“СҮЛДЭТ БАГАНА-2024” ХАГАС МАРАФОН ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЛОО

Соёл урлаг, Спорт

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн”, Халхын голын байлдааны ялалтын 85 жил, Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 91 жил, эрх чөлөө тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн Монгол Зөвлөлтийн баатарлаг гавьяаг сурталчлах, “Ахлагчийн жил-2024” арга хэмжээний хүрээнд “Сүлдэт багана-2024” хагас марафон гүйлтийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Сүлдэт багана талбайд болов.

Нийтийн биеийн тамир спортыг бие бүрэлдэхүүний дунд дэлгэрүүлэх, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, эрүүл зөв амьдрах ёс зүйг төлөвшүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тус тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин-олимп, биеийн тамир спортын холбоо хамтран зохион байгуулсан юм. 

Тус тэмцээн Хилийн цэргийн төвийн бүсийн анги салбарын алба хаагчдын дунд 2023 онд анх удаа зохион байгуулагдахад 80 гаруй тамирчин оролцож байсан бол хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Сүлдэт багана-2024” хагас марафонд хил хамгаалах байгууллагын өнцөг булан бүрээс ирсэн анги, салбарын 160 гаруй тамирчин 10, 21 км гэсэн хоёр зай, таван насны ангилалд өрсөлдлөө. Цаашид энэхүү тэмцээний цар хүрээг тэлж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.