Б.Пүрэвдорж: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд Цэцийн дүгнэлтээр ялаас мултрах болчихлоо

Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Цэцийн энэ дүгнэлт нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн хэмээх шийдвэр байлаа. Тухайлбал, нэг жилийн өмнө Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг сэргээх шалгах боломжтой болсон. Харин энэ асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Ингээд Үндсэн хуулийн Цэцээс хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг сэргээн шалгах нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан юм.
Үүнд:
-Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэсэн байна.

Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг дүгнэлтийг хэлэлцэхэд санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь хүлээн авахыг дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Үндсэн хуулийн Цэц энэ удаад ажлаа хийжээ. Үндсэн хуулиа хамгаалж. Одоо ярьж хэлж байгаа зүйлүүд бүгд зохион байгуулалттай. Та бүхэн ээлжит матрын нулимсаа унагааж байна. Авлига, албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгосон хүмүүс Хууль зүйн сайд, УИХ-ын дарга, гишүүн болсон. Ард түмнийг Зөрчлийн хуулиар шийтгээд үйлийг нь үзэж байгаа шүү дээ. Гэтэл албан тушаалтнуудад хууль үйлчлэхгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хөөн хэлэлцэх хугацааг сунжруулж, ял завшуулах боломжийг олгосон заалтыг хулгайгаар Эрүүгийн хуульд оруулж батлуулсан байсныг бид 2017 онд мэдсэн даруйдаа засахыг шаардаж, тэр үед томилогдсон Хууль зүйн сайдад үүрэг, даалгавар өгч, амлалтыг нь авсан. Гэвч Хууль зүйн яаман дээр сунжруулж, удаагаад байсан учраас удаа дараа шаардаж байж 2019 оны намар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн нугалааг засч, зөв болгож баталсан. Хуулийг завхруулснаас гадна хуулийг засахгүй, сунжруулж удааснаас болж 2017-2019 онд мөрдөн байцаах шатанд тогтоогдож, нотлогдсон хэдий ч 400 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Харамсалтай нь эдгээр хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, шалгах боломжтой болгох зорилгоор баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарлаа. Нийгэмд шударга ёсны хэм хэмжээ, хүн бүр хуулийн өмнө тэгш байх зарчмыг ихээр алдагдуулж, онцгой их хор хохирол учруулсан энэ завхралыг хийсэн хүмүүс хэзээ хариуцлагаа хүлээх вэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-УИХ, Засгийн газраас “Та нар наагуураа энэ нэг балагтай юмыг зохицуулаад өгөөч” гэж захиалсны дагуу Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ аливаа хүнд гэмт хэрэг үйлдэж байсан үеийнхээс нь илүү ял тулгахгүй байх зарчим баримталж, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс хүний эрхийн талдаа зөв шийдвэр гаргасан. Үүнийг дэмжиж байгаа. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн дагуу ялаас мултрах болчихоод байна. Тийм учраас АТГ-т шалгагдаж байгаа хэргийн 90 хувь нь байхгүй болно. Дээрээс нь 2017 оны долодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1,500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 400 гаруй гэмт хэрэг, түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн цэцийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 3.8 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хохирол төрд болон иргэдэд учирсан. Гэтэл 2016 оноос төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд ийм зүйл хийсэн. Төлгөн коммунист авилгач коммунистуудаа ялаас чөлөөллөө. “Баяр хүргэе” хэмээн хэллээ.