Б.ЛХАГВАСҮРЭН: АРИЛЖААНЫ БАНКУУД 2023 ОНЫ ЭЦЭС ГЭХЭД БҮГД ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛНО

Нийгэм, Эдийн засаг
Монголчууд зээлийн хүүд дарлуулж байна гээд түүнийг бууруулах талаар ярьж ирсэн. Гэвч тодорхой шийдэл, авсан арга хэмжээ байхгүй. Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр хэвээр байгаа. УИХ-аар Банкны тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулийн төсөлд ч зээлийн хүүгийн талаар “а” үсэг ороогүй. Харин арилжааны банкны засаглалыг өөрчлөх, хувьцааны хэт төвлөрлийг задлах асуудал тусгасан гэж хууль санаачлагчид хэлж буй юм. Тухайлбал, банкны эзэд 20 хүртлэх хувьцаа эзэмшинэ. Үлдсэн хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжаалах үүрэг хүлээх юм. Учир нь банкууд, тэр дундаа системийн нөлөө бүхий томоохон банкууд нэг л эзэнтэй, түүнийгээ төлөөлөн ажилладаг, ашиг сонирхлын зөрчилтэй байдаг хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Жишээ нь сүүлд дампуурсан “Капитал” банк гэхэд нэг гэр бүлийн эзэмшилд байсан. Мөн манай улсад нийт 14 банк дампуурсан. Энэ нь эзэмшигчдийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан. Тэгэхээр банкыг хувьцаат компани болгож олон эзэмшигчтэй, үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод байх асуудлыг уг хуулийн төсөлд тусгажээ.
Ингээд төвлөрөл, тогтовргүй байдлыг арилгах зорилгоор нэг хүн, хуулийн этгээд арилжааны банкны хувьцааны 20 хувиас илүүг эзэмшихгүй гэсэн заалт хуулийн төсөлд оруулсан байна.
 
Үүнээс гадна банкны нийт хөрөнгийн 10 хувь нь эздийнх үлдсэн 90 хувь нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө байдаг хэмээн Монголбанкнаас мэдээлж байсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Тэгвэл мөнгөний 90 хувь нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө аж. Иймд банкуудын засаглалыг сайжруулах, эздийн дураараа авирлах байдлыг арилгах ёстой гэж төв банкнаас үзэж буй юм.
 
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүх банкуудыг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор хувьцаат компанийн хэлбэртэй болгож, өөрчлөхөөр тусгажээ.
 
Мөн банк татан буугдсан то­хиол­долд Банкны тухай хуу­лийн 73 дугаар зүйлд зохи­цуул­сан төл­бөр барагдуулах да­рааллыг илүү боловсронгуй бол­гож нийг­мийн дундаж дав­хар­га буюу ху­римт­лал­тай иргэд, өрхийн хуримтлалыг тэргүүн ээлжинд хамгаалах өөрчлөлтүүд орж байна.
Ингээд УИХ-ын гишүүд банкны тухай хуулийн талаар ямар байр суурьтай байгааг хүргэе.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Гадаад валютын албан нөөцөөр маргалдах шаардлага байхгүй. Сүүлийн дөрвөн жилд 100 тонн алт авсан байх. Ардчилсан нам 2015 онд АМНАТ-ыг 2.5 хувь болгож батлуулсны хүчинд ингэж яваа. Банкны салбар маш эмзэг. Ард түмний итгэлцэл дээр тогтдог. Саяхан нэг улс төрч банк дампууруулан 40 саяар торгуулаад татвар төлөгчдийн нуруун дээр 300-400 тэрбум төгрөгийн өр үлдээсэн. Монгол банкны Ерөнхийлөгч Ардчилсан намын бүлэгт мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн ажлын хэсэгт манай бүлгээс гишүүн оруулаагүй байна. Банкны хууль алдаатай гарвал эдийн засгаа татаж унагаах ч магадлалтай. Тус хуулийг ажлын хэсэг, байнгын хороогоор сайн ярилцаж нягтлах шаардлагатай гэж үзэж байна. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна.
 
