ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.СЭР-ОД ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР "ПАРИС-2024" ОЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОХ ЭРХ ХҮРТСЭН МОНГОЛЫН 14 ДЭХ ТАМИРЧИН БОЛЛОО

Соёл урлаг, Спорт

     Дани улсын Копенхаген хотод “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн тэмцээн тавдугаар сарын 5-нд болов. Энэ уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, өнөөдрийн байдлаар “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхээ баталгаажууллаа.

Өдгөө 43 настай Б.Сэр-Од гавьяат “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын багийн 14 дэх эрхийг хүртсэн бөгөөд марафоны төрөлд уралдах гурав дахь монгол тамирчин болж байна. Парисын олимпын наадамд Монголын гурван марафонч уралдах ба Б.Сэр-Од зургаа, Б.Мөнхзаяа гурав дахь олимпдоо хурдаа сорих бол Г.Хишигсайхан анх удаа олимпын замд тоосоо өргөх нь.

“Парис-2024” олимпын наадамд 214 орноос эмэгтэйчүүдийн ангилалд 42 улсын 88 тамирчин, эрэгтэйчүүдэд 41 улсын 70 тамирчин (10 тамирчин орооны жагсаалтаар нэмэгдэнэ) олимпын наадамд уралдах эрхээ авсан байна. Онооны жагсаалтаар олимпын наадамд уралдах боломжтой 10 тамирчны эгнээнд Б.Сэр-Одоос гадна хоёр монгол марафонч байна. Тэднийг тавдугаар сарын 15-нд албан ёсоор зарлах билээ.