Японд орон даяар зарласан онц байдлыг энэ сарын 31-нийг хүртэл сунгав

Дэлхийн мэдээ

Япон Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавируст халдварын тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд улс орон даяар зарлаад байсан онц байдлын хугацааг энэ сарын 31-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ талаар “Онц байдлын хугацааг дахин сунгасан. Гэхдээ мэргэжилтнүүдийн зөвлөлөөс орон нутаг дахь халдварын тархалтын тоо, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж зэргийн талаар нарийвчилсан судалгаа хийж 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 14-нд нөхцөл байдалд дахин үнэлгээ хийнэ. Хэрэв боломжтой гэж үзвэл онц байдлыг тогтсон хугацаанаас нь өмнө цуцлах бодолтой байна” гэв.

Эргэн сануулахад Японы Засгийн газраас шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд “Тусгай арга хэмжээний тухай хууль”-ийн 32 дугаар бүлгийн заалтыг үндэслэн дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн Токио, Осака хот болон Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока муж, улмаар 16-ны өдрөөс нийт орон даяар онц байдал зарласан.

Түүнчлэн Токио, Осака хот, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока, Хоккайдо, Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Киото буюу нийт 13 хот, мужийг “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны нэгж”-ээр нэрлэсэн юм.