Цагтаа ард түмний хайртай хүү, баяр баясал нь болж явсан олимпийн аварга Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр/2022.06.08/ болно. Тэрбээр оюутан цагаасаа нөхөрлөж, өвөр түрийдээ орж явсан өөрийн сайн найз улсын начин Э.Энхбатыг согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь болон бусад эд эрхтэнд нь хүнд гэмтэл учруулан үүний улмаас манлай начин таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. Тэр цаг үеэс Н.Түвшинбаярыг нийгмээрээ жигшин зэвүүцэж, ял оноох нь зүйтэй гэж үзэж буй.
Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан шүүх бүрэлдэхүүн татгалзсанаар өнгөрсөн сард тодорхойгүй хугацаанд хойшилсон. Тодруулбал,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болсон боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн юм. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлээд буй.
Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэсэн билээ. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болсон байна.
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдааныг хаалттай явуулах болсон асуудлаар тайлбар өгөхдөө "Хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авсан. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Нэр бүхий 10 гэрчийг дахин оролцуулна" гэсэн юм. Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
- 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.
1 Сэтгэгдэл
cialis order <a href="https://ordergnonline.com/">cialis 10mg sale</a> ed pills for sale