ӨГЛӨӨ БҮР ХАТАН ХААНЫГ СЭРЭЭДЭГ БАЙСАН БИШГҮҮРЧИН ОРШУУЛГА ДЭЭР НЬ СҮҮЛЧИЙН УДАА АЯ ТОГЛОЖЭЭ

Дэлхийн мэдээ

Даваа гарагт Хатан хаан Хоёрдугаар Элизабетын оршуулгын ёслолын үеэр Шотландын уламжлалт хөгжмийн зэмсэг уутан бишгүүрээр эмгэнэлийн ая тоглуулсан билээ.

Ордны бишгүүрчин өглөө бүр хатан хааныг 15 минутын турш ая тоглон сэрээдэг уламжлалтай байжээ.

Эрхэм дээдсийн хувийн сэрүүлгийн үүрэг гүйцэтгэдэг энэ албан тушаалыг “Piper to the Sovereign” гэж албан ёсоор нэрлэдэг ба Викториа хатан хааны үед 1843 онд бий болсон юм байна.

Өчигдөр ордны бишгүүрчин талийгаач хатан хааны гэрээслэлийн дагуу “Sleep, Dearie, Sleep” аяыг оршуулгын ёслолын үеэр тогложээ.

2015-2019 оны хооронд хатан хааны 15 дах бишгүүрчнээр ажиллаж байсан Скотт Метвен өнгөрсөн долоо хоногт BBC сувагт ярилцлага өгсөн юм. Энэ үеэр тэр хатан хааны хүнлэг чанарын талаар, гэр бүлийнх нь хүн нас бараад байх үед хэрхэн чөлөө олгож байсан тухай дурсан ярьжээ.

“Хэрвээ өглөө бишгүүр дуугарахгүй бол би чамайг байхгүй байна гэж ойлгоно. Гэр бүл хамгийн чухал учир асуудал гарвал хэнээс ч асуулгүй явж бай. Хэрвээ хэн нэг нь яагаад явсныг чамаас асуувал намайг зөвшөөрсөн гээд хэлчих” хэмээн хатан хаан хэлж байсныг Метвен энэ үеэр ярьсан байна.