ХИЛИЙН ЗУРВАС ДАГУУЛАН АВТОЗАМ ТАВЬСНААР МАЗААЛАЙН БҮС НУТГИЙГ ДАЙРЧ БИШ ТОЙРЧ ГАРНА

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

Говь-Алтай аймгийн  “Бургастай”, “Нарансэвстэй” боомтын нөхцөл байдлыг  сурвалжилахаар дөрөв хоногийн турш энхэл донхол гэж хэлэх энүүхэнд, тийм л бартаатай замыг  туулан, элэг бөөрөө сугалах нь холгүй /ямар сайндаа л ингэж бичих вэ дээ/  яваад ирлээ. Хил рүү тулах тусам алсрахын хэрээр замын нөхцөл байдал улам хүндрэх.

Аргагүй шүү дээ,  Говь-Алтай аймгийн нэг ч  сум  аймгийн төвтэйгээ “засмал замаар  холбогдож амжаагүй” юм байна.  Аль хэдийн XXI зуун гарчихаад байхад саяхан л өнөөх Бургастайн боомт орших Алтай сум төвийн эрчим хүчинд холбогдсон гэхээр, засмал замын тухайд яриад ч хэрэгггүй биз. Говь-Алтай аймгийн хувьд манай улсын баруун өмнө зүгийн хилийн бүс нутгийн нэлээд хувийг эзэлдэг  төдийгүй,   ховор ан амьтдын өлгий нутаг  гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Зорьсон ажлын   эхний боомт болох  Бургастай боомт руу  аймгийн төвөөс  380 км газар дээр хэлсэн бартаат замаар найман цагийн турш  автомашиныхаа хурд, хүчийг сорин, шороо тоос татуулан явсаар   хүрлээ.   Монгол Улсын хилийн байр болох жижигхэн  хоёр давхар шар байшин,  “Монгол Улс ...” гэсэн сүлдэт хилийн багана, бас л өнөөх шороон зам  гээд л Бургастайн боомт болох нь тэр. Энэ өгүүлбэрийг уншихад л уг боомт уншигч танд бэлхнээ төсөөлөгдөж буй биз. Гэтэл хилийн  нөгөө талд байдал шал өөр. Хилийн баганы цаад талаас нутгийн гүн рүү зурайх   хүнд  даацын бетон  зам, овор томтой хаалга, барилга гээд бүгд  бий.  Монгол Улсын Засгийн газраас  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд  “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг гол сэргэлт нь “Боомтын сэргэлт” юм. Энэ ч утгаараа бид зорин ажилласан. Бургастайн боомтоор “Алтайн хүдэр” компанийн төмрийн хүдрийн  баяжмалыг экспортлох эрдэс баяжмалын зориулалттайгаар сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ боомтын хувьд зөвхөн  “Алтайн хүдэр” компанийн  төмрийн хүдрийг экспортлох  зориулалттай ажилладаг мэт. Ер нь энэ боомтоор албаны болон амин  хувийн аль нь ч  байсан  хилээр нэвтрэхэд хүндрэлтэй. Бүх зүйлийг нь нэгжиж,  шалгаж иргэдийн оймсыг нь хүртэл тайлж үздэг  гэх. Тиймдээ ч  боомтын хилийн хяналт шалгалтаас залхаж, иргэд ч үйлчлүүлэхээ больжээ.  Тийм болохоор энэ боомт яг өнөөдрийн байдлаар  хувийн нэг уул уурхайн компанийн  өмч хэлбэрээр л ажиллаж байгаа гэж хэлэхэд буруудахааргүй байна. Үүний баталгаа мэт бидний хэдэн сэтгүүлчид ч уг боомтоор нэвтрэх гэсэн боловч бүтэлгүйтэж, гадаад пасстортдоо хүчингүй дардас даруулаадахлаа. Ингээд бодохоор жирийн иргэд түүгээр хил нэвтрэхэд асуудалтай гэдэг үг батлагдаж буй юм.  Түүнчлэн нөгөө талаас Шинжаан Уйгарын нутагт  оршдог гэдэг утгаараа БНХАУ-ын зүгээс төдийлөн анхаарч, эдийн засгийн боломжийг нь нэмэгдүүлэх сонирхол бага байдаг юм болов уу гэсэн бодол төрснөө нуугаад яах вэ.

