ХҮНИЙ ЭРХ БА ТӨСӨВ, ТЭГШ БАЙДАЛ" САЙН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ЭХНИЙ СУРГАЛТ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

  Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб хамтран “Хүний эрх ба төсөв, тэгш байдал" хүний эрхийн сайн бүтээлийн уралдаанаа хоёр дахь жилдээ зарлалаа. 

Энэхүү уралдаан нь дээрх гурван талын хамтарсан "Хүний эрх ба төсөв, тэгш байдал" нөлөөллийн аяны гол үйл ажиллагаа бөгөөд сайн бүтээлийг уралдаанд оролцогчдод мэдээлэл өгөх эхний сургалтыг өнөөдөр /2024.12.03/ зохион байгууллаа.

Сургалтад 11 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч биечлэн, цахимаар 8 байгууллагын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан холбогдож мэдээлэл авлаа.

“Хүний эрх ба төсөв, тэгш байдал" хүний эрхийн сайн бүтээлийн уралдааныг өнөөдрөөс буюу 2024 оны 12 дугаар сарын 03-аас 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал үргэлжилж бүтээл хүлээн авах бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүнг танилцуулна.

Энэ удаагийн сургалтаар уралдааны гол үндсэн дэд сэдэв болох

  • Төсөв-Эрүүл мэндийн тэгш бус байдал-Хүний эрх 
  • Төсөв-Боловсролын тэгш бус байдал-Хүний эрх 
  • Төсөв-Иргэндээ ээлтэй хот- Хүний эрх сэдвийн хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, ХЭҮК-ын Хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнэ, “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн үүсгэн байгуулагч Д.Даваадулам нар мэдээлэл өглөө.  

Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход төсвийг оновчтой, хүрэлцээтэй, хүртээмжтэй, шударга хуваарилах нь гол хүчин зүйл болдог бөгөөд боловсролын салбар дахь тэгш байдал алдагдвал нийгэмд үл ойлголцол, мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл хоёр дахин нэмэгддэг гэдгийг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид онцлоод Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэлд тусгасан боловсрол, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, үүнийг шалтгааныг танилцуулж, оролцогчдод амжилт хүслээ. 

Монголын Эмнести Интернэшнлийн захирал Д.Алтантуяа хүний эрхэд суурилсан эдийн засгийн бодлогыг дэлхийн улс орнууд баримталж байгаа бөгөөд манай улс алдагдалгүй төсөв батлах, төсвийн тэгш хуваарилалт хийх замаар хүний эрхийг хангаж, хамгаалах шаардлагатай гээд үүнд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, сэдэлжүүлэх зорилгоор дээрх уралдааныг зохион байгуулж байна гэлээ. 

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад судалгаа, дүн шинжилгээ, эх сурвалжийн баталгаатай, баримттай мэдээ, мэдээлэл өгөх зорилгоор хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Zoom аппликэшнээр дамжуулан зохион байгуулах тул оролцогчид Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс пэйж хуудас болон 9902-8438 дугаараас холбогдох мэдээллийг авахыг хүсье. 

Бүтээл, түүний нийтлэгдсэн хэвлэлийн линк, хаягийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл amgalandelkhii@gmail.com цахим шуудангийн хаягаар хүлээн авна. 

Бүтээлээ ирүүлэхдээ цахим шуудангийн гарчиг хэсэгт “Бүтээлийн уралдаанд” гэж  хаяглана уу. 

"Тогтвортой хөгжлийн төлөө" клубийн зохицуулагч Ц.Нандинцэцэг (976-99085578)