ЧЕХ УЛС СЛОВАКТАЙ ХИЛИЙН ХЯНАЛТАА ТҮР СЭРГЭЭВ

Дэлхийн мэдээ

Сүүлийн үест Ойрх Дорнодын орнуудаас ирж байгаа хууль бус цагаачид словакийн зүгээс Чехийн нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрэх оролдлого эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс Словактай хиллэдэг хилийнхээ хяналтыг түр хугацаагаар сэргээж байгаагаа Чехийн Ерөнхий сайд Петр Фиала даваа гарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгджээ.

“Хууль бус дүрвэгсэдтэй холбоотой эрсдэлийг даван туулахын тулд бид Словактай хиллэдэг хил дээрх хяналтаа түр  сэргээх  шийдвэр гаргаж байна” гэж Фиала хэлсэн байна. Хилийн хяналтаа  пүрэв гаргийн 00:00 цагаас сэргээх шийдвэр гаргажээ. “Энэ шийдвэр хэдий хугацаанд  хэрэгжих шаардлагатай байна, төдий хугацаагаар л хүчинтэй байна” гэж Засгийн газрын тэргүүн хэлжээ.

Чех улс бол  хууль бус дүрвэгсдийн Баруун Европ руу нэвтрэхийн тулд дамжин өнгөрдөг гол улс. Сүүлийн үед Ойрх Дорнодын орнуудаас ирсэн дүрвэгсэд  бүлэг бүлгээрээ Словакаас Чех рүү нэвтрэх гэж байгаад саатуулагдсан тохиолдол бараг өдөр бүр гарч байгаа юм. Хууль бус дүрвэгсдийн 90 орчим хувь нь Сирийн иргэд байгаа юм байна.