“XXI ЗУУНД ҮҮНИЙГ ТӨСӨӨЛӨХ АРГАГҮЙ”. ОРОСЫГ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ТАТЪЯ

Дэлхийн мэдээ

Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулах  явцдаа цэргийн гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө ОХУ-ыг олон улсын шүүхэд дуудаж мөрдөн шалгах хэрэгтэй гэж Европын холбоог өнөөдөр даргалж байгаа Чех улс уриаллаа. Украины зэвсэгт хүчин Харьков мужийн Изюм хотыг оросын түрэмгийлэгчдээс чөлөөлсний дараа тэндээс тамлуулж, амь үрэгдсэн хэдэн зуун  хүний цогцос олдсоны дараа Чех улс ийн уриалсан байна. Энэ бол цэргийн гэмт хэрэг гэж украины эрх баригчид мэдэгдээд байгаа юм.

“Энгийн номхон ард иргэд рүү ингэж халдсан нь  үнэхээр төсөөлөх аргагүй, жигшүүртэй үйлдэл. Цэргийн бүх гэмт хэрэгтнийг олж шийтгэхийг бид хүлээж байна” гэж Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавский хэлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа  нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Нюрнбергийн шүүх хурал шиг шүүх байгуулъя гэж Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун,  Жон Мейжор нар, бусад улстөрчид, эрдэмтэд, хуульчид   бүр гуравдугаар сард уриалж байсан юм.

Саяхан Украины зэвсэгт хүчний оросуудаас чөлөөлсөн Изюм хотын орчмоос хэдэн зуун хүнийг бөөнөөр оршуулсан газар олж украины ослын албаныхан цогцосуудыг гарган авах, шинжлэх ажил хийж байгаа юм. Энд 445 шарил байгаагийн дотор эмэгтэйчүүд, хүүхдийн цогцос  ч байгаа юм байна.

Украины Харьков мужийн прокурор Александр Ильенков “Эхний нүхнээс хүзүүндээ олстой, тамлуулсан ул мөр бүхий  эмэгтэй хүний  цогцос олсон.  Тамлуулж амиа алдсан цогцсуудаас гадна оросын их буу, нисэх хүчний бөмбөгдөлтөд амь үрэгдсэн иргэдийн шарил ч байна” гэжээ. Нэг  нүхнээс  гарыг нь ард нь хүлсэн 20 цэргийн шарил гарсны нэгийг нь дүүжилсэн байжээ.