Монголд анх Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгааг хийжээ

Нийгэм, Эдийн засаг

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд нийгмийн үе, үе хоорондын ялгаа нь зөвхөн нийгмийн салбарын бус бүх шинжлэх ухаанд хамаарахуйц өргөн цар хүрээг хамарсан судлагдахуун болоод байна. Гэвч, Монгол улсын хувьд Монголын нийгмийн үеийг тодорхойлсон албан ёсны судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд одоог хүртэл хийгдээгүй байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Судалгаа, зөвлөх үйлчилгээний СИКА(SICA) болон Санхүүгийн Зах Зээлийн Холбоо хамтран Монгол улсад анх удаа МОНГОЛЫН НИЙГМИЙН ҮЕИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА-г хийж гүйцэтгэсэн байна.

Уг судалгааны үр дүнд үндэслэн Монгол улсын нийгмийн үеийг дараах байдлаар ангилжээ. Үүнд:

  1. СОЦИАЛИСТ ҮЕИЙНХЭН /1964 оныг хүртэл/

Социалист үеийнхэнд 1964 оноос өмнө төрсөн 56-аас дээш насныхан(2020 оны байдлаар) багтана. Социалист үеийнхэн бол хуучинсаг үзэлтэй, капиталист-ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч үзэл бодлын хувьд хэвшмэл социалист хэв маягтай. Зан чанарын хувьд шударга ёсны мэдрэмж өндөртэй. Төр, нам, институцэд итгэх итгэл өндөртэй. Улс орны ирээдүй сайн сайхан болно гэсэн итгэлтэй.

  1. ЗАВСРЫН ҮЕИЙНХЭН /1965-1982 оны хооронд/

Завсрын үеийнхэнд 1965-1982 онд төрсөн 38-55 насныхан(2020 оны байдлаар) багтана. Завсрын үеийнхэнд Социалист үеийнхэн маш хүчтэй нөлөөлөл үзүүлсэн учраас үзэл бодлын хувьд либерал чиг баримжаа сул. Гэвч капитализмийн үр шимийг хамгийн ихээр хүртэж яваа, хэрэглээ өндөртэй үе юм. Энэ үеийнхэнд глобал үзэл бодлууд хараахан төлөвшиж амжаагүй.

  1. ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙНХЭН /1983-1994 оны хооронд/

Шилжилтийн үеийнхэнд 1983-1994 онд төрсөн 26-37 насныхан(2020 оны байдлаар)  багтана. Шилжилтийн үеийнхэн Социалист ба Завсрын үеийнхэнтэй харьцуулахад Шинэ үеийнхэнтэй илүү төстэй бөгөөд нэг бүлэгт хамаарах боломжтой. Үзэл бодлын хувьд ардчилсан, капиталист чиг баримжаа илүү хүчтэй суусан. Шинэ үеийг бодвол илүү прагматик, ирээдүйд итгэх итгэл нь илүү хүчтэй. Шилжилтийн үеийнхний дийлэнх нь Шинэ үетэй адилаар интернет, сошиал медиа орчноос мэдээллээ авч байна. Энэ үеийнхэн бусад үетэй харьцуулахад илүү оппортунист хандлагатай байна.

  1. ШИНЭ ҮЕИЙНХЭН /1995 оноос хойш/

Шинэ үеийнхэн 1995 оноос хойш төрсөн буюу 25-аас доош насныхан(2020 оны байдлаар)   юм. Шинэ үеийнхэн бол хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй, институцэд биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад хамгийн их дижитал, сошиал хэрэглээтэй байна. Тэд бусад үеүдтэй харьцуулахад үзэл бодлын хувьд илүү баруунжсан, глобалчлагдсан байна.

Өнөөдөр Монголын бизнесийн байгууллагууд барууны Baby Boomer, X, Y, Z үеийг шууд хуулбарлан авч, ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, биднээс огт өөр замаар явж ирсэн улсын иргэдэд хамаарах үеийг ашиглаж байна гэсэн үг. Жишээ нь: Америк улсын Baby Boomer үеийнхний үзэл бодол, хандлага Социалист нийгмийн үетэй ямар ч холбоо хамааралгүй юм.