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Банк өөрөө эмзэг салбар. Монголбанканд харъяалагдахаас гадна хөрөнгийн зах зээл дээр гарчих юм байна. Бирж дээр гарч байгаа сайн муу мэдээ банкны үйл ажиллагаа, үнэ цэнэд нөлөөлөөд. Тэр нь өөрөө дахиад хадгаламж эзэмшигчийнхээ хөрөнгийг эрсдэлд аваачих хэт эмзэг бүтэц бий болчих вий. Дахиад 90,95 хувийг харахаар Монголын эдийн засагт асар том хэмжээ эзэлж байдаг. Нөгөө талд нь эмзэгшил маягийн зүйлийг Монголбанкныхан юу гэж үзэж байгаа вэ? Хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг сааруулах гэдэг том бодлого, үзэл баримтлалын үеэр явж байгаа бол нөгөө талд нь банкуудын үйл ажиллагаа нь төвлөрөх боломж бий болох уу? Төвлөрөлгүй хувьцаа эзэмшигчтэй компаниуд. Өнөөдрийн банкны салбар бол үйл ажиллагаа төвлөрөлгүй бүх банкууд бүгд бүтээгдэхүүн гаргадаг. Тэгэхээр энэ хуулийн үр дүн тиймэрхүү бодлогын өөрчлөлт, үр дүн гарна гэж таамаглаж байгаа юу?
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:
-Мэдээж хөрөнгийн бирж дээр тодорхой хувьцаануудаа арилжаад. Тэгээд хувьцаа нь тогтмол мундаг, гоё мэдээлэлтэй байж чадаагүй нөхцөлд хувьцаа эзэмшигчдэд буруу зөрүү мэдээлэл очих вий гэдэг дээр болгоомжилж байгаа зүйл байна. Тодорхой хэмжээний хувьцааг зарахыг хуулиараа шаардаж байгаа. Энэ хууль гарснаараа ялангуяа иргэдийн хувьд баталгаатай болгох магадлал нь нэмэгдэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Банкны тухай хуулийн гол зүйл нь хувь эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж, задлъя гэж байна. Их хувь эзэмших тусмаа давуу эрх эдэлдэг байдлыг задлъя гэлээ. Энэ байснаараа юу нь муудаад байгаа вэ? Банкны үйл ажиллагаанд ямар хор учруулаад байгаа вэ? Мэдээж хувь эзэмшсэн хүн бол өөрийнхөө, банкныхаа үйл ажиллагааны төлөө л ажиллаж байгаа. Хэрвээ зээл авч байгаа үйлчлүүлэгч нартаа хор учруулаад байгаа бол энэ хуульд зайлшгүй оруулж бүр хатуу чангаар үзэх ёстой. Олон нийтийн хараа хяналтыг бий болгъё, нээлттэй компани болгъё ингэснээр олон нийтийн хяналт нэмэгдэнэ. Олон нийтийн хяналт гэж юуг хэлээд байна вэ? Банкны хууль гарснаар бид нарын ганц хүсээд байгаа хүү буурах уу? Зээлдэгч нарт очиж байгаа үйлчилгээ сайжирах уу? Сайжирвал яаж сайжирах вэ?
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах гол шалтгаан нь банкуудын засаглалыг сайжруулах асуудал юм. Өөрөөр хэлбэл нэг эзэмшигчтэй банк, банкных нь удирдлага яг нэг эзнийхээ үг дуугаар явдаг. Гэтэл банк гэдэг тусгай зөвшөөрөлтэй маш онцлог бизнес. Хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь дунджаар 15-18 хувь байдаг, бусад нь гуравдагч этгээд буюу иргэдийн хадгаламжаас бүрддэг бизнес болохоор 20 хувь гэдгээр банкуудын засаглалыг сайжруулна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ганц хоёр хүний эзэмшилд байдаг системийн ач холбогдол бүхий банкийг задлах тухай хуулийг хэлэлцэж байна. Банкууд заримдаа бизнесийн үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож үйлчлүүлэгчдэд дарамт үүсгэдэг. Ингэж хохирч байсан иргэдийн нэг нь би байна. “Анод” болон “Зоос” банк хувьцаат компани болоод дампуурсан. Хариуцлагын тогтолцоо маш муу болдог. Том хувьцаа эзэмшигчид, CEO нар дураараа аашилдаг. CEO нь олон хувьцаа эзэмшигч нартаа таалагдах гээд ажил хийдэггүй. Үүний нэг жишээ Г.Амартүвшин гишүүн “Хас” банканд байхдаа томоохон хувьцаа эзэмшигчдэд таалагдах гээд ажил хийгээгүй. Хувьцаат компаний тухай хуулиар хяналтын багц нь 33 хувь гэж байдаг. Гэтэл энд 20 хувь гэж байна. Олон эзэнтэй болсноор бизнест хандсан зээл багасна.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Банкныхаа хуулиудыг нэгт­гээд Шүүхийн багц хууль шиг нэгт­гээд, хөрөнгө оруулалтынхаа хуу­лийг оруулж ирж байгаад ярилц­вал. Ард түмний харж бай­гаа юм бол энэ хуульд өөрчлөлт оруу­лаад, зохицуулалт хийсний үр дүнд банкны хүү багасах ёстой.
Сонгодог онолоороо банкнууд томорч, төлөвлөрч байж өөрийнх нь бүтээгдэхүүнийх нь өртөг бага­саж, эцсийн хэрэглэгчид очиж байгаа зээлийн хүү багасах ёс­той. Банкнуудаа төрөлжүүлж гар­­гаад Хөрөнгө оруулалтын банк, Хөгжлийн банк, ЖДҮ-ийн банк гэж гаргаад тэгээд банк бүр дээр тодорхой стандартыг зааж, өөрийн хөрөнгө, зориулалтыг нарийн гаргаж явбал бидэнд үүнээс илүү үр дүн гарч магадгүй юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Манай улсын нийт эдийн засгийн 88 хувийг банкууд эзэлдэг. Одоо ажиллаж буй 12 банкны 5 нь системийн буюу банкны салбарынхаа 90 хувийг дангаараа бүрдүүлдэг. Системийн буюу нөлөө бүхий банкууд цөөн хэдхэн хүний мэдэлд бий. Үүнийг засах нь энэ хуулийн зорилт.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Одоогийн байдлаар манай улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн шинэ зохицуулалтаар банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр гадны банкууд хувьцаа эзэмших боломжтой болно.Анх өргөн барьсан төсөлд зургаан жилийн дараа гэхэд банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар тусгасан байсан. Бид бусад орны туршлагыг судалж нягтлаад төслийн энэ зохицуулалтыг гурван жилээр нааш татаж, 2023 оны эцэс гэхэд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжсэн байхаар зохицуулсан гэлээ.
2021 оны нэгдүгээр сарын 18. Даваа. №005 (5410)