Бидний зорьсон хоёр дахь боомт болох Нарансэвстэй боомтын тухайд товч танилцуулья. Тус боомт   1992 онд нээгдээд, 1993 онд хаагдсан юм байна. Боомтын  хаагдсан шалтгаан нь энэ нутаг дэвсгэр мазаалайн гол нутагладаг газар болох  цагаан дэрс,  шар хулс гэсэн баянбүрдүүд байдаг. Тиймээс  энэ боомтоор дамжиж бизнес эрхлэгчид уг говийн дархан цаазат газраар дамжиж,  боомт дээр ирж байсан учраас байгаль орчныг хариуцсан байгууллага, Улсын аюулгүйн  байгууллагаас  гаргасан хүсэлтээр Засгийн газраас хаасан. Хаахаас ч  аргагүй юм, бид дэлхийд ховордсон ан амьтан, дахин давтагдашгүй говийн их үзэсгэлэнт  баянбүрдүүдээ хамгаалах ёстой.

Харин өнөөдөр уг нөхцөл байдал давтагдахгүйгээр,  баянбүрдийг дайрахгүйгээр,  хилийн зурвас дагуу  замын асуудлыг шийдэж,  нээх боломжийн тухайд яригдаж байна.  Хилийн зурвас дагуулан  автозам  байгуулснаар Мазаалайн бүс нутгийг дайрч биш тойрч гарна.  Монголын улсын  хувьд Нарансэвстэйн боомт нь хойшоо хамгийн дөт транзит гарц болох аж. 

ХИЛ ОРЧМЫН ИРГЭДИЙН ХУВЬД БУРГАСТАЙН  БООМТОО ТҮШИГЛЭН АМЬДРАЛ АХУЙ, АРИЛЖАА БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЖ БАЙСАН БОЛ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ БАЙНА УУ  ГЭДЭГ АСУУЛТТАЙ Л ҮЛДЭЖ

Бургастай боомт нь 1992 оноос үйл ажиллагаа эхлүүлж,  эхэндээ улирлын чанартай жилийн гурав, зургаа, найм, арваннэгдүгээр саруудад 20 хоногийн хугацаатай ажилладаг боомт байжээ.  Тухайн түр боомтын журмаар ажиллаж байх үедээ сондгой саруудад нь Хятад улсын талд, тэгш саруудад нь Монголын талд ирж бизнес арилжаа явагддаг ийм онцлогтой боомт байсан гэнэ. Монгол Улсын БНХАУ, ОХУ-тай хиллэдэг бүх боомтуудаас үүгээрээ ялгагддаг гэж хэлж болохоор юм байна.  Үндсэндээ 2005 он хүртэл бүх төрлийн бараа бүтээгдэхүүний арилжаа хийгддэг байв. Бургастай боомтоор орж ирсэн  бензинээр баруун таван аймгаа бүрэн хангадаг, эргээд баруун таван аймгийн ноос ноолуур энэ боомтоороо гардаг байсан. Энэ бүхний цаад үр ашиг нь Говь-Алтайчууд хамгийн хямд өргөн хэрэглээний бараа хэрэглэдэг  төдийгүй  түүхий эд хамгийн үнэтэй байжээ. Гэвч харамсалтай нь 2005 оноос боомтын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.
Мэдээж гол хүчин зүйл нь Шинжаан Уйгарын өөртөө засах орон буюу баруун талдаа тогтворгүй байдал үүссэн гэдэг үүднээс Монголын талын санал хүсэлтээс биш үндсэндээ Хятадын Шинжаан Уйгарын дотоод асуудлаас болж ийм байдал үүссэн гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар  зорчигч байхгүйтэй адилхан болжээ. Дээр хэлсэнчлэн энгийн иргэд хил нэвтрэх боломж хомсдож, үндсэндээ Алтайн хүдрийн төмрийн хүдрийн экспорт л  явагддаг юм байна. Хил орчмын иргэдийн хувьд энэ боомтоо түшиглэн амьдрал ахуй, арилжаа бизнесээ хөгжүүлж байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн үр өгөөж байна уу  гэдэг асуулттай л үлдэж. Ер нь хилийн үйл ажиллагааны судалгааг харахад маш цөөхөн  иргэд автомашинтайгаа   хил гарч ойр зуурын гурил,  будаа авдаг байсан гэх. Энэ юунаас болдог байсан гэхээр цаадах худалдаа үйлчилгээний цэг бүхий суурин газар нь хилээс алслагдмал, хилийн цэргүүдийнх нь гаалийн  хяналт шалгалт их чанга байсантай холбоотой иргэд тэр бүр явдаггүй аж. Одоогоор импорт буюу аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлгөөн эргэлт багатай байгаа учраас боомт эдийн засгийн үр өгөөж талаас  дутагдалтай  гэж хэлж болохоор байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд  энэ боомт иргэдийн хувьд ч эдийн засгийн хувьд ч төдийлөн ач холбогдол багатай санагдсан.

