэхэд төвийн цахилгаан тасрахад мөн л хоёр аймгийг тодорхой хугацаанд эрчим хүчээр хангах нөхцөл бүрдсэн. Одоо Есөнбулагийн 10 МВт-ын нарны цахилгаан станц өдрийн цагаар ажиллахад Тайширын УЦС усаа хуримтлуулж байгаа. Тэгээд оройн оргил ачаалалд өмнөхөөсөө илүү чадлаар оролцож байна. Энэ хоёр станц жинхэнэ утгаараа байгалийн хуримтлуур байдлаар нэг нэгийгээ дэмжин ажиллаж байна гэсэн үг. Цаашлаад манай баруун бүсийн сэргээгдэх эрчим хүчийг төвийн эрчим хүч рүү холбохоор төлөвлөн ажиллаж байна. Ер нь баруун бүсийн урт шугамыг ерөнхийд нь дэмжиж ажилладаг гээд ойлгоход гэмгүй.
-Тэгвэл төвийн бүсийн тухайд?
-Энэ бүст нарны зургаа, салхины гурван станц ажилладаг. Салхин станц голдуу өглөө, оройдилүү ажилладаг. Энэ нь бидний хэлээд байдаг оргил ачааллын үе гэсэн үг. Тийм болохоор энэ үеэр салхин станц 50-100 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийнхээ эрчим хүчийг дэмждэг юм. Харин нарны станцын тухайд нар гарлаа л бол үйлдвэрлэлээ явуулж, нар жаргахад буудаг. Үүнийг тохируулахын тулд 200 МВт.цагийн батарейн станцыг Сонгинодэд станцад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар оргил ачааллын үед батарей станц маань 2.5 цаг оролцон ажиллаж байна. Өдрийн цагаар нар, салхины станцын үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг батарейдаа хурааж, хуримтлуулаад буцааж өгөх горимтойгоор төвийн эрчим хүчний хэрэглээг дэмжин ажилладаг. Нар, салхи, батарейн хуримтлалтай цогц систем төвийн бүст ажилладаг гэж ойлгоорой.
-Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөн хэрэглээнийх болгоход асуудал тулгарч байна уу?
- Шулуухан хэлэхэд,сэргээгдэх эрчим хүчний станцуудын үйлдвэрлэж буй эрчим хүчийг хэрэгцээт бүс рүү дамжуулж чадахгүй байгаа шалтгаан нь манай шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Жишээлбэл, говийн урт шугам дээр олон нарны станц суурилуулъя гэхээр 110 кВ-ын нэгхэлхээт шугамын дамжуулах чадвар хүрэхгүй. Энэ мэт шалтгаанаас үүдээдүйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн бүсрүү дамжуулж чаддаггүй. Тэгэхээр шугамын шинэчлэл, өргөтгөл хийж, найдвартай болгохгүй бол сэргээгдэх эрчим хүчний нөөцөө төв болон хэрэгцээт бүс рүү илгээх боломж хумигдмал хэвээрээ байгаа. Чойроос Сайншанд хүртэл 220 кВ шугам шинээр тавих ажил эхлэхээр явж байна. Энэ шугам ашиглалтад орсон үед төвийн бүсрүүгээ сэргээгдэх эрчим хүний нөөцөө ямар нэгэн хязгаарлалтгүйгээр явуулах боломж нь бүрдэнэ.
-Улаанбаатар хот оргил ачааллын үед эрчим хүчний хомсдол үүсдэг. Асуудал гарсан тохиолдолд сэргээгдэх эрчим хүчээр хэдэн цаг торгоох вэ?
-Улаанбаатар хотын хувьд ОХУ-аас цахилгаан бүтэн тасарсан тохиолдолд манай систем авч үлдэж чадахгүй. Хэрвээ тийм тохиолдол гарлаа гэж бодоход батарей станцаасаа шугамаа тэжээж III цахилгаан станцыг сэргээх гэж үзэх байх даа. Удахгүй Багануурын 200 МВт.цагийн батарей нэмж орно. Ингэвэл төвийн бүстээ ачаалал авч болох нийт 400 МВт.цагийг батарей станцтай болно. Энд илүүдэлтэй үед нь хуримтлуулж, дутагдсан үед нь оргил ачаалалд өгөхөөр зохицуулалт хийх болно. Одоо ТЭЦ IV гэхэд илүү гарсан эрчим хүчээ Сонгины батарейд хуримтлуулаад хэрэгтэй үедээ буцаад ашигладаг. Энэ мэт эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангахын тулд дэмжиж ажилладаг.
-Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч, ногоон ирээдүй хэмээн ярих болсон энэ үед манай улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хууль, эрх зүйн орчин нөхцөл нь цаг үетэйгээ нийцэж чадаж байна уу?
-Монгол Улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болсон. Харин 2015 онд хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэсэн эрчим хүчийг дэмжих тариф гэдгийг хэрэглэгчийн тариф дээр тавьж өгсөн. Салхины гурав, нарны зургаан станц нь хувийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 оны хооронд баригдсан. Мөн 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орсон. Үүгээр дэмжих тарифыг буулгаж цаашид манай улсад шинээр баригдах нар, салхины станцыг дуудлага худалдаагаар барина гэж заасан. Баригдсан, өнөөдөр ажиллаж байгаа станцууд бол сонгосон тарифыг үндэслэл болгосон бол шинээр баригдах нар, салхины станцыг ЭХЯ дуудлага худалдаа зохион байгуулж, тухайн сонгосон цэгт барина. Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний нэгж кВт.цаг үнэ буурч байгаа энэ үед манайд ч ялгаагүй буух учиртай. Үүнийг дагаад хямд үнэтэй нар, салхины станцууд баригдана гэж бодож байгаа.
-Төр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
Төр эрхзүйн болон техникийн хувьд боломжтой гэж үзсэн төслүүдийг дэмжиж ирсэн. Энэ үүднээс дээрх хувилбараар дуудлага худалдаа зохион байгуулж, тэр хэрээр сэргээгдэх эрчим хүч нэмэгдэх юм.
-Дэмжих төлбөр гэж юу вэ. Сэргээгдэх эрчим хүчний үнэ нэмэгдсэн шалтгаан үүнтэй холбоотой юу?
Энэ тарифаар нүүрсний станцаас үйлдвэрлэж буй эрчим хүчболон нар, салхиар үйлдвэрлэж буй эрчим хүчний зөрүүг өгч байгаа. Нэмж тайлбар хийхэд, тухайн үед сэргээгдэх эрчим хүчийг Монголд оруулж ирэхийн тулд дэмжих тарифыг өгнө гэж нар, салхины станцуудыг бариулсан. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ дуусах үед буцаж хэлэлцээрт орж, тухайн үед зарж байсан үнээсээ бууж, манай системийн үнэтэй зэрэгцэх юм. Энэ тарифыг тогтмол өсгөж өгч байгаа биш харин энэ компанийг оруулж ирээд, ашгаа нөхсөний дараа дэмжих төлбөрийг бүгдийг буулгаж, эрчим хүчний дамжуулах сүлжээний тарифруу авчрах юм. Жишээлбэл, 2017 онд баригдсан 10 МВт-ын нарны цахилгаан станц гурван жилийн дараа эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хугацаа дуусна. Тэр үед тус компаний эрчим хүч зарж байсан үнийг дамжуулах сүлжээний үнэрүү буулгах хэлэлцээр хийж нүүрсний станц руу ойртуулна гээд ойлгоход гэмгүй.
- Шинээр баригдаж буй орон сууцны хороолол, зуслангийн хаус, уул уурхайн компаниудын эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх боломж бий юу?
-Хэрэглэгчийн үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам 2020 онд Эрчим хүчний сайдын 2020 оны 159-р тушаалаар
“ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ” батлагдсан байдаг. Энэ журмын дагуу албан байгууллага, айл өрх өөр дээрээ нарны станц тавьж түгээх сүлжээнд холбогдсон тохиолдолд дэмжлэг авах боломжтой. Дэмжлэг нь юу гэхээр СЭХ-ээр үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчээ тоолуураар түгээх сүлжээнд нийлүүлж, тухайн өгсөн кВт цагийнхаа хэмжээгээр буцаагаад өөрөө хэрэглэхэд төлбөр төлөхгүй.
