П.БААТАР:УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРДЭМТЭД “КОВИД-19” ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ ЭМ ТАНГИЙН ЖАГСААЛТ ГАРГАСАН

Улс төр

Т.ЖАНЦАН

 

 “Оточ одь” эмнэлгийн захирал П.Баатартай цаг үеийн асуудал болон уламжлалт эм, эмчилгээний талаар ярилцлаа.

-Дэлхий нийтэд “Ковид-19” хэмээх цар тахал тархлаа. Та уламжлалт анагаах ухааны эмчийн хувьд энэ өвчний талаар ямар бодолтой байна. Энэ өвчнийг уламжлалт анагаах ухаанд эмчлэх арга байгаа юу?

-“Оточ одь” эмнэлэг маань эрт дээр цагаас үе дамжин уламжилж ирсэн эмчилгээний гал голомт юм. Нэг ёсондоо эмчлэх ур чадварын хувьд 8-9 дэх үеэ дамжиж ирсэн уламжлалт анагаах ухааны эмнэлэг. Цаг үеийн байдал хүнд хэцүү байгаа энэ үед  тангараг өргөсөн эмч хүн учраас дуугүй суугаад байж чадахгүй л байна. “Ковид-19” гэж нэрлээд байгаа цар тахал өвчний  эсрэг, түүнээс урьдчилан сэргийлэх уламжлалт арга ухаан манай Монголд байсан юм билээ. Энэ нь амьтны биед байдаг хорт хижиг нянгийн  өвчин. Зэрлэг гахай, сарьсан багваахай, мэрэгч амьтад, тарваганд хүртэл хижиг нян байдаг.  Хижиг нь өөр өөрийн гэсэн нэртэй дагжзүмбээ гэвэл менингэкок, унгирал гэвэл уушгины энэ корона, дезинтри бас нэг хижиг. Урд нь “Sars” гарч байх үед манай багш нутагтаа оруулахгүй гэж Мандуган гэж ном уншиж байсан.  Үнэхээр л тэгж чадсан.  Хуучны  ном сударт мэргэд   цөвүүн цагт нэр нь мэдэгдэхгүй айхтар өвчин гарч дэлхий нийтээр тархана гэж урьдчилаад айлдсан байдаг. Энэний дамжлагыг нь авч буяныг нь хэрэгжүүлээд 1986 оноос хойш өнөөг хүртэл монгол эм, тангаа бариад ажлын цагаан буяныг нь үргэлжлүүлж явна даа. Энэ өвчин дэгдээд Хятадын Ухань хотод эмч эмнэлгийнхэн сандарч байхад Өвөрмонголын Тунлянь хотын эрдэмтэдтэй хамтарч ажилладагын хувьд мэдээлэл авч байсан. Тэгээд  7-8 төрлийн уламжлалт эмчилгээний эм сонгож аваад 75 хүнд  эмчилгээ хийсэн. Эмчилгээ маш үр дүнтэй байсан. Нэг л хүн нас барсан.  Тэр хүн нь өндөр настай байсан. Тунлянь хотын уламжлалт анагаах ухааны их сургуулийн багш нартай хамтран өвчтөнүүдээ эмчилж байсан эм танд нь урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах жорыг  манай эмнэлэг хийсэн. Үүнд манай багшийн нууц жор “Мана-10” гэсэн эм орсон юм.  Энэ нь хүний бие организмын хий шар бадганыг тэнцүүлдэг. Тэгснээрээ хүний дархлаа сайжирдаг. Мөн уушигны цай хийсэн. Энэ цай нь зүгээр нэг зохиочихоогүй, шүд, ам хоолой багалзуур бас цэвэршиж байдаг. Энэ тахалд нэгдүгээрт “Мана-10”,   “Мана-4”, уушигны улаан тан, “Банжаа-15” гэсэн уламжлалт эмийн жор тохирч байгаа. Хэрэв өвчин  хүндэрсэн үе шатанд орсон бол “Банжаа-12”, бүүр хүндрэх юм бол хамрын туулганууд, уушигны бадганы туулга гэж байдаг. Ийм учраас эдгээр эм тангаа танилцуулж өнгөрсөн хавар  Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэлтэй   Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтэд уулзсан. Бид  Монголынхоо ард түмэнд уламжлалт анагаах ухааны үр шимийг   хүртээе л гэж зорьсон юм. Гэвч   уламжлалт анагаах ухааны эмч нарыг  эмчилгээ хийх, урьдчилан сэргийлэх ажилд оролцуулаагүй. Хамгийн гол нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд монгол уламжлалт эм, тан илүү үр дүнтэй юм.  Мөн өвчин хүндэрч  эрчээ авсан үед нь хэрэглэх туулганууд байдаг. Эдгээрийг дэлхийн шинжлэх ухаанд  өнөөдөр тэр болгон хэрэглээд байдаггүй.  Ийм үл мэдэх хижиг өвчин тархдаг учраас уламжлалт анагаах ухаанд эмчлэх, урьдчилан сэргийлэх бүх эмээ хийж жорыг нь гаргасан байдаг юм.

-Тэгэхээр та бүхэн “Ковид-19” цар тахлын эмчилгээнд шууд хэрэглэж болохоор эмийн жор бүтээсэн гэсэн үг үү?

-Бүтээсэн биш байсан. Шинээр хийсэн жор, эм биш.  Олон зуун жил билүүдэгдээд ирсэн тул өнөөдөр  хэн ч судлаад энэнээс илүү жор гаргахад хэцүү л дээ. Уламжлалт анагаах ухааны эмчилгээний жорууд  400-800 бүр цаашлаад 1000 жил болсон байгаа юм. Энэ жорууд нь хүний дархлааг л сайн дэмжинэ. Энэ цар тахлыг уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл хурмал өвчин юм. Нян, халуун,  халдвар, цус гэсэн ийм дөрвөн зүйл нийлэхээр  хурмал өвчин болдог. Дан ганц өвчин биш хавсарсан халдварт өвчин юм. Тэгвэл  уламжлалт эмчилгээний эм тан нь хүний бие махбодийн долоон тамирыг  хэвийн болгоно.  Хүний биед оршин байдаг зохицуулах үйлчилгээтэй шүтэн барилцсан системүүдийг  тэнцүүлээд өгч байгааг л дархлаа гэж хэлээд байгаа юм. Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтдийн санал санаачилгаар гаргасан урьдчилан сэргийлэх эм бэлдмэл бий. Мөн хүндэрсэн үед ч уух эм байна. Уламжлалт эмчилгээний эрдэмтэд ярилцаад энэ өвчний үед хэрэглэх  эм тангийн жагсаалтаа гаргасан байгаа.

-Та урьдчилан сэргийлэх, дархлаагаа сайжруулах  талаар нь ярьж байна. Монгол эм, уламжлалт анагаах ухааны аргаар дархлааг яаж сайжруулах юм. Та бүхний гаргасан эм танг  байнга хэрэглээд байх уу. Эсвэл тодорхой хугацаа байна уу?

-Энэ их сонин юм байдаг. Эм тан гэхээс илүүтэй уламжлалт хоол хүнс их чухал. Шар үхрийн борцонд нянгийн халуун, хижгийн халууныг дардаг эрдэм бий. Харин хонины маханд  нян, хижгийг  дарах эрдэм байдаг  гэж ном сударт өгүүлсэн. Тэгэхээр  бид холоос эрэх биш өөрсдийнхөө идээ ундааны явдлыг  хооронд нь харшилдуулахгүй зөв хэрэглэх нь дархлаагаа дэмжих сайн арга юм.  

-Тэгэхээр хоол хүнсээ хэрхэн зөв хэрэглэх ёстой юм бол. Тэр аргаас нь та хэлж өгөхгүй юу?

-Уламжлалт анагаах ухаанд хоолны хамгийн зөв шингэлт амтаар, эрдмээр гэсэн  дарааллаар   эмчилгээ үйлчилгээ явуулдаг.  Тийм учраас өглөө  чихэрлэг амттай идээ ундааг түлхүүхэн идэх хэрэгтэй. Харин өдөр нь гашуун амттай идээ ундаа хэрэглэх нь зөв. Төрөл бүрийн гашуун амттай ногоо, жимснүүд байж болно. Орой  халуун бүлээн чанартай цагаан гаа, хунчир , перец,  халуундуу амттай бүтээгдэхүүн орсон хоол хүнс идээд сурчихвал хүний биеийн дархлаа эрс сайжирдаг. Мөн  үндэснийхээ хоолны соёлын нэг  борц  идэх нь  дархлаанд маш сайн.   Тараг , айраг ингэний буцалгаа гэх мэт бидний мэддэг хүнс нь энгийн мөртлөө агуу чанартай байдаг. Хааны ордны оточ нар  ингэний буцалгааг  эхийн сүүтэй зүйрлэж байсан.

-Та өнөөдөр дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19” халдвар нь хижиг,  нянгийн гаралтай гэсэн. Тэгэхээр ямар  нөхцөл тохироо бүрдээд, яагаад ингэж хурдацтай тархаад байгаа юм бол?

-Тэгэхээр  өнөөдөр хүн төрөлхтөний сэтгэлгээ асар их хөгжиж техникжсэн. Энэ хэрээр байгаль дэлхий сүйдэж байна. Мэргэд хэлсэн байдаг. Үүнд цөвүүн цаг гарч хүмүүс байгаль дэлхийтэй   буруу харьцсан, хүний мөн чанар алдагдаад ирсэн тэр үед харахад хүн гоё байх боловч хур мэдэл нь араатан лугаа болно. Тэр цагт олон янзын хижиг, юу нь мэдэгдэхгүй өвчнүүд үүсч гарна. Энэ үед  хүмүүс идээ ундаа, явдал мөр, сэтгэл зүй их зөв сайхан бие биендээ хүлээцтэй байх ёстой. Зөв ухаан, зөв бодол, зөв явдал мөрийн нэгдэлт нь тэр  өвчнийг эдгээхэд нэмэртэй гэсэн байдаг. Нэг жишээ хэлье. Аливаа өвчнийг гүрмээр эдгээж болдог. Манай багш Мандуган гэдэг номыг  байнга уншдаг байлаа. Ийм учраас “Sars”  өвчний үед багш санаа зовоогүй. Тэр гүрмээ уншаад  “Баатар-7” гэдэг эмээ өгөөд, булчин урвах өвчнийг нь засаад болохгүй бол туулга өгнө гээд надад хэлдэг байлаа. Тэгэхээр аливаа өвчнийг дарах, сэргийлэх арга ухаан бидэнд өвлөгдөж ирсэн арга ухаан, судар номд нь бий.  Гагцхүү  түүнийг  бид авч хэрэглэх , хэрэгжүүлэх нь л байна. Манай эмнэлэг дэргэдээ эмийн үйлдвэртэй болсон. Тэгээд  гар ариутгах шингэн хийсэн. Үүнд  спирт ороогүй дан  ургамлаар хийсэн. Жишээ нь буган цагаан гэдэг ургамал бол 100-с илүү нян бактерийг устгах чадалтай ургамал.

-Тэгэхээр ийм хоруу чанартай хижиг нянгууд дэгдэх хугацаа гэж бас байдаг байх. Энэ цар тахал хэдий хугацаанд дэгдэх бол. Таны судалж мэдсэн судар номд байна уу?

-Байлгүй яахав. Гэвч мутацид орж байгаа учраас заавал тэр хугацааг тэд гэж тааж хэлэхийн аргагүй. Хамгийн гол нь дөрвөн улирал, таван махбодь, цаг агаарын өөрчлөлтөөс болж хүний биеийн дархлаа өөр өөр байдаг. Үүнээс болоод зарим хүнд хөнгөн, зарим хүнд хүндхэн хүрч болно. Тийм учраас хугацааг тэд гэхгүй ер нь ийм талын өвчин, энэ цагт олноор гарч ирнэ гэж сударт байдаг. Тэр үед миний шавь нар сэтгэлээ хиргүй болго, байгаль орчинтойгоо зөв харьц, уламжлалынхаа гүн ухаан алдагдсанаас болж ёс бус идээ ундаа, хоол идэх гэх мэт асуудлаас  болж хүний биеийн дархлаа сулардаг гэж сургаж ирсэн. Гэтэл бид өнөөдөр  хоорондоо хор болох идээ ундааг буруу дадлаар идэж хэрэглээд бүр сурчихсан байна. Жишээ нь өндөг, загас , гахайн махыг нэг дор, нэг цагт  идэж болохгүй.  Харин тус тусад нь болно. Дээр үеэс хоолыг цадталаа биш ходоодныхоо 1/3-ээр хооллож байсан. Жишээ нь уламжлалт анагаах ухаанд зааснаар бөөрний өвчтэй хүн байхад хонины бөөрийг гүргэм, сэржмядагийн шүүс, ханданд дүрээд дүрсэн шүүсэндээ хоёр бөөрийг нимгэн хэрчээд аргалын гал дээр зөөлөн буцалгаад өгөхөд бөөрний бүх төрлийн үрэвсэл арилдаг. Мөн зүрхний дифрэс энэ өвчинд хонины зүрхийг өөх тосноос нь салгаад бас л гүргэм, сэржмядагийг гурав гурван цэнгээр хандлаад түүндээ зүрхийг хийж  дэвтээгээд зөөлөн гал дээр шараад идэхэд зүрхний эм уух хэрэггүй. Монгол эмч нарын монгол ахуй эмийн сан нь газар дэлхийдээ л байсан. Уламжилж ирсэн хоол, оюун ухааныг л дээдэлж явдаг хүн дээ би.

-Та зарим түгээмэл өвчнийг хэрхэн анагаах талаар сая ярилаа. Тэгвэл сүүлийн үед элэгний хатуурал, хорт хавдар гэсэн өвчин их гарах болсон. Энд та ямархуу зөвлөгөө өгөх вэ?

-Манайд 6000 гаруй хорт хавдар эмчлэгдэж байна.  Мөн тэр болгон орчин цагийн анагаах ухаанаар эмчлэгддэггүй гэсэн 5000 гаруй өвчин байна. Дэлхийд манай улс элэгний, улаан хоолойн хавдраар нэгдүгээр байрт явж байна. Хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл бол хүүхдүүд хавдартай болж байна.  Мөн  ургийн гажиг их байна. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд нэг хачин вирус яваад байгаа нь хатиг юм. Нэг гарахаараа тогтож өгөхгүй олон удаа, олон толгойтой гарч сүүлдээ мэс засал хийлгэх хэмжээнд хүрч байж эдгэж байна. Тэгэхээр энэ бүгдийн шалтгаан, нөхцөл нь юу юм бэ гэдгийг л нэлээн судлах хэрэгтэй. Хорт хавдрын гол үүсэл нь идээ ундаа, явдал мөр буруу, амттанг их хамаагүй хэрэглэж байгаатай холбоотой. Овьёос, лаврын навч, шинцай гэх мэтийг нийлүүлээд идэхэд сайн гэх мэт янз бүрийн зөвлөгөө цахимаар явж байна. Гэтэл ийм төрлийн хүнсийг хавдартай хүмүүс хамаагүй идэж болохгүй. Энэ мэт идэж ууж байгаа зүйл нь  мэдээлэлтэйгээ харшилсан зөвлөгөө явж байдаг. Хувцсаа тохируулж өмсөөгүйгээс өвчин тусах явдал бий. Манай залуучууд өнөөдөр малгай өмсөхгүй явж байгаа харагддаг. Хүн  толгойноос даарахад хүзүү, тархи хоёрын хоорондох  судас агшаад хараа муудах, эсвэл толгой нь салга болох гэх мэт өвчин тусдаг. Хөдөөний хүмүүсийн ихэнх өвчлөлийн шалтгаан нь хэрэглэж байгаа тогоо шанаганаас болж байна. Сүүлийн үеийн тогооны материалд ихэвчлэн хар тугалга орсон байдаг.  Дээр үеийн монголчууд гуулин, зэс данх, ширмэн тогоонд  хоол, ундаа хийдэг байсан. Энэ  нь хүний элгийг сайжруулж, бодисын солилцоог ч мөн дэмждэг. Бас нэгэн шалтгаан нь монголчууд мориноосоо буучихсан. Бүгд  машин, мотоцикль унадаг болсон энэ нь бөөр өвдөх шалтгаан болсон. Бөөрний өвчлөлөө дагаад элэг, элэг нь өвдөхөөр улаан хоолой гээд бусад эрхтнүүд өвчилдөг.  Иймд орчин үед таарсан хоолыг л зохиох хэрэгтэй. Ер нь л идээ ундаа, явдал мөр, сэтгэл санаа стресс эдгээр нь хавдар үүсэх нөхцөл шалтгаан болж байна. Бид эд эсээ дандаа сэтгэл зүйгээрээ гэмтээдэг.

-Манай иргэд ардын уламжлалт эмчилгээг хэр сонирхож байна вэ?

-Нэг үеэ бодвол харьцангуй сонирхдог болсон. Гэвч уламжлалт эм, эмчилгээг нийгэмд ойлгуулах, сурталчлах тал нь жаахан дутмаг байдаг юм болов уу. Цэ багш маань байхдаа л маш их ярьдаг байсан. Уламжлалт эм, эмчилгээг түгээх хэрэгтэй, олон түмэнд ойлгуулах хэрэгтэй гээд 2006 онд хорт хавдрын тухай, эдгэх боломжтой гээд илтгэл тавьсан. Багштайгаа хамт олон орноор явж илтгэл тавьж чадлынхаа хэрээр л ажлаа хийж явна даа.

-Сүүлийн үед хүмүүс ургамал түүгээд ийм, тийм юманд сайн гээд зараад явдаг болж. Энэ ер нь зөв хандлага юм уу, таны бодол?

-Тэрийг зарж хоолоо олж иддэг зарим хүмүүс бий.  Гэхдээ  ургамлыг олон хоног дангаар нь ууж хэрэглэхийг хүнд хэзээ ч зөвлөж болохгүй шүү гэж манай багш надад зааж сургасан. Нэг ургамал нь хортой байхад нөгөө ургамал нь хорыг нь арилгаж байдаг.  Тийм учраас зөв хэрэглэх ёстой. Гагцхүү жорынх нь дагуу  хугацаатай, хэмжээтэй хэрэглэхгүй бол болохгүй.  Тэхийн  шээг сайн гээд   20-40 хоног буцалгаад  уусан жишээ бий.  Гэтэл түүнийг олон хоног дангаар нь буцалгаад уухад  элэгний  хатуурал өвчин болгож байдаг. Тэгэхээр түүнтэй хамт бас нэг ургамал уух ёстой байх нь.  Элэгний халуунтай, хатууралтай  АЛАТ, АСАТ нь өндөр  хэмжээнд болсон хүнд гэхэд л хамаагүй халуун чанарын хүнс идүүлж болдоггүй. Эмийн халуун, өвчний халуун, цаг агаарын халуун нийлээд өвчинд нь ялзралт, илжрэл үүсч хавдар үүсэх шалтгаан болж өгч байдаг.   Ургамлыг уухдаа нэг ургамлаа нөгөөгөөр нь  даруулж хөлөглөж уух ёстой. Мөн цаг хугацаа, хэмжээтэй ууна. Хоёроос гурван ургамлыг ний­лүүлж уух нь тохиромжтой байдаг. Илүү­дэх, дутуудах гэдэгт бас асуу­дал байгаа. Дөчин жил л ургамал түү­лээ, ямар цагт, ямар улиралд ямар ур­гам­лыг яаж  түүх вэ, яаж хатаах вэ гэдэг  тех­но­логийг л сайн баримтлах ёстой. Манай­хан тийм юм сайн л гэвэл түү­нийг нягтлахгүйгээр туйлширч хэрэг­лэдэг.  Тэр нь сайн байж өөрт нь тохирох уу гэдгийг мэддэггүй.  Манай багш л гэхэд мөнгөн аягатай усанд алтан бөгж хийж хонуулаад уудаг байсан. Мөнгө, алт хоёрын дун­даас үүссэн чанар нь хүнийг урт нас­луу­лах, нянг устгах, хорыг тайлах эм­чил­гээ­ний зориулалттай. Ингэж ууж байсан бо­ло­хоос зүгээр л хар ус залгилж бай­гаагүй. Энэ мэтчилэн зүйлүүд байгаа.

-Сүүлийн үед хүмүүс турах зо­рил­гоор овьёос их идээд байгаа. Энэ талаар та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэг зүйлийг олон хоног, өдрөөр идэж, ууж болохгүй гэдгийг л анхаарах хэрэгтэй. Хэтэрхий их хүчиллэгийг идээд байхаар хязгаарлаж байх ёстой шүлтлэг нь байхгүй болоод бусад  эрхтэнд илүүдэх, дутах гэдэг нь болдог. Аливаа юмыг хэмжээ хязгаартай, арга билгийн ухаанаар шүтэн барилдсан зохицлоор нь зөв хэрэглэх нь чухал.

-Та эмийн үйлдвэртэй болсон,  монгол аргаар гар ариутгагч хийж байгаа гэсэн. Эдгээр бүтээгдэхүүнийг хаанаас худалдаж авах вэ, үйлчилгээ чанарын хувьд ямар байна вэ?

-Олон үеийнхээ багш нарын цагаан буяныг үргэлжлүүлэхийн тулд багш нартаа тангараг өргөсөн. Багш  маань  “Барын сүүлийг барьж болохгүй, барьвал тавьж болохгүй. Чи няцахгүйгээр явж чадна гэвэл анагаах ухаанаар  оролд” гэж хэлж байсан. Олон жил  гэрээрээ  хэдэн хүүхдийнхээ хамт  эм тан хийж ирсэн. Ингээд цаг хугацааны явцад  саяхан  нэг эмийн үйлдвэр байгуулсан. Үүндээ их баярлаж явдаг. Багш нарынхаа захиасыг биелүүлсэн, нөгөө олон жил дамжиж  ирсэн жоруудыг улсын бүртгэлд бүртгүүлж  баталгаатай болгож, код авч, хүнд үйлчлэх, багш нарынхаа зарлигийг биелүүлж байгаа явдал юм. Манайх дамжиж ирсэн жороор эм хийдэг, бас гар ариутгагч хийж байна. Гар ариутгагч маань “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаж байгаа. Уушгины цайг орчин цагтай нь уялдуулж заавал чанахгүйгээр заримыг нь дэвтээж уухаар болгон хийсэн. Энэ цай “Ази-фарм”, “Номин”-гийн бүх салбаруудаар зарагдаж байгаа. Энэ ташрамд хэлэхэд уушгины цайг цагаан, улаан үнээний сүүнд  чанаж  уугаад хажуугаар нь үзэм, хасарваань жимс идэхэд  уушгины өвчнөөс айлтгүй гэж багш маань хэлсэн. Сахарын өвчтэй хүмүүст зориулж  манай багшийн жороор хийсэн шидэт охь гэж бий, тэр маань их амжилттай болсон. Мөн өвдөг өвдөхөд зориулж лампанзны үрээр түрхдэг тос хийсэн. Одоогоор 16 төрлийн бүтээгдэхүүн хийсэн, цаашдаа ч хийнэ. Хэрэглэх зааврууд бүгд бичээстэй их энгийн цацдаг, үнэрлэдэг ч бий.