Б.БАЯРДАВАА: ТӨСӨВ ТЭЛЭХИЙН ХЭРЭЭР МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ОРОН ЗАЙ ХУМИГДАЖ БАЙДАГ

Нийгэм, Эдийн засаг

Э.ЭРДЭНЭ

Монгол Улс цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байна. Монголбанкнаас хэрэгжүүлэх мөнгөний бодлогын үйл ажиллагаа нь энэхүү сэргэлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалж, инфляц, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэжээ. Ийнхүү Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай уулзлаа.

-Мөнгөний бодлогыг УИХ-аар баталлаа. Ирэх 2025 онд ямар төлөвтэй байх вэ?

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар УИХ-ын чуулганд нэлээд дэлгэрэнгүй хэлэлцэж баталлаа. Эдийн засгийн өсөлт энэ жилийн хувьд хөдөө аж ахуйг хасаад тооцвол 8-9 хувийн өсөлттэй явж байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Эдийн засаг дунджаар 6-7 хувийн өсөлттэй гарвал  энэ нь Монголын эдийн засаг сайн гэсэн үг.  Тэгэхээр есөн хувь гэдэг бол том тоо. Нөгөө талаас эдийн засгийн халалт гэхээсээ илүү эдийн засаг бүрэн сэргэсэн гэж харж болно.  Энэ нь өөрөө  мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн өргөн барьсан гол онцлох зүйл юм. Эдийн засаг бүрэн сэргэсэн. Үндсэндээ сүүлийн 3-4 жилд геополитикийн хүндрэлтэй нөхцөл дунд эдийн засаг, аж ахуйгаа удирдсан. Тэгэхээр нэг ёсондоо энэ хүндрэлээс эдийн засаг бүрэн гарчээ гэж дүгнэж байна. Тэр нь ч энэ жилийн эдийн засгийн өсөлт дээр харагдаж байгаа.

Нөгөө талдаа эдийн засаг өндөр идэвхжилтэй байгаа, үүнийг дэмжиж буй нэг чухал хүчин зүйл нь санхүүгийн зуучлалын үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, зээл 27-28 хувиар өсч байгаа нь маш өндөр өсөлт. Үүн дотроо бизнесийн зээл, ялангуяа энэ оны II улирлаас эхлээд сэргэсэн. Өрхийн хэрэглээний зээл өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас мөн адил сэргэсэн. Энэ үзүүлэлтүүд эдийн засгийн идэвхжилийг дэмжиж дэмжиж байгаа гэж харж байна.

Бидний зүгээс гаргасан тоон үзүүлэлтүүдийг харахад өрхийн амьжиргаа, өрхийн эдийн засаг дээр хөдөлмөр эрхлэлт ямар байна вэ гэдгээс харж болно. Эдийн засгийн идэвхжилтэй уялдаад ажил эрхлэлт өнгөрсөн хүнд цаг үетэй харьцуулахад сэргэлт удаашралтай байсан. Энэ үзүүлэлт энэ жил өндөр идэвхжилдээ хүрсэн. Тэр нь юунаас харагдаж байна гэхээр ажил эрхлэлтийн, ажиллах хүчний оролцооны түвшин гэж байдаг. Хөдөлмөрийн насны хэдэн хүн ам ажил эрхэлж байгаа болон ажил идэвхтэй хайж байна уу гэдэг энэ үзүүлэлт хүндрэлтэй цаг үед 54 хувь руу унаж байсан бол 62 хувь болж найман пунктээр сайжирсан. Өнгөрсөн 2023 он хүртэл энэ үзүүлэлт сайжраагүй байсан.

Мэдээж олон янзын судлаач, судалгааны байгууллагууд янз бүрийн дүгнэлттэй байж магадгүй. Гэхдээ нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийн хамгийн гол асуудал нь дунд хугацаанд яаж тогтвортой хадгалах вэ гэдэг нь энэ жилийн үндсэн чиглэлийн гол агуулга.

-Ирэх 2025 оны төсвийн тэлэлт өндөр байгаа шүү дээ. Тэр утгаараа том, том  мега төслүүдийг эхлүүлэх юм билээ. Үүнийг дагаад валютын нөөцөд ямар дарамт ирэх бол?

