ОРОСУУД УКРАИНД БАЙЛДААНЫ 55 ОНГОЦОО АЛДЖЭЭ

Дэлхийн мэдээ

ОХУ-ын зүгээс Украинд цэргийн тусгай ажиллагаа нэрээр бүрэн хэмжээний дайн өдүүлснээс хойш украины агаарын довтолгооноос  эсэргүүцэн хамгаалах хүчин оросын байлдааны 55 онгоцыг сөнөөгөөд байна гэж АНУ-ын цэргийн нисэх хүчний командлагч Жеймс Хекер мэдээлсэн байна. Вашингтонд болсон Нисэх хүчин, сансар, кибер аюулгүй байдлын бага хурал дээр Хекер Оросууд уг нь украины агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг сайн мэддэг байсан, гэхдээ хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн довтолгооныхоо эхнээс л хамгаалалтын эдгээр хэрэгсэл, ялангуяа “газар-агаар” ангиллын пуужингуудыг нь устгаж чадаагүй юм гэжээ.

Дайн эхлээд хагас жил өнгөрч байхад оросын байлдааны онгоцууд тун цөөхөн удаа украины газар нутагт гүн цөмөрч байгаа болохоор үүний оронд оросууд алсын тусгалтай пуужин л харваж байгаа юм байна. “Украины пуужин байгаа байрлалд цохилт өгөхөөр сөнөөгч онгоцуудаа илгээж байгаа ч үүнийг нь украинчууд сөнөөчхөөд байгаа юм. Ингээд дайн эхэлснээс хойш украинчууд оросын байлдааны 55 онгоцыг сөнөөсөн байна” гэж Хекерийн хэлснийг CNN иш татсан байна.

Дайны эхнээс Орос байлдааны 55 онгоцоо алдсаны дөрвийг нь л гэхэд сүүлийн 10 хоногт устгуулсан гэж Их Британийн Батлан хамгалаах яам бас даваа гарагт мэдээлсэн юм. Сүүлийн хоногуудад оросууд сөнөөгч онгоцуудаа ингэж их эрсдэлд оруулж байгаа нь украины зэвсэгт хүчний сөрөг давшилтын үеэр нисэх хүчин нь  газрын хүчнээ ойроос дэмжихийг оролдож байгаатай холбоотой байж мэднэ. Нөгөө талаар фронтын шугам маш хурдан өөрчлөгдөж байгаа болохоор оросын нисгэгчид алдаа гарган украины агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсэд маш хурдан орж байгаа ч байж болох юм гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Оросууд агаарт давамгайлж  чадахгүй байгаа нь Украин дахь оросын тусгай ажиллагаа амжилтгүй байгаагийн гол хүчин зүйл болж байна гэж британийн цэргийн шинжээчид үзэж байна.