ХИЛИЙН ЗУРВАС ДАГУУ  ЗАМЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЭД НАРАНСЭВСТЭЙГ  НЭЭХЭД  ЮУ НЬ БОЛОХГҮЙ ГЭЖ

 Цогт  сумын нутагт орших   “Нарансэвстэй” боомт  хүрэх  Монгол Улсын хилийн  багана дагуух  400 гаруй км зам “Сарны хөндий” хэмээх ямар ч амьд амьтан, ургамал битгий хэл шувуу ч нисэх боломжгүй их цөлөөр хилийнхээ багана дагуу үргэлжилнэ. Энэ замыг  бид бүтэн  14 цаг сэгсчүүлэн байж, үг ярих сөхөөгүй болтлоо туйлдаж туулсан байдаг. Ингэж  явах зуурт нөгөө талд их гүрний хөгжлийн нэгээхэн хэсэг нүдний өмнө дурайна. Учир юу гэвээс БНХАУ өөрийн хилийн зурвас дагуу  өргөст тор  татсан байх бөгөөд түүнийхээ дөнгөж цаана зэрэгцүүлээд төмөр хашаа барьсан байх аж.  Түүнчлэн хилийнхээ хашааг дагуулаад  сайжруулсан зам тавьж, хэсэг яваад л камер байршуулж, замаа даган уул уурхайгаа хөгжүүлж байгаа нь харагдана. Энэ дүр зураг хэдэн зуун км үргэлжилнэ, харин манай  талд сарны хөндий хэдэн зуун км үргэлжилнэ. Бид ямартаа ч уул хадаар нэг их тойролгүйгээр бартаатай ч бараг шулуун явсаар Нарансэвстэйн боомтод ирсэн.   Ингэж явахдаа Нарансэвстэйн боомт  хүртэл хилийнхээ багана  дагуу зам тавих бүрэн боломж “ үнэхээр”  байна гэдгийг замын турш  бодсоор явлаа.  Зам харгуй тавихад ховордсон ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газруудад ямар ч хамааралгүй юм гэдгийг нүдээр үзэж, биеэр туулсан хүнийхээ  хувиар  бүрэн дүүрэн ойлгож авсан юм. Үзээгүй байхдаа бусдын  адил нөгөө л ховордсон ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газар, баянбүрд гээд зам тавих боломжгүй гэж бодож байсан нь үнэн.  Гэтэл нөгөө байгалийн үзэсгэлэнт газар, ховордсон ан амьтан байх тэр хэсэг маань  хилийн дагуу зам тавихаар төлөвлөгдсөн Сарны хөндийгөөс  даруй 130 км алсад байх аж.“Хурдан  замын асуудлаа шийдээд боомтоо нээгээсэй дээ” гэх бодолтой зэрэгцэн  Нарансэвстэйн боомт ойртож,  нэлээд өндөр шар байшин харагдлаа. Гэхдээ тэр өндөр шар байшин манай талын боомтын барилга биш юм билээ шүү, бас л нөгөө талынх.  “Бүгд Найрамдах Дундад Ард Улс” гэсэн бичигтэй  дөрвөн давхар шар байшин, түүний хажуугаар хашааны хаалганд тулж ирсэн  олон эгнээ засмал зам. Зам, байшин хоёр саяхан барьсан мэт шинэхнээрээ, гэтэл барилга нь 1992 онд баригдсан, түүнээс хойш 30 гаруй жил болсон гэж хэлэхэд арай л шинэ мэт харагдана. Харин манай талд юу байсан гээч.  Цонх, хаалга, дээвэр гээд авч болох бүх юмыг нь тоносон,   саарал тоосгоор барьсан нэг давхар,  хоёр барилга, тэгээд л болох нь тэр. Мэдээж, энэ байдал болон  замын турш харсан хилийн шугам дагуух айлын бүтээн байгуулалт, зам харгуй  гээд   миний хувьд атаархах, шар хөдлөх хоёр зэрэгцсээр тэр их талыг туулсан даа.