-Төсөв ДНБ-ий 37 хувьтай тэнцэхүйц том төсөв орж ирсэн. Монголбанкны зүгээс хоёр жилийн өмнөөс УИХ-ын чуулган дээр маш тодорхой хэлж байгаа. Тэр нь юу гэхээр төсвийг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэх нь зохимжгүй гэдгийг хэлсээр ирсэн. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр хэрэв төсөв ингэж томрохоор нөгөө талдаа мөнгөний бодлогын орон зай хумигдаж байдаг. Орон зай хумигдахын хэрээр эцэстээ энэ нь зээлийн хүү, зээлийн нийлүүлэлтээр дамжин  хувийн секторын бизнесүүдэд сөрөг нөлөө үзүүлж мэдэх тул Монголбанк дандаа энэ тал дээр дуугарч, байр сууриа илэрхийлдэг.

Хөнгөлөлттэй зээл хөтөлбөрүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж байна. Засгийн газар гэж онцлоод байгаа нь Монголбанк энэ төсөл хөтөлбөрүүд дээр мөнгө нийлүүлж оролцохгүй. Банкууд өөрсдийн арилжааны банкны эх үүсвэрээр энэ зээлүүдийг гаргаж байгаа. Засгийн газар гэж  яагаад нэрлэж байна гэхээр Засгийн газар хүүн дээр нь тоглож, улсын төсвийн татаас болгож хүүг нь хөнгөлж өгч байгаа гэсэн үг. Энэ ямар зээлүүд байна гэхээр ихэнхдээ л хөдөө аж ахуйн зээлүүд. Монгол Улсын нийт инфлицийн 40 хувийг цөөхөн хэдхэн нэр төрлийн бараа эзэлдэг. Жишээ нь,

  1. мах,
  2. гурил (түүгээр үйлдвэрлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүн),
  3. хүнсний ногоо,
  4. шатахуун.

Ингээд харахаар зэрэг энэ дөрвөн бараа бүтээгдэхүүнээс гурав нь хүнсний бараа бүтээгдэхүүн байгаа юм. Энэ бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийг тогтвортой болгох чанарын алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэж чаддаг байх тухай асуудал нь нэгдүгээрт, улирлын үнийн хэлбэлзлийг байхгүй болгох ёстой. Хоёрдугаарт өрх, иргэд чанартай хүнсээр дотоодоосоо хангагддаг байх ёстой гэсэн хүнсний аюулгүй байдлын тухай яригдаж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын санаачилгыг Монголын банк санхүүгийн салбар дэмжиж оролцож байна. Энэ оны эхэн үетэй харьцуулах юм бол хүнсний хувьсгал, шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд нийтдээ нэг их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл гаргасан байна. Тэгэхээр энэ өөрөө ямар хэмжээний том дүн бэ гэхээр оны эхний найман сарын байдлаар бизнесийн зээл 3.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Уг 3.7 их наяд төгрөгийн зээлийн нэг их наяд төгрөг нь энэ хөтөлбөрийн зээл гэсэн үг. Үлдсэн 2.7 их наяд төгрөг нь зах зээлийнхээ журмаар арилжааны банкуудаас бусад бизнесийн салбар луу олгож байгаа бизнесийн зээлүүд юм.

Дээр дурдсан Засгийн газрын том хөтөлбөрүүдийг амжилттайгаар эдийн засагт сөрөг үр дагавар багтайгаар дээр нь төлбөрийн тэнцэл дээр валютын нөөцөд дарамт учруулахгүй байхад анхаарч хэрэгжүүлэх ёстой. Энийг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт төслүүдийг эрэмбэ дарааг тогтоох ёстой гэж бидний үзэж байна. Яаж эрэмбэ дарааг тогтоох вэ юуг шалгуур болгох вэ гэдэг нь анхаарал хандуулах ёстой асуудал. Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийн суурилагдсан хүчин чадал гэж бий. Тэр бол тээвэр логистик, хил гаалийн нэвтрүүлэх, төмөр зам, авто замын тээвэр хүчин чадлын асуудал гэх энэ бүх зүйлүүд өөрөө эдийн засгийг  даах хүчин чадалтай. Өнөөдөр эдийн засаг ийм өндөр өсөлттэй байгаа нь эдгээр хүчин чадал маш өндөр эргэлттэй явж байгаа гэсэн үг. Тиймээс энэ дээр дарамт үзүүлэхгүйгээр төсөл хөтөлбөрүүдийг цаг хугацааны хувьд зөв тархааж, оновчтой удирдлагаар хэрэгжүүлэх ёстой. Миний бодлоор хоёр дахь өнцөг нь энэ том төсөл хөтөлбөрүүд үндсэндээ Монгол Улсын хувьд ихэнх бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортоор авна. Ялангуяа, хөрөнгө оруулалтын шинж чанартай эсвэл томоохон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг. Энийг хэрэгжүүлэхдээ валютын урсгал оруулж ирэх тэр төсөл хөтөлбөрүүдийг нэгдүгээрт хэрэгжүүлэх ёстой. Хоёр дахь нь түрүүний нэгд хэлсэн хүчин зүйл буюу эдийн засгийн суурилагдсан хүчин чадлыг тэлэхээр ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гуравдугаарт, нь нэгэнт энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд валютын хэрэгцээ байх учраас энэ төслүүдийг гадны хөрөнгө оруулалтын гадаад валютаар хэрэгжүүлэх ёстой.

Миний зүгээс энэ гурван зүйл дээр анхаарах ёстой гэж бодож байна.

-Энэ сарын төлбөрийн тэнцэл алдагдалтай дээр нь төгрөгийн ханш энэ мэтчилэн сулраад байвал 2025 онд валютын урсгалыг нэмэгдүүлж чадах уу. Бид багагүй сорилтуудыг даван туулах юм биш үү?

-Төгрөгийн ханш сүүлийн жил гарангийн хугацаанд маш тогтвортой бага хэмжээний чангарсан төлөв байдалтай байгаа. Энэ нь өөрөө юуны тусгал вэ гэхээр төгрөгийн ам.доллартой болон бусад валюттай харьцах ханш гэдэг бол үндсэндээ зах зээлийн үнэ гэдгийг бид ойлгох ёстой. Ямар барааны зах зээлийн үнэ вэ гэхээр Монгол Улс руу орж ирж байгаа валютын орж, гарч байгаа урсгалын тэнцвэр дээр валютын зах зээл дээр тогтож байгаа үнэ. Тэгэхээр Монгол Улс руу ямар хэмжээний валют орж ирэх үү, буцаагаад бид импорт гадаад төлбөртөө ямар хэмжээний төлбөр төлөх үү гэдгийг харах ёстой. Монгол Улс руу ямар хэмжээний валют орж ирэх гэж байна гэхээр энэ жилээс эхэлсэн байгаа нэг зүйл нь Оюутолгойн далд уурхайгаас орж ирж байгаа экспортын орлого нэлээн нэмэгдэнэ. Хоёр дахь зүйл нь нүүрсний зах зээл маш өөдрөг байгаа тоо хэмжээний хувьд. Мэдээж хэрэг шинжээчид, Монголбанкны зүгээс ч нүүрсний үнэ буурна гэж хүлээж байгаа. Төсөөлөлд 110-120 байгаа нүүрсний үнэ 90-100 руу орж ирэх байх.

Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хооронд хийгдэж байгаа хэлэлцээрүүд.  Үүний үр дүнд бий болж байгаа нүүрсний зах зээлийн идэвхжил, худалдан авалтууд цаашаа үргэлжилнэ гэсэн төлөв байдалтай байна. Ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн жил болон энэ жилийнхээс ч давна гэдгийг засгийн газар төсвийн тооцоо судалгаандаа оролцуулсан.

Өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан асуудлуудын нэг бол яах аргагүй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл байлаа. Энэ хүрээнд Монголбанк 2025 онд баримтлах үндсэн чиглэлд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд;

Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:

1.Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд, 2027 оноос 5 хувь орчимд тогтворжуулах;

2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох;

3.Макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын болон үйл ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэн банкны системийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

1)Банкны салбарын гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх;

2)Банкнуудын зохистой засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хяналт шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлэх;

3) Банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлэхийг зорив. Мөн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэж, шууд хэрэгжилтийн үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлэх болон үндэсний, салбарын үнэлгээг эхлүүлнэ.

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:

  • Төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн шинэ үйлчилгээг дэмжиж, цаг үедээ нийцсэн хяналт, зохицуулалтын уялдааг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлэх, дотоодын мөнгөний захыг хөгжүүлэх;
  • Олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, төв банкны бодлого, үйл  ажиллагаа, хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллах,
  • Жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэхээр тус тус зорилгоо дэвшүүлэв.
  •                                                                                                                  

                                                                                                             Эх сурвалж: Монголын мэдээ сонин