АНУ болон Монголчуудын глобал асуудалд хандах хандлагын ялгаатай байдлыг ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрч буй эсэх дээр авч үзлээ. Уг асуултын хүрээнд АНУ-ын Pew Research Center-ийн 2019 онд хийгдсэн судалгааны мэдээллийн санг “Монголын нийгмийн үеийг тодорхойлох” судалгааны дата мэдээлэлтэй харьцуулав.

Зураг 1. Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрч байгаа байдал, хувиар

АНУ-ын хувьд ижил хүйстний гэрлэлтийг дунджаар 61хувь хүлээн зөвшөөрч байгаа бол Монголчуудын хувьд дунджаар 22,5 хувь хүлээн зөвшөөрсөн байна. Глобалчлалын асуудал болох ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх байдал Монголчуудын хувьд Америк улсаас эрс ялгаатай байна. Эндээс, Америк улсын тодорхойлж гаргасан Baby boomer, X,Y, Z  үеүдийн нэршлийг Монгол улсын хувьд ашиглах буй явдал зохимжгүй гэдэг нь харагдаж байна.

МОНГОЛЫН НИЙГМИЙН ҮЕИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА-ны зарим онцлох дүнгээс дурдвал:

Асуулт 1: Монгол улсын хувьд 1990 оноос хойш эдийн засаг болон ард иргэдийн амьжиргаа сайжирсан уу?

Зураг 2. Эдийн засаг болон хувь хүний амьжиргаа сайжирсан эсэх нийт оролцогчоор, хувиар

Зураг 3. Эдийн засаг болон хувь хүний амьжиргаа сайжирсан эсэх үеэр, хувиар

Монгол улсад 1990 оноос эдийн засаг болон ард иргэдийн амьжиргааг социалист, завсрын үеийнхэн муудсан гэж хариулсан нь нийгмийн шилжилт хөдөлгөөнөөс үүссэн эмх замбараагүй байдал тэдний амьдралд сөрөг байдлаар нөлөөлсөнтэй холбоотой байж болно. 1990 оноос хойш бодитоор хүмүүсийн хэрэглээ өсч, нэг хүнд ногдох машины тоо, дэлгүүрүүдийн барааны төрөл, чанар олширсон боловч эдгээр үеийн хүмүүс худалдан авах чадвар муудсаар ирсэн. Инфляц өндөр, төгрөгийн ханш тогтмол сулардаг, шударга бус баялгийн хуваарилалт явагдсаар байгаа зэргийг харгалзан ийм хариулт өгсөн болов уу.

Асуулт 2: Манай улсын боловсролын системийн чанарыг юу гэж дүгнэж байна вэ?

Зураг 4. Боловсролын системийн чанарыг үнэлэх байдал нийт оролцогчоор, хувиар

 

Зураг 5. Боловсролын системийн чанарыг үнэлэх байдал үеэр, хувиар

Цээжлэлт дээр суурилсан Боловсролын систем үеэ өнгөрөөж байгаа  нь төгсөгчид ажлын байран дээр гараад гологдох, цалин хөлс бага байх нөхцөл байдлаар харагддаг. Иймд Боловсролын системийг нийгмийн бүх үеийнхэн муу гэж дүгнэсэн байна.

Асуулт 3: Таны бодлоор биеэ үнэлэх нь хувь хүний эрх чөлөөнд хамаарна гэж бодож байна уу?

Зураг 6. Биеэ үнэлэх хувь хүний эрх чөлөөнд хамаарна нийт оролцогчоор, хувиар 

Зураг 7. Биеэ үнэлэх хувь хүний эрх чөлөөнд хамаарна үеэр, хувиар 

Биеэ үнэлэх нь хувь хүний эрх чөлөөнд хамаарахгүй гэж 10 хүн тутмын 5 хүн үзэж байна. Бусад судалгаанаас харахад, Америкчууд либериал философиороо биеэ үнэлэхийг хувь хүний эрх чөлөөнд хамаарна гэж үздэг. Харин Монголчуудын хувьд огт өөр хандлагатай байна.

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл www.datamon.mn вебсайт-аас үнэгүй татаж аваарай!