БЭЭЖИНД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТАЙВАН БАЙНА ГЭЖ РИА НОВОСТИН СУРВАЛЖЛАГЧ МЭДЭЭЛЛЭЭ

Дэлхийн мэдээ

БНХАУ-ын нийслэл Бээжинд нөхцөл байдал тайван, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан ямар нэг байдал харагдахгүй байна хэмээн оросын РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлж байна. Есдүгээр сарын 24-ний өглөө гэхэд Хятадад төрийн эргэлт болж засгийн эрх цэргийнхэнд шилжсэн гэх ямар ч баталгаа, мэдээлэл алга гэж энд дурджээ.

Хятадын нийслэлийн иргэд аравдугаар сарын 1-нээс эхлэх “Алтан долоо хоног” буюу БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулах долоо хоногийн амралтдаа бэлтгэцгээж байгаа юм байна. Нийслэлийн төв Тяньаньмэний талбайд жил бүр тус орны мянга мянган жуулчдын ирж үздэг “Цэцэг жимстэй сагс” гэдэг цэцгийн зохиомжийг хэдийнээ байгуулжээ. Баярын өргөн арга хэмжээ, парад болохгүй ч есдүгээр сарын 30-нд Тяньаньмэний талбайд хувьсгалт тэмцэл, үндэсний баатруудын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болж улс орон, коммунист намын удирдлагууд оролцох юм байна.

Бээжин болон бусад хотуудад орж гарах хөдөлгөөн ямар ч асуудалгүй, нисэх онгоц галт тэрэгний тасалбар аль ч чиглэлийнх хэвийн олдож байгаа ч амралтын үеэр орон нутаг руу аялах хүн олон байгаа болохоор маш хурдан борлогдож үнэ нь ялимгүй өссөн гэнэ. Телевиз, мэдээллийн агентлагууд хэвийн ажиллаж байгаа гэнэ.

Гэхдээ Бээжингийн нисэх буудал зургаан мянган нислэгээ зогсоосон гэсэн мэдээлэл түгээд байгаа. Үнэн хэрэгтээ  Шоуду нисэх буудал 491, Дасин буудал 430 нислэгээ л өөрчилжээ. Хятадад  цар тахлын дэгдэлт, цаг агаар зэргээс болж нислэг хойшлуулж өөрчлөх явдал түгээмэл. Харин галт тэрэгний хуваарь өөрчлөгдсөн мэдээлэл байхгүй байна.