О.Алтангэрэл: Хуулийн өөрчлөлтөөр авлигын хэрэг мөрддөг тусдаа байгууллага байгаад утгагүй болсон

Нийгэм, Эдийн засаг

Т.ЖАНЦАН

Хуульч О.Алтангэрэлтэй Авлигын эсрэг хуулийн өөрчлөлт болон Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 

 

-УИХ шинэ оны өмнөх өдөр /2020.12.31/ Авлигатай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилох санал гаргадаг болгосон. Та хуульч хүний хувьд энэ өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Манайхан өнгөрсөн зүйлээ эргэж харахгүй байна. УИХ 2005 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталсан. Ингээд  УИХ  2006 оны  долдугаар  сарын 6-ны өдөр Авлигын эсрэг хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу   Монгол Улсад анх удаа Авлигатай тэмцэх газрыг  2007 онд байгуулсан түүхтэй. Тэр үед цагдаагийн байгууллага авлигатай тэмцэж чадахгүй байна. Учир нь цагдаагийн байгууллага Хууль зүйн сайдын удирдлагад Засгийн газрын бүтцэд хамаардаг тул авлигатай тэмцэх боломжгүй юм. Иймд тусдаа байгууллага байгуулая. Даргыг нь УИХ-аар томилно. Гэхдээ шууд ингээд хуульчилхаар ялгаагүй эрх баригч улс төрийн хүчин томилох болно. Иймд нам бус субъект буюу Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын даргын нэрийг УИХ-д өргөн барьдаг байя гэж хуульчилсан. Тэгвэл өнөөдөр үүнийгээ мартчихаж. Ерөөсөө Засгийн газрын тэргүүн Авлигатай тэмцэх газрын даргыг томилох ёстой гээд хуулиа өөрчиллөө. 

-Тэгэхээр иргэд олон нийтийн зүгээс Ерөнхий сайд авлигад өртөж болзошгүй, эрх бүхий албан тушаалтнуудыг нэг гараараа томилоод нөгөө гараараа өөрсдийгөө шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх байгууллагын удирдлагыг томилно гэдэг нь ёс зүйд нийцэхгүй гэж шүүмжилж байгаа?

-Харин тийм. Хэрэв ийм дээрээ тулах юм бол Авлигатай тэмцэх газар гэж байх хэрэггүй. Анх байгуулахдаа тавьсан зорилго нь биелээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь дээр. Бид чадсангүй ээ. Авлигатай тэмцэх газар гэж тусад нь байгуулаад ямар ч нэмэргүй юм байна гэж хүлээн зөвшөөрсөн үйлдэл боллоо. Тэгэхээр цагдаагийн байгууллага нь авлигын хэргийг шалгаад явж болно шүү дээ. 

-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс Авлигын эсрэг хуульд оруулсан энэ нэмэлт өөрчлөлт нь Олон улсын авлигын эсрэг конвенцийг зөрчсөн гэж үзэж байгаа. Ингээд авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад хандсан гэсэн. Энэ хуулийг дахин өөрчлөх боломж байгаа л байх. Гэвч эрх баригч хүчин хүсэхгүй л болов уу гэсэн хардлага иргэдэд төрж байна л даа?

-Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөө эргэн харж дахиад хэлэлцэх бололцоо бий. Гэвч эрх баригч хүчин дөнгөж саяхан оруулсан өөрчлөлтөөс тийм ч амар татгалзахгүй байх. Ингээд харахаар Авлигатай тэмцэх газар соён гэгээрүүлэх чиг үүрэгтэйгээ үлдээд мөрдөн шалгах асуудал нь цагдаад очсон нь  амар. Авлигын хэрэг мөрддөг тусдаа байгууллага байгаад утаггүй болсон. Цагдаа гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй томоохон байгууллага шүү дээ. 

-Ерөнхийлөгч хуулийн өөрчлөлтөд хориг тавьлаа гэхэд амжилт олох болов уу. Хуульч хүний хувьд та юу гэж харж байна вэ?

-Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх. Харин УИХ-ын 60 гаруй гишүүнтэй том бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад өөрсдөө мэдэж оруулсан хуулийн  өөрчлөлтөөсөө ухрахгүй байх. Авлигатай тэмцэх газрыг өөрсдийнхөө  харьяанд байлгах сонирхолтой байна. Тэднийг шалгалаа гэхэд ядаж дарга удирдлагуудыг нь таних, мэдэх  нь өөрсдөд нь таатай байх л даа. Би авлига албан тушаалын асуудалд оролцохгүй. Авлига надад хамаагүй ээ. Би төрдөө зүтгэнэ. Өргөсөн тангарагтаа үнэнч байна гэсэн хүнд хэн хаана, ямар даргыг томлох асуудал падлийгүй байх. Ер нь манай намд байсан нь дээр. Ямарваа нэг асуудал үүсхэд гуйж түүгээд хариуцлагаас мултархад хэрэгтэй гэж бодож байвал Авлигын эсрэг хуульд дахиад өөрчлөлт оруулахгүй гэж бодож байна. 

-Тэгвэл олон улсын авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас зөвлөмж шаардлага гаргасан ч эрх баригч хүчин түүнийг үл тооно гэж ойлгож болох нь ээ дээ?

-Харин тийм. Хүчтэй нөлөөлнө гэж бодохгүй байна. Монгол Улс авлигын индексээр жил бүр ухарч байгаа. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хойшилсон. Ийм байхад ямар ч арга хэмжээгүй аваагүй хүмүүс шүү дээ. Манай улсын хууль тогтоомжийн талаар ямар нэг үнэлэлт дүгнэлт гарвал “Бид нэрээ алдаатай шийдвэр гаргаж. Үүнийгээ засая” гэж хэлэхгүй байх гэж бодож байна. 

-Ер нь манай улсын Авлигын эсрэг хууль хэр сайн хууль юм. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Монгол Улсын Авлигын эсрэг хууль муу хууль биш. Үүнээс гадна авлигын гэмт хэргийг хэрхэн яаж мөрдөх, шийдэх вэ гэдгийг зааж өгсөн Эрүүгийн хууль гэж бий. Бид бүгд саяхан Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асууд­лыг харлаа шүү дээ. УИХ санам­саргүй байдлаар хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаа гаргаж байгаа юм шиг бо­лоод авлигачдаа өршөөлөө. Ийм нөхцөлд Авлигын эсрэг хууль хэчнээн сайн байгаад ямар ч нэмэргүй болж байгаа юм. 

-Ер нь манай улсад хууль эрх тэгш бус ялгавартай хэрэгждэг гэсэн шүүмжлэл бий. Та хуульч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Тийм. Хамгийн том жишээ бол ЖДҮ –ийн асуудал байна. Энэ хэрэгт хууль ялгавартай хэрэгжиж байгаа. Яг адилхан үйлдэлтэй Б.Ундармаа гэж хүн 40 сая төгрөгөөр торгуулиад, Г.Солтан гэж хүн хорих ял авсан. Зарим нь хуулийн ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэгэхээр нэг үйлдэл дээр хууль гурван өөр янзаар үйлчилж байна гэсэн үг. 

-Яагаад. Юунаас шалт­гаалж ийм байдал гарч байна вэ?

-Олон асуудал бий. Нэгдүгээрт хуулиас, Хоёр­дугаарт хууль хэрэглэж байгаа субъект шүүхээс, Гуравдугаарт хууль, шүүхийн системд нөлөөлж буй улстөрчдөөс болж байна. Жишээ нь хөөн хэлэлцэх хугацаанд хуулийн алдаа гаргасан. Олон улсын жишигт ялангуяа авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг урт тогтоох, байхгүй болгосон. Гэтэл манайхан үүгээр оролдож хүмүүсийг суллаж байна. Авлигын гэмт хэрэгт ногдуулж буй ял, шийтгэлийн хэмжээ бага, мөрдөн шалгах ажиллагаа удаан зэрэг шалтгаан бий. 

-Авлигатай тэмцэх газар төрийн албан хаагчдаас жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг гэж авдаг. Одоо энэ үйл ажиллагаа нь ид явж байгаа. Энэ үйл ажиллагаа нь үр дүн, ач тусаа өгч байна уу?

-Хөрөнгө орлогын мэдүүлэг авах нь хэрэгтэй. Ач холбогдол өгөлгүй яахав. Маш зөв алхам болсон. Гэхдээ нэг зүйл дутагдаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт сайн тавих ёстой. Үүнийг тойрсон асуудлыг нэлээд сайн зас янзлах шаардлага бий. Жишээ нь   огцом нэмэгдсэн орлогоо хөөрөг зарсан гэж тайлбарлах явдал гардаг. Гэтэл тэр хөөрөгний үнийг тогтоодог газар хаана ч байхгүй. Хүний нүдэнд нэг ердын чулуу шиг харагдаж байгаа зүйл хэдэн арав, бүр зуун саяар яригдах тохиолдол байдаг. Мөн эхнэрийн бизнесийн орлого гэж тайлбарлах явдал гардаг.  Гэх мэтээр сэжиг бүхий орлогоо далдалсан зүйлийг тодотгох ёстой. Үүнээс гадна Хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болсон цагаас эхлээд анх бөглөсөн үйл явц нь  үнэн үү гүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Зарим нь хурдан удамын адуутай гэж мэдүүлсэн байх жишээтэй. Тэгвэл тэр эд хөрөнгө нь үнэхээр байна уу үгүй гэдгийг  тодорхойлох ёстой. Мөн Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж эхлэснээс хойш манай дарга нарын бүртгүүлсэн хэдэн тэрбум төгрөг хууль ёсных байсан уу үгүй юу гэдгийг тодорхойлох асуудал бас бий. 

-Тэгэхээр Хөрөнгө орлогын мэдүүлгийг эхнээс сайн нягтлан шалгаж орлого нь хууль ёсных мөн эсэхийг тодорхойлох ажил дутагдаад байгаа юм байна гэж ойлголоо?

-Хөрөнгө орлогын мэдүү­лэг­тэй холбоотой шалгалтын үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газрын нэг хэлтэс төдийгөөр хязгаарлах нь өрөөсгөл. Нэлээд өргөн хүрээнд шалгадах байх ёстой гэж бодож байна. Үүнээс гадна өнөөдөр төрд ажиллаж байгаа олон тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийн эх үүсвэрийг гарцаагүй шалгаж тогтоох цаг болсон. Тэр хөрөнгө нь анх яаж бий болсон бэ гэдгийг нь тодорхойлно гэсэн үг. Жишээ нь 1990 онд та 2000 төгрөгийн цалинтай байж. Тэгээд 2000 онд 100 мянган төгрөгийн цалинтай болсон. Үүнээс хойш 2010 онд цалин чинь нэг сая төгрөг болсон. Гэтэл чиний дансанд өнөөдөр яагаад  гурав, дөрвөн, арван тэрбум төгрөг  байгаа юм бэ. Хүүхдүүд чинь яагаад хэдэн тэрбумаар тоолгодох хөрөнгөтэй болов гэдгээ манай дарга нар тайлбарлах цаг нь болсон. Гэвч эрх баригчдаас ийм эр зориг гарна гэж итгэхгүй байна. 

-УИХ-аар Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийн өөрчлөлтийн төсөл  хэр чамбай болсон байна вэ?

-Шүүхийн тухай хуульд олон сайн өөрчлөлт орж байна. Гэвч олон зүйлд алдаа гарч байгаа гэж харсан. Тухайлбал, Улсын дээд шүүхтэй холбоотой асуудлаар Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх маргаан байна. Хөндлөнгөөс харж байхад аливаа асуудалд авах, гээхийн ухаанаар хандах нь зөв. Гэхдээ үндэслэл тайлбаруудыг нь УИХ-ын гишүүд  нухацтай танилцаасай. Шүүхэд өөрийнхөө дуу хоолойг гаргах боломж бололцоог нь олгоосой. Их яарч биш нухацтай судлаж батлаасай гэж бодож байна. Зүйл заалтыг нь ярьвал нэг ярилцлагад багтахааргүй томоохон асуудал болно. 

-Сүүлийн үед Шүүгчид авлигын хэрэгт холбогдож байна. Иргэд ч шүүх хараат бус, шударга байж чадахгүй болсон гэж шүүмжлэх боллоо?

-Шүүхийн нэр хүнд жил ирэх тутам унаж байна. Энэ нь олон шалтгаантай. Үнэхээр шударга гүүгч бий. Шударга бус нь ч байгаа. Шүүхийн нэр хүнд унаж байгаа нь хууль муу гэхээс илүү шүүгч нараас шалтгаалж байгаа юм. Мөн шүүхэд нөлөөлж байгаа улс төрчдөөс нэлээд шалтгаалж байна. Энэ бүгдийн харьцааг сайн олж харж дүгнэж цэгнэхгүй бол шүүх л муу, муухай байна гэдэг хандлагаар бусад хүчин зүйлийг нь харалгүй өнгөрөөх вий гэсэн бодол надад төрдөг. Бурууг нь ганцхан шүүх үүрэг вий гэсэн болгоомжлол байна. 

-Шүүхийн тухай шинэч­лэгдсэнээр шүүгчдийн нэр хүнд дээшлэх, тулгарч буй саад бэрхшээл нь арилна гэж харж болох уу?

-УИХ-аар одоо хэлэлцэж буй хуулийн төслөөр шүүхийн асуудал нэлээд цэгцрэх байх. Гэхдээ өргөс авсан юм шиг хурдан шийдэгдэхгүй. Хууль шинэчлэгдлээ гэхэд болж байгаа үгүй нь хоёр жилийн тодорч ирнэ. Тэгэхээр урьдчилж тийм ийм болно гэж хэлхэд эрт юм. 

-Энэ хуулийг шинэчлэхийн тулд судалгаа сайн хийж чадсан юм болов уу?

-Шүүхийн тухай хуульд чамгүй судалгаа хийсэн гэж харсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас судалгаа хийсэн. Тэгээд хуулийн төсөл боловсруулсан юм. Үүнийгээ УИХ-аар одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй нэгтгэсэн. Тэр төслийн маш олон санаа Шүүхийн тухай хуульд орсон гэж ойлгосон. Гагцхүү, одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд  тодорхой зүйл заалтууд  дээр хэтэрхий нэг талыг барьсан асуудал орох магадлалтай.  Энэ цаашдаа шүүхийн хяналт шударга байхаас гадна,   иргэд шударга шүүхээр хамгаалуулах эрхэд нь сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бас байна.