Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны төв байгууллага буюу яамдад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих, хянан шалгах чиглэлээр ажилласан ажлын тайланг хэлэлцэж, тайланг Улсын Их Хуралд хүргүүллээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг дараах гурван чиглэлээр 16 яаманд ажиллаж, тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн бөгөөд яам тус бүрд зөрчил арилгах зөвлөмж, хугацаатай үүрэг өгөв.
- Яам, агентлагууд чиг үүргийн шинжилгээнд үндэслэж бүтцийн өөрчлөлт хийсэн эсэх, бүтэц, чиг үүрэг, ажлын давхардал, хийдэл байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагууд нь хуульд нийцсэн эсэх зэрэг хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх.
- Бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хууль бусаар чөлөөлөх, томилох, түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах асуудлыг хянан шалгаж, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих.
- Яам, агентлагийн дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах.
Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын хүрээнд нийт 16 яамны 1883 төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулснаас Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон 168 иргэн, албан хаагч байв. Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрүүдийг ангилж үзвэл,
- төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй 12 албан хаагч,
- төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй 128 албан хаагч,
- албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага /мэргэжил, туршлага/ хангахгүй 9 албан хаагч,
- хууль, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам зөрчиж томилогдсон 8 албан хаагч,
- төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам зөрчсөн 11 албан хаагч тус тус ажиллаж байв.
Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг хяналт, шалгалт, зөвлөн туслах ажил хийснээс хойших хугацаанд яамд хүний нөөцийн удирдлагын шийдвэр гаргаж, шинээр томилгоо хийсэн мэдээллийг нэр бүхий албан хаагч, иргэдээс ирүүлсний дагуу дахин гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийхэд нийт 16 яамны хэмжээнд төрийн жинхэнэ албан тушаалд иргэн, албан хаагчийг томилсон 71 шийдвэр гаргаснаас 22 шийдвэр нь Төрийн албаны хууль тогтоомж зөрчсөн байна.
Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлаа 2025 онд хяналтын цахим системд тулгуурлан шинэ түвшинд хүргэхээр ажиллаж байна.
0 Сэтгэгдэл