МОНГОЛ УЛСАД 5-17 НАСНЫ 138 МЯНГАН ХҮҮХЭД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГААГААС 58 МЯНГА НЬ ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА

Эрэн сурвалжлах

М.ДАВААДУЛАМ

    Хүүхдийг бие бялдар, сэтгэл зүй, бэлгийн дарамтад оруулах, хязгаарлагдмал орон зайнд ажиллуулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан ажиллах болон бэлгийн мөлжлөгт өртөх, хүний наймааны хохирогч болох, албадан хөдөлмөр эрхлүүлэх  зэрэг нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцогддог.Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, тэр дундаа хүнд, аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн насны доод хязгаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулахыг олон нийтэд уриалах нь бидний үүрэг билээ.  Тиймээс энэ байдлыг гаргуулахгүй таслан зогсоох, үл тэвчих зорилгоор жил бүрийн зургагадугаар  сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага ОУХБ, Дэлхий Зөн Монгол олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!”  бодлогын зөвлөгөөнийг 2023 оны 6-р сарын 12-ны өдөр зохион  байгууллаа.Бодлогын зөвлөгөөнөөр Засгийн газрын холбогдох яам, агентлаг, төрийн бусад байгууллага, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт зөвшилцлийн байгууллагууд, төрийн бус болон олон улсын байгууллагууд зэрэг салбар бүрийн төлөөллөөс оролцон хүүхдийн хөдөлмөрийн талаар тулгамдаж буй асуудал бэрхшээл, тодорхой гарц шийдлүүдийн талаар хэлэлцэн зөвлөмж гаргана.  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын 8.7-р зорилтын хүрээнд гишүүн орнууд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах амлалт авсан билээ. Үүнтэй холбогдуулан уг зөвлөгөөнөөр Монгол Улсын хүүхдийн хөдөлмөрийг устгах талаар гаргаж буй ахиц, дэвшлийг Үндэсний Статистикийн ХорооноосҮСХ танилцуулах хүүхдийн хөдөлмөрийн тоон судалгааны мэдээлэл дээр үндэслэн хэлэлцсэн юм.  ҮСХ нь олон улсын хөдөлмөрийн статистикийн шинэчилсэн аргачлалаар хүүхдийн хөдөлмөрийн судалгааг ОУХБ-ын дэмжлэгээр 2021-2022 онд хийсэн бөгөөд уг судалгаагаар Монгол Улсад 5-17 насны 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 58 мянга нь тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна.   Уг арга хэмжээг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксел Никэйз, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Матью Ференс, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Грантын хөрөнгө бүрдүүлэлт, хэрэгжилтийн захирал Г.Энхзул, ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг нар үг хэллээ.  Зөвлөгөөнийг АНУ болон Монгол улсын хооронд байгуулсан "Хүүхэд хамгааллын компакт" түншлэл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны санхүүжилттэй "Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм байна.

Хөдөлмөр эрхэлж байгаа 5-17 насны хүүхдүүдийн 10 хувь нь ХАА, уул уурхай, барилгын салбарт ажиллаж байна.

Хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, ядуурлыг устгах, хүүхдэд өмч мэт хандах хандлагыг өөрчлөх, эмзэг, цочролд өртөмхий байдлыг бууруулах, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сургуулиас хөдөлмөр эрхлэх шилжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах нь гэх зэрэг Хүүхдийн хөдөлмөрийн суурь шалтгаан болсон олон асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын дараанаас хүүхдийн хөдөлмөр эрхлэлт дэлхий нийтэд нэлээд их нэмэгджээ. Манай улсын хувьд 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг бол ядуу өрхийн хүүхдийн хувьд чинээлэг өрхийн хүүхдээс хөдөлмөр эрхлэх магадлал нь ес дахин илүү байна. Түүнчлэн хөдөлмөр эрхэлж буй хөвгүүд нь охидоос хоёр хувиар илүү байна. Ажил олгогчид нь 18-аас доош насны ажилчдыг бүртгэлжүүлэх үүрэг хуулиар хүлээгээгүй тул хүүхдийн хөдөлмөрийн талаар мэдээлэл цуглуулах, хяналт шинжилгээ хийхэд хүндрэлтэй байдаг. Мөн хөдөлмөр эрхэлж байгаагийн 5-17 насны 56 мянга гаруй хүүхдийн  10 хувь  нь ХАА, уул уурхай, барилгын салбарт ажиллаж байна. Монгол Улс хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндсэн конвенциудыг соёрхон баталж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас байхаар тогтоосон. Мөн 13-14 насны хүүхдүүдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрч, хүүхдэд аюултай ажлын жагсаалтыг баталсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа: Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон

-Монгол Улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн. Тодруулбал, насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон. Оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон.

Хүүхдийн аюултай ажил гэж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуун, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх аюултай шинж чанар бүхий (аюултай орчин, тоног төхөөрөмж, салбар, ажил мэргэжил) аливаа ажил, үйл ажиллагаа юм. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар(татан буулгасан)-тай хамтарсан төлөвлөгөө гаргаж хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын хэрэгжилтэд хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн жилийн байдлаар 317 хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон жуулчилж, аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөгөө өгсөн байна. Хүүхдэд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх тал дээр олон нийтийн ойлголт мэдээллийг сайжруулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Хөдөлмөрийн хүрээний суурь эрх зарчмын ахлах мэргэжилтэн Барати Флуг: Ихэнх улс орон олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцод өөрийн хуулиа нийцүүлсэн байдаг

-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь тухайн хүүхдийн нас болон ямар нөхцөл байдалд ажиллаж байгаагаас шалтгаална. Ихэнх улс орон олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцод өөрийн хуулиа нийцүүлсэн байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн талаар ажил олгогч, хүүхэд болон гэр бүлд мэдээлэл өгөх ёстой. Мөн хүүхэд өөрийн эрхээ сайн мэддэг байх шаардлагатай. Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод нэгдсэн бөгөөд 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Үүний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт хүн амын тооноос ихээхэн хамаардаг. Жишээлбэл, Энэтхэг, Индонез зэрэг улс хүн ам ихтэй учраас хүүхдийн хөдөлмөр эрхлэлт их байдаг. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тооноос гадна нийт хүн амд эзлэх хувийн зонхилолтыг авч үзэх хэрэгтэй. Монгол Улсын хувьд хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо бага. Тиймээс бүх оролцогч талууд хамтран ажилласан тохиолдолд хүүхдийн хөдөлмөрийг устгасан анхны орон болох боломжтой гэж харж байна гэлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрхийн хэрэгжилтийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Азжаргал: Хөдөлмөрийн хуулийн  суурь зарчимд, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглоно гэж зааж өгсөн нь маш том эрхзүйн зохицуулалт болсон

-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт дэлхий нийтэд Ковид-19 цар тахлын дараа сүүлийн 20 жилд нэмэгдээгүйгээр огцом нэмэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 15-аас дээш насны хүүхдийн хөдөлмөр эрхлэхийг тодорхой хэмжээгээр зөвшөөрсөн. Эрхзүйн орчноос илүү ААН, олон нийтэд сурталчлан таниулах ажил нэн чухал болоод байна. Хүүхэд зөвшөөрөгдсөн хөдөлмөр буюу хүүхдийн амь нас, аюулгүй байдалд хор хөнөөлтэй бус, тухайн хүүхэд өдөрт хоёр цаг ажиллана гэсэн бол тэр л цагтаа ажилладаг гэх мэтчлэн эрхэлж болох ажлыг хийнэ. Энэ нь өөрөө цаашдаа ажил мэргэжлийн дадал олгох зорилгоор эрхэлж болно. Харин тэвчишгүй хөдөлмөр буюу аюултай, тухайн ажлын нөхцөл нь хүүхдийн амь нас, аюулгүй байдалд хор учруулахуйц, сурч боловсрох эрхийг нь хөсөрдүүлсэн, эдийн засгийн ямар нэг дарамт шахамт, албадан хөдөлмөрийн шинжтэй байвал хориглодог. Насанд хүрээгүй хүний ажил байдлын жагсаалт  гэдэг маань 11 салбарын ажил үйлчилгээг хүүхэд эрхэлж болохгүй гэж хориглосон байгаа. Энэ салбаруудад хүүхэд ажил хийж байвал шууд хориглох төдийгүй ААН-ид  тохирсон хариуцлага хүлээлгэнэ. Хөдөлмөрийн хуулийн  суурь зарчимд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглоно гэж зааж өгсөн нь маш том эрхзүйн зохицуулалт болсон. Мөн насанд хүрээгүй ажилтан гэж хэнийг хэлэх вэ гэдгийг хуульчилж өгсөн  төдийгүй 15-аас дээш настай хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийг тодорхой зохицуулалттай болсон нь маш том үр дүн юм.