МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААНД ТЭРГҮҮЛЭГСЭД ШАГНАЛАА ГАРДЛАА

Нийгэм, Эдийн засаг

          Монгол Улс ирэх оны эхний өдрөөс төрийн албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах түүхэн хариуцлагатай явдал тулж ирээд байгаа энэ үед батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд уламжлал болон зохион байгуулдаг Монгол бичгийн уралдаан 11 дэх удаагаа амжилттай болж өндөрлөж, өнөөдөр шагналаа гардуулав. 

          Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэ удаагийн уралдаанд Батлан хамгаалах яамны харьяа болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн нийт найман байгууллагын 80 шахам алба хаагч оролцож, хоёр өдрийн турш өрсөлдсөн юм. Ингээд эцсийн дүнгээр “Алдаагүй зөв бичих” төрөлд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн оюутан С.Өлзийхишиг, “Таталган бичгийг алдаагүй зөв унших” төрөлд Батлан хамгаалахын Төв архивын ахлах архивч дэд ахлагч О.Золбоо, “Цэвэр сайхан бичих” төрөлд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн оюутан С.Халиунаа, “Уран бичлэг”-ийн төрөлд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байлдагч Б.Алтаншагай, “Компьютерт алдаагүй зөв шивэх” төрөлд “Зэв” УТҮГ-ын нууцын дарга хүний нөөцийн хэрэг хөтлөгч дэд ахлагч Б.Бямбаа нар тус тус тэргүүлж, өнөөдөр шагналаа гардан авлаа. 

         БХЯ-ны БХЗГ-ын дарга бригадын генерал М.Мөнхбаяр уралдааны төрөл тус бүрийн эхний гурван байр эзэлсэн алба хаагчдад шагналыг гардуулаад Монгол үндэстний их өв соёл уйгаржин монгол бичгээ сайн суралцахын зэрэгцээ бусдад үлгэрлэн таниулж, түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж яваа алба хаагчдадаа баяр хүргэж, бичиг соёлын үйлсэд нь өндөр амжилт хүсэв.  

       Монгол бичгийн уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ҮБХИС-ийн Гадаад хэлний тэнхимийн багш Д.Болод “Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг салбартаа өрнүүлэхэд энэхүү уралдааны ач холбогдол маш их. Манай уралдаанд залуучууд, сонсогчид хүч түрэн орж ирж байгаа нь талархууштай. Энэ нь ҮБХИС дээр зохион байгуулагдаж байгаа монгол бичгийн сургалт үр дүнгээ өгч, сургалтад хамрагдагсад, мөн залуу, дунд, ахмад үеийн төлөөллийн идэвх оролцоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагаас хагадаж байна” гэлээ. 

       Уралдааны талаар сонирхолтой баримт дурдвал, “Зэв” УТҮГ-ын нууцын дарга хүний нөөцийн хэрэг хөтлөгч дэд ахлагч Б.Бямбаа компьютерт алдаагүй зөв шивэх төрөлд түрүүлсэн бол Таталган бичгийг алдаагүй зөв унших төрөлд удаалж, оролцсон алба хаагчдаас хувийн амжилтаараа дээгүүр “давхижээ”. Мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас дөрвөн алба хаагч оролцсоноос байлдагч Б.Алтаншагай Уран бичлэгийн төрөлд түрүүлсэн бол хоёр алба хаагч нь Алдаагүй зөв бичих төрөлд дэд болон гутгаар байр эзэлсэн амжилт үзүүлжээ.