Нарансэвстэй боомт нь Төв Хятадын Гансу мужтай хиллэн оршиж байгаа.Энд хэлэх хамгийн гол нэг зүйл бол энэ хашаа, энэ шар байшингаас цааш 60 км яваад Ази-Европыг холбосон “торгоны зам” байдаг аж.  Уг торгоны зам нь 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Казахстан, Киргизстан, Иран зэрэг  улсыг дамжин Европ хүрдэг  гэнэ. ОХУ болон   Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор европоос ирэх ачаа  ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл бид Дундад Ази болон Европтой холбогдох хамгийн дөт замын хажууд байна.  Бидний хүсээд байгаа Европ хүрэх зам ийм ойрхон байхад энэ боомтоо нээгээд улс эх орныхоо эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх боломж бололцоог  бий болгох тал дээр төр, засаг маань анхааралдаа аваасай. Тэгээд ч баруун таван аймгийнхан маань Нарансэвстэйгээр хил нэвтрэх боломж байсаар атал  аж амьдрал, худалдаа наймаагаа сайжруулахын тулд заавал Замын Үүдийн боомтоор хил нэвтрэх шаардлага юусан билээ.

МАРГААН ДАГУУЛЖ БУЙ ХИЛИЙН ЗУРВАСААС АЙМГИЙН ТӨВ ХҮРЭХ ЗАСМАЛ  ЗАМЫН АЧ ХОЛБОГДОЛ

Уг зам маань хилийн зурвасаа дагасаар Цогт суманд байх Ээж хайрханы бэлээр Цээл, Бигэр сумдыг дайран аймгийн төв хүрэх аж. Ингэснээр зам зуурт байх сумдууд засмал замд нийлэн аймгийн төв болон боомт хүрэхэд саадгүй болно. Бүхэл зам засмал биш ч хэсэг зайнд ч болов засмал замаар зорчино гэдэг алтайнхны хувьд диваажин гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Учир нь сүрлэг их уулсын дундах хад чулуу бүхий бартаат зам, давааг туулан хэд хоног явсан хүний хувьд баттай хэлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр биеийн эрүүл мэндэд тустайгаас гадна  бензин түлшинд хэмнэлт гарна.

Нөгөөтэйгүүр аялал жуулчлал гэж нэг том салбарын асуудал хөндөгдөнө. Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг  2025 он хүртэл төлөвлөсөн байсныг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болсноо Засгийн газраас зарласан.  Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна гэдгээ Засгийн газраас мэдэгдэж байгаа энэ үед Говь-Алтай аймгийн хувьд  баруун бүсэд аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой билээ.

Тиймээс хилийн зурвасаас аймгийн төв хүртэлх засмал зам тавигдсанаар Ээж хайрхан, Монгол орны хамгийн нам дор цэг, Халхын баруун өмнөд овоо гээд үзэх ёстой газрууд үргэлжилнэ.

Ээж хайрхан гэхэд л ирсэн хүний хүсэл биелдэг, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хээрийн театр, есөн тогоо, ембүү хад гээд очсон хүн хэзээ ч харамсахааргүй.

Монгол орны хамгийн нам дор цэг болох далайн түвшнээс дээш 526 метр Сарны хөндий мөн л өвөрмөц. Хөрс нь галт уулын чулуулаг мэт харагдах агаад гишгэхэд пүр гээд хөл шигдэх зөөлөн үнс мэт.