Энэ журамд иргэн хүн 20кВт, албан байгууллага техникийн нөхцөлөөр олгогдсон хүчин чадлынхаа 50 хувь хүртэл түгээх сүлжээнд нийлүүлж болох тухай заасан байдаг. СЭХ-ний эх үүсвэр нэмэгдүүлж байгаа иргэд, айл өрхийн санал санаачилгыг дэмжээд, хамтраад ажиллаж байгаа нь цахилгаан эх үүсвэр дутагдалтай, нүүрсний утаа асуудал болж буй энэ цаг үед нэн чухал асуудал юм. СЭХ-ний үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ: 06:00-17:00 цаг хүртэл -140,18 төгрөг, 17:00-22:00 цагт- 221,89 төгрөг байдаг. Энэ журам хэрэгжсэнээс хойш нийт 65 айл өрх болон ААН түгээх сүлжээнд холбогдсон.Нийт суурилагдсан хүчин чадал нь аль хэдийн 1 МВт хүрээд байна. Цаашдаа ч энэ тоо өсч, улам өргөжих байх. Журмын дагуу холбогдож байгаа айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ хэрээр эрчим хүчний ачаалал буурч буй юм.
-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ёстой юм байна гэдгийг мэдэж авлаа. Харин хэтийн төлөв ямар байгаа нь сонирхолтой байна?
-СЭХ-ний талаар улсын хэмжээнд том том бодлогууд явж байна. Сэргээгдэх эрчим хүч байх хэрэгтэй юу гэвэл маш их хэрэгтэй гэж хэлнэ. Тиймээс цаашдаа үнэ буулгах тал дээр ямар боломж бололцоо байна вэ гэдэгт тал талаасаа анхаарч, арга замаа л эрэлхийлэх хэрэгтэй. Дуудлага худалдаагаар нар, салхины станцаа хямд зардлаар бариулчихвал цахилгааны үнэ хямдхан байх болно. Нар, салхины эрчим хүчний үнэ, нүүрсний цахилгаан станцын эрчим хүчний үнэ огтлолцох асуудал ердөө 2-3 жилээр л яригдана. Ирээдүйд СЭХ-ний үнэ бууна эсрэгээрээ харин нүүрсний эрчим хүчний үнэ өснө. Тэгэхээр сэргээгдэхээ ямар ч байсан дэмжих ёстой. Нөгөөтэйгүүр, манай улс өөрөө олон улсын байгууллагын гишүүн, хүлэмжийн хийг бууруулах тухай асуудлаар дэлхийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Нийт бууруулах хүлэмжийн хийний 64 хувийг эрчим хүчний салбараас, үлдсэн 36 хувийг ХАА болон бусад чиглэлээсээ бууруулна гэж тооцсон. Мэдээж 64 хувиа СЭХ-ээ өргөжүүлж, шинэчилж, барьж байж л шийднэ шүү дээ. Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд –Сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) эзлэх хувийг улсын нийт эрчим хүчний хүчин чадлын 30 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилт нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах 2050 бодлого, ирээдүйд учрах эрчим хүчний хомсдолоос сэргийлэх төрийн бодлоготой нийцэж байгаа юм.
-СЭХ гэж яригдаад багагүй хугацаа өнгөрчээ.Харин олсон амжилт гэвэл?
-Тэгэлгүй яах вэ, Монгол Улсад СЭХ хөгжсөн хэд хэдэн үе шат бий. Нэгдүгээрт, Засгийн газраас бодлого гаргаад 2001-2010 оны хооронд “100,000 нарны гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 100 мянган малчин өрхийг хангасан. Энэ бол манайх хүн амынхаа ¼-г СЭХ-ээр аль хэдийн хангасан гэсэн үг. Малчнаасаа эхлээд сум суурин, улсын хэмжээнд хүртэл СЭХ ашиглах асуудлыг бодлогын хүрээнд дэмжиж ирсэн.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
0 Сэтгэгдэл