ОЮУТНУУДЫГ ДАЙЧЛАХЫГ ХОЙШЛУУЛАХ ЗАРЛИГТ ПУТИН ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өдрийн ангийн болон эчнээгээр суралцаж байгаа оюутнуудыг цэргийн албаны хэсэгчилсэн дайчилгаанаас  чөлөөлөх зарлигт гарын үсэг зурсныг Кремлийн албан ёсны сайтад нийтэлсэн байна.

“Өдрийн ангид болон эчнээгээр  дээд, дунд боловсролын сургалтын хөтөлбөрөөр  төрийн мэдлийн сургалтын байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагуудад суралцаж байгаа оюутнуудыг цэргийн албанд татах хэсэгчилсэн дайчилгаанаас хойшлуулсугай” гэж энэ баримт бичигт дурджээ.

Оросын Ерөнхийлөгч цэргийн албанд татах хэсэгчилсэн дайчилгааг есдүгээр сарын 21-нд зарласан. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр бол дайчилгаагаар татагдсан энэ дайчид Украины нутаг дахь чөлөөлөгдсөн газар нутгийг хамгаалах, фронтын мянга орчим км шугамыг хянахад дэмжлэг үзүүлэх юм байна.

Цэргийн албанд татах хуулийн энэ дайчилгаагаар 35 хүртэлх насны байлдагч, түрүүч нар, 50 хүртэлх насны бага дунд офицер, 55 хүртэлх насны ахлах офицерыг татна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабын дайчилгаа зохион байгуулах газар мэдээлжээ. Ийм байдлаар нийтдээ нөөцөд байгаа 300 мянган хүнийг дайчилгаагаар татах юм байна.