Харин алдарт Халхын баруун өмнөд овоогэх өвөг дээдсийн хүндэлж ирсэн өнө их үүх түүхтэй хайрхан маань далайн түвшнээс дээш 2000 метр орчим өргөгдсөн юм байна. Тиймээс ч тус хайрхны орой дээр гарна гэдэг басхүү чамгүй даваа гэнэ лээ.  Эдүгээ энэ овооны дэргэд Монголын нутаг болохыг батлан дугаар багана сүндэрлэн байна. Монгол Улсын газрын зураг дээр баруун өмнөд цэг гэж тэмдэглэгдсэн энэ түүхэн цэг хүссэн хүн бүрийн зорьж очоод байдаг газар биш. Замын хувьд ч тун хүндрэлтэй юм билээ. Гэвч алдарт 500 км зам тавигдсанаар хүссэн хүн бүр байгалийн сайханд аялахаас  гадна тус аймаг тэр хэрээрээ эдийн засаг нь тэлэх боломж бүрдэнэ. 

Л.Насанбуян: Манай аймгийн хувьд аялал жуулчлалаар өөрсдийгөө санхүүжүүлж,  эдийн засгийн урсгалаа  нэмэгдүүлэх боломжтой

/Аймгийн ИТХ-ын дарга/

-Бид ямар ч үржил шимгүй Сарны хөндий хэмээх газраар явж байна. Энд амьтан ургамал байх нь битгий хэл шувуу ч үл ниснэ. Гэтэл ийм газар, бидний нүдэн дээр,  хилийн баганаас хэдхэн метрийн цаана  /ойролцоогоор 500м/  БНХАУ  өөрийн хил дагуу зам харгуйгаа тавьсан, уул уурхайгаа хөгжүүлээд байж байна. Харин монголчуудын хувьд энэ нам дор цэгийн хавьд эзэнгүй, орхигдсон газар мэт сэтгэгдэл төрүүлж байна. Үүнд нэг зүйлийг л хэлмээр байна. Нарансэвстэйгээс нааш тавигдах, маргаан дагуулж буй  зам бол яг  бидний зогсож буй ямар ч үржил шимгүй энэ зурвасын дагуу,  хилийн цаана тавигдсан замтай  паралелль явах юм. Зам тавигдсан нөхцөлд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын төлөвлөгөө, менежменттэй болох ёстой. Халхын баруун өмнөд овоо, Монгол орны хамгийн нам дор цэг Сарны хөндий, Ээж хайрхан гэсэн маршрутаар аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломж бий болно. Эдгээр газруудаар аялах сонирхол иргэдэд их байдаг ч зам харгуйн нөхцөл байдлаас шалтгаалан төдийлэн ирж чаддаггүй. Бараг ирдэггүй гэж хэлэхэд болно. Тэгэхээр замын асуудал шийдэгдвэл манай аймаг аялал жуулчлалаар өөрсдийгөө санхүүжүүлж, эдийн засгийн урсгалаа нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна.

Э.Давааням: Хүний гар хүрээгүй гэж яригддаг ч дархан цаазат газрын А бүсэд хувиараа алт олборлогчид газар ухаж,  алт олборлосон

/Эрдэнэ сум Засаг дарга/

-Нарансэвстэйн боомт анх 1992 онд нээгдэхдээ Говь-Алтай болон Баянхонгор аймгийн заагт орших Шар хулсны баянбүрд хэмээх дархан цаазат газраар зам нь явж байсан юм билээ. Энэ газарт мазаалай, хавтгай гээд ховордсон ан амьтан нутагладаг. Харин өнөөдөр яригдаж буй замын трасс бол үүнтэй ямар ч хамаагүй, улсынхаа хилийн баруун хэсгээр ямар ч үржил шимгүй хөрстэй газраар,  хилийн зурвас  дагуу тавигдана.

Нөгөө талаараа хүний гар хүрээгүй онгон дагшин байгальтай говийн их дархан газар гэж яригддаг. Манай Эрдэнэ сумын нутаг дэсвгэрийн 64.6 хувийг дархан газар эзэлдэг. Гэтэл дархан цаазат газрын А бүсэд байрлах Шаргын говийн цөлийн бүсэд 30 км радиуст  хувиараа алт олборлогчид, бүлэг хүмүүс тэр чигт нь ухаад, алт олборлосон байдаг. Аймгийн ЗД, Эрдэнэ сумын ЗД-ын хамтарсан захирамж гарч,2022 онд энэ үйл ажиллагааг бүрэн зогсоож, нэлээд олон хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

 

                                                                                              ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН