“БЭЛТЭС МӨРӨН” ХХК 2549 ИРГЭНД 45.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ТОГТООГДСОН

Эрэн сурвалжлах

 Мөрдөн байцаах албанаас "Бэлтэс мөрөн" ХХК холбоотой хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь " Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” гэх нэрээр тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгон, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилах замаар сүүлийн харилцагчийн мөнгийг эхний харилцагчид өсгөн өгч олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй асуудлаар “Бэлтэс Мөрөн” ХХК -ийг шалгаж эхэлсэн.

Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад их хэмжээний хохирол учруулсан, олон тооны иргэн хохирсон байсан гэсэн дүгнэлт хийж, энэ хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан. ЦЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэгт МБА-наас 20 гаруй мөрдөн байцаагч, орон нутгаас 20 орчим нийт 40 гаруй мөрдөн байцаагч орж, шалгалт явуулсан. Мөрдөн шалгах үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажилласан. Ажлын хэсгээс орон нутаг, сумуудад иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр газар дээр нь  очиж нэхэмжлэгч, хариуцагчийг асууж, тайлбар мэдүүлэг авсан. Аудитын дүгнэлт гаргуулж, хэргийг богино хугацаанд дуусгаж, прокурор, шүүхийн шатанд шийдвэрлүүлэхээр ажилласан." гэв.

"“Бэлтэс мөрөн" ХХК захирал гэх хүмүүсийн нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг  хураан авсан"

Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Төгс-Ухаан " Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж “Бэлтэс мөрөн" ХХК, Баяннөрөөт ХХК-д холбогдох” хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Шалгалтаар “Бэлтэс мөрөн” ХХК 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна. Үүнээс мөнгө өсгөж авсан 1600 иргэнийг  иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авахад 12.1 тэрбум төгрөгийг буцаан авах нь шалгалтаар тогтоогдсон.

“Бэлтэс мөрөн" ХХК ажилчин болон захирал гэх хүмүүсийн нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан. 

Ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хэргийг шуурхай шалган дуусгаж, 10-р сардаа багтаан шүүхэд шилжүүлэх саналтай хэргийг шийдвэрлэхээр ажиллаж байна." гэв.