УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатартай 2025 оны төсвийн тодотголын цар хүрээ, өгөөж хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг орон нутаг дахь бие төлөөлөгчтэйгөө уулзаж байх үеэр таарлаа. Томсгосон тойргийн хүрээнд бие төлөөлөгчийг ямар байдлаар томилох нь сонгогчдын эрх ашигт нийцэх вэ?
-Юуны өмнө “Монголын мэдээ” сониныхоо уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний хувьд 126 гишүүнтэй парламентын анхны гишүүдийн нэг. Шинээр сонгогдсон нь 81. УИХ-д өмнө нь сууж байсан, дахин сонгогдсон гишүүд маань “Гишүүдийн тоо цөөн байхад шинэ гишүүд орж ирэхэд парламентийн шинэчлэл мэдрэгддэггүй байлаа. Харин энэ жилийн сонгуулийн үр дүнд шинэчлэл жинхэнэ утгаараа бий болсон байна” хэмээсэн. Үнэхээр парламентын 66 хувь нь шинэчлэгдэж, над шиг цоо шинэ гишүүд улс төрд орж иржээ.
Хуучин тогтолцооны үед тойрог нь жижиг , дээр нь нэг аймаг нэг тойрог байсан шүү дээ. Зарим нь хоёр тойрог болж хуваагддаг байсан санагдана. Ийм үед тухайн гишүүн тойрогтоо буюу аймагтаа нэг бие төлөөлөгчтэй байж болдог байв. Харин одоо тойрог томссон. Жишээ нь миний нэр дэвшсэн хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн гурван аймгийг нэгтгээд нэг тойрог болгосныг уншигчид мэдэж буй. Энэ үүднээс авч үзэхэд, бие төлөөлөгчийг аймаг бүр дээр томилохгүй бол учир дутагдалтай. Сонгогчид дунд нь хохирно. Жишээ нь Архангайн иргэн миний бие төлөөлөгчтэй уулзахын тулд Өвөрхангай эсвэл Баянхонгор явах болж байна уу. Хоёрдугаарт, бие төлөөлөгч тухайлсан орон нутгаа л хариуцна. Бас сонгогчдоо ч сайн мэднэ. Асуудал гарлаа гэхэд бие төлөөлөгч бодит газар дээрээсээ л мэдээллээ судалж хүргэнэ. Хүн танихгүй, газар мэдэхгүй, орчин нөхцөлийг мэдрэхгүй хүн юу хэлэх билээ.Өвөрхангай аймгийн Ардчилсан нам надад итгэл хүлээлгэсэн учраас миний хувьд Өвөрхангай аймгаас бие төлөөлөгчөө сонгосон. Дашрамд өгүүлэхэд, Монгол Улс Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа Өвөрхангай аймагт ардчилал яллаа, 34 жил нэг нам дангаар засагласан гэсэн үг.
-Чуулган түр завсарлахаас өмнө 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсвийн төсөл болон түүнийг дагаж орж ирсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд үүнээс гадна 2023 оны төсвийн тайланг дүгнэж өдөр, шөнөгүй хуралдсан. Шинэ гишүүдийн хувьд амаргүй байсан байж мэднэ?
- Үнэнийг хэлэхэд тийм. Шинэ гишүүдийн хувьд 2024 оны төсвийн тодотголтой шууд нүүр тулсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, яамдын нэр өөрчлөгдсөн шалтгаанаар 2024 оны төсвийн тодотголыг яаралтай нэрийн дор шууд оