Цалингаа бүтэн авах гэтэл....

Эрэн сурвалжлах
 
Иргэд эргэлзэж, төөрөлдсөөр зургаан сарын хугацаанд элдэв татвар, шимтгэлгүйгээр цалингаа бүтнээр нь авах нь гэсэн ойлголттой болоод долоо хонож байна Гэтэл бас ч яг бүтнээр авахгүй ажээ.

Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэг хүн төлөхгүй. 1. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, 2. Төрийн бус байгууллага, 3. Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, 4. Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.” гэж мэдэгдсэн. Товчхондоо цалингаа бүтнээр нь гар дээрээ авах нь гэж баярласан. 

Гэтэл сарын сүүлч болж дээрх "баярын мишээл"-д асуудал үүссэн. Учир нь аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн албад ЭМД-ын шимтгэл төлөх ёстойг нь ажилтнууддаа анхааруулж эхэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй өдгөө Нийгмийн даатгалын хэлтсүүдэд чухам яг, ямар тушаал шийдвэр гарсан нь тодорхойгүй буюу чиглэл нь албажиж хүргэгдээгүйн дээр Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хувь хүн 2 хувь, байгууллага, аж ахуйн нэгж 2 хувь, нийт 4 хувиа төлөх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа аж. Үндсэндээ иргэдээс ЭМД-ын шимтгэл авахгүй гэдэг асуудлыг нь ЭМДЕГ-ынхан хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг.  

Мэдээж эрүүл мэндийн салбар хүндхэн байдаг манай улсад ЭМД-ын шимтгэл авах нь зүйн хэрэг. Тэгээд ч улс НДШ-ийг нь хөнгөлж өгч байхад ЭМД-ын 2-хон хувийг төлөх нь иргэдэд ачаалал болохгүй. Нийгмийн хариуцлагаа бодсон ч ААН-үүд ч төлчихнө. Асуудалгүй. Гэхдээ энд нэг зүйл орхигдох гээд байгаад л учир нь байна. Иргэд, ААН-үүдийн төлсөн ЭМД-ын шимтгэлийг “Чингис хаан” банканд байршуулж, тус сангийн дарга, удирдлагууд дундаас нь ашиг хүртэж явсан нь саяхан ил болсон шүү дээ. Тодруулбал, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулж, улмаар үүнийхээ хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон байдаг. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгсөн, авсан гэм буруутайд тооцсон ба "Чингис хаан" банкинд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.  Мөн тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн төрд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 30 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Товчхондоо, ЭМД-ын сангийн байх ёстой хөрөнгөөр дарга, албан тушаалтнууд нь мөнгө босгож, ашиг олж байхад иргэд яагаад “хонины морь” шиг дуугүйхэн явах ёстой гэж. Иргэдээс авах ёстой шимтгэлийн төлөө эсэргүүцэл илэрхийлж байхын оронд дарга нарынхаа зувчуулсан хөрөнгийн учрыг эхлээд олсон нь дээр байлтай. Тэр цагт монголчууд нийгмийн хариуцлагын хүрээнд ЭМД-ын шимтгэлээ төлөхөд санааширч, харамсахгүй байлгүй. Иргэдийн төлсөн шимтгэлээр дарга нар нь ашиг олохыг хэн ч зөвшөөрөхгүй.