Александр ШУСТОВ
ОХУ-аас Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш орос иргэд гадаад улс руу дүрвэн цагаачлах нь эрс нэмэгдсэн. Энэ үйл явц одоо дуусаагүй болохоор цаашид хэдий болж нэмэгдэх нь тодорхойгүй. Энэ 2022 оны орос иргэдийг гадаадад гарах урсгалыг хоёр давалгаа гэж хувааж болно. Эхнийх нь цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн хоёрдугаар сарын 24-нөөс эхэлж гуравдугаар сар гэхэд оргилдоо хүрсэн бол хоёр дахь давалгаа нь есдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр эхэлсэн. Энэ 2022 оны хоёрдугаар сарын 22-ноос хойш хэчнээн хүн Оросыг орхин гарсан талаар тодорхойгүй, энэ нь хэд хэдэн шалтгаантай. Эх сурвалжууд өөр өөр тоо хэлдэг.
Хөршүүдийн мэдээлэл
Цагаачлал гэдэг хоёр талын үйл явц болохоор гарч байгаа, орж байгаа гэсэн хоёр эх сурвалжтай болохоор эндээс л жинхэнэ тоо гарах ёстой. Гэхдээ ОХУыг орхин гарснаас хэд нь эргэж ирсэн бэ гэдэг бас бүрхэг. Нөгөө талаар нэг зорчигч хил давж гарчхаад эргэж ирээд дахиад хэд хэдэн удаа хилээр гарч явсан байж болно. Гэхдээ гарах бүрийдээ хил дээр бүртгүүлж, очиж байгаа улс орондоо орох бүрийдээ бүртгүүлж л байгаа. “Дайны эсрэг” бөөнөөрөө цагаачлан гарах нь өнөөгийн оросын хувьд ер бусын үзэгдэл гэж болно.
Эх орноо орхигчдын дийлэнхийн сонгож байгаа улс нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд байна. Зөвлөлт холбоот улс задарсны дараах 30 жилд, ялангуяа сүүлийн 10 жилд уг нь холбооны байсан энэ орнуудын иргэд Орост цагаачлах нь дийлэнх байсан. ОХУ-ын Статистикийн газрын мэдээллээр бол энэ оны нэгээс долдугаар сард 454,9 мянган хүн Оросоос гарч явсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2,5 дахин их гэнэ. Өнгөрсөн оны энэ үед 209.4 мянган хүн л гарч явж байжээ. Эдний 86.2 мянга нь Украин руу явсан бол Тажикстан руу 64.9 мянга, Армян руу 52.6 мянга, Казахстанд 44.8, Киргиз рүү 47, Узбекстан руу 42.1 мянган хүн цагаачлан явжээ. Гэхдээ яг бүр цагаачлан явсан хүний тоогоор 16.5 мянга гэж Армян тэргүүлж байгаа бол Украин руу 15, Киргиз рүү 14.5, Узбекстан руу 12.9, Казахстан руу 9.4 мянган хүн явсан гэсэн мэдээлэл байна. Бас Хятад руу 7.3, Вьетнам руу 5.8, Энэтхэгт 4.3, Гүрж рүү 4,2 мянган хүн цагаачлахаар явсан гэжээ.
Харин wikipedia тольд болохоор Оросын арми Украинд довтолсны дараах орос иргэдийн цагаачлал нь Зөвлөлт холбоот улс задарсны дараах хамгийн том давалгаа болсон гэжээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай гээд, идэвхтнүүд, улстөрч, сэтгүүлчдийн улс төрийн талаар мөрдөн хавчиж байгаагаас засаг төрийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө талаар Орост эдийн засаг, хүмүүнлэгийн нөхцөл байдал муудаж байгааг мэдрээд дайны нөхцөлд өөрсдийн аюулгүй байдлын төлөө өөр улс орон руу цагаачилсан гэсэн байна. Өмнө дурдсанчлан цагаачлан гарч явсан хүний тоо янз бүр байгаа ч наймдугаар сарын дунд гэхэд л энэ тоог 150-800 мянга гэж байна. Цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт гэхэд л Оросоос 188 мянган хүн, гарч явсан бол ес хоногийн дотор 200 мянган хүн гарч явсан гэжээ. Казахстан руу 98, Гүрж рүү 53, Европын холбооны улсууд руу 66 мянга орчим хүнч цагаачлан гарсан гэсэн байна. Цагаачдын өөр урсгалууд нвь Армян, Азербайжан, Киргиз, Монгол, Турк улс болж байна. Санал асуулгаас үзэхэд Оросыг орхигчид нь үндсэндээ боловсролтой, хөрөнгө мөнгөтэй залуучууд байгаа юм. Оросын Статистикийн алба болохоор энэ оны эхний зургаан сард 96.7 мянган хүн л эх орноо орхин гарч явсан гэж байгаа нь бодит тооноос хамаагүй цөөн байгаа юм гэж wikipedia тольд бичжээ. Казахстаны засгийн газрын мэдээллээр бол энэ оны эхнээс оросын 1,64 сая иргэн орж ирсэн гэж elitetrader. ru хэвлэлд бичсэн байна. Гүржид гэхэд л зөвхөн цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа 200 мянган орос хүн орж ирсэн гэжээ. Цагаачлалын ерөнхий тойм дүн гаргахад Холбооны аюулгүй байдлын Хилийн албаны мэдээллийг ашиглаж болно. Энэ мэдээллээр бол 2022 оны эхний хагас жилд Оросын хилээр 8,5 мянган хүн гарч явсан нь өмнөх 2021 оны / 6.8 сая / дүнгээс бараг дөрөвний нэг хувиар илүү байна. Гэхдээ энэ өсөлт зөвхөн “дайны эсрэг” цагаачлал биш гэдэг нь тодорхой. Энд коронавирусын цар тахлын хөл хорио ч нөлөөлсөн. Ихэнх улс орнууд энэ оны эхнээс хөл хорио, хязгаарлалтаа цуцалснаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Коронавирусын цар тахал эхлэхээс өмнө 2019 оны эхний улиралд гэхэд л оросоос 21,2 сая хүн гадагшаа гарч байсан юм шүү дээ. Мэдээж ихэнх нь аялал жуулчлалын журмаар. thebell.io хэвлэлд болохоор Орост энэ есдүгээр сард цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараагаар 700 мянгаас нэг сая хүртэл хүн Оросыг орхин гарсан гэж бичсэн байна. Энэ бүхнээс үүдээд цагаачлалын бодлогоо Орос эргэн харахад хүрч байна. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл аравдугаар сарын 19-нд хуралдаж энэ талаар шийдвэр гаргажээ. Энд цэргийн хэсэгчилсэн дайчилгаанаас зугтаж, ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудад гарсан иргэд нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт эргэн ирнэ гэж найдахын зэрэгцээ цагаачлалын хяналтыг чангатгах арга эрэлхийлсэн байна. Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Николай Патрушев оны эцэс гэхэд Цагаачлалын бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулна гэж мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч цагаачлалтай холбоотой сэдэв нь “Үндэсний аюулгүй байдал, Оросын хөгжлийн болон манай нийгмийн тогтвортой байдалд хамаатай маш эмзэг асуудал” гэсэн байна.
Оросоос зугтагсад юу ярьж байна
Эхнэр гурван хүүхэдтэйгээ Казахстан руу гарч явсан 42 настай, зугаа цэнгээний салбарт ажилладаг нэгэн эр Finam.ru хэвлэлд ярихдаа армид алба хаагаагүй, бэлтгэл дайчин ч биш гэхдээ л дайчлагдахаас эмээж байна гэж ярьжээ. Өөр бас хуулийн фирмд ажиллаж байсан 25 настай Михаил гэгч Казахстанд оросын иргэдийг нас, бүс нутаг, яс үндэснээс нь хамаараад өөр өөрөө харьцдаг гэсэн байна. Оросын Арзамас хотын уугуул Сербид нөхөр хүүхдүүдтэйгээ очоод байгаа Ксения Андронова Оросоос аль эрт явж болох байсан ч сүүлийн мөч хүртэл төрсөн хотдоо амьдрах нь таатай байснаас байгаад л байсан. Хамгийн анх л Крымыг Орост нэгтгэсний дараа эндээс явъя гэсэн санаа төрсөн. Бүр 2018 онд нөхөрт минь Англид ажиллах санал ирсэн ч бид удаан бодоод татгалзсан.
Гэтэл 2020 онд сөрөг хүчний төлөөлөл Навальныйг хордуулж комд оруулсан, Беолорусст эсэргүүцлийн хөдөлгөөн болж ер нь үйл явдал түгшүүртэй болж байгаа нь мэдрэгдсэн. Явъя гэж байтал коронавирусын халдвар эхэлж саатахад хүрсэн. Ингэж байтал 2022 оны хоёрдугаар сарын 24 болж дайн эхэлсэн. Бид айдаст автаж ямра ч гэсэн маш хурдан хаа нэг тийшээ нисье гэж шийдсэн л дээ. Ингээд л найзууд маань Серби рүү Pfizer вакцин руу явах гэж байсантай хамтраад ийшээ ирсэн. Гурвуулаа ердөө ганц чемодантай л гарсан. Зуны хувцаснуудаа ч аваагүй. Орост үлдсэн эцэг эхдээ л санаа зовж байна гэж ярьжээ. Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг эсэргүүцэж ОХУ-ыг орхин гарагсдын дотор оросын нэр алдартай олон хүн байгаагийн дотор нэр хүндтэй бизнесмэнүүд ч цөөнгүй байна.
“Газпромбанк”-ны дэд ерөнхийлөгч Игорь Волобуев газар нутгаа хамгаалахаар Украин руу явж байгаагаа хэлээд “Миний явж байгаа нь наманчлал л гэсэн үг, би Оросыг өнгөрсөн үеэсээ салаасай гэж хүсч байна” гэжээ. “Тинькофф” банкны эзэмшигч Олег Тиньков оросын цэргийн тусгай ажиллагааг хурцаар шүүмжлээд, Өрнөдийг Путины тухай сайтар сургах арга олох тухай бодох хэрэгтэй хэмээн гадаадад байхдаа англиар бичиж байжээ. «Альфа-Групп» болон LetterOne компаний хамтран эзэмшигч тэрбумтан Михаил Фридман “Би оросуудтай ч украинчуудтай ч нягт холбоотой ажилладаг. Миний бодлоор бол өнөөгийн энэ сөргөлдөөн нь аль ч ард түмний хувьд эмгэнэл. Цус урсгасан дайныг дуусгахын төлөө байгаа хэнтэй ч болов нэгдэнэ” гэж бичиж байна. “Северстали”-ийн хамтран эзэмшигч Алексей Мордашов бас Украинд болж байгаа зүйл явдлыг “ах дүү хоёр ард түмний эмгэнэл” гэж нэрлээд “цус урсгахыг зогсоох”-ын тулд шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй гэжээ. “En+”-ийг үндэслэгч Олег Дерипаска ч мөн хэлэлцээрийг аль болох хурдан эхлэх хэрэгтэй гэж байна.
3 Сэтгэгдэл
cost lipitor 20mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg without prescription</a> order lipitor 20mg online
tadalafil 5mg cost <a href="https://ordergnonline.com/">cialis online</a> buy ed pills canada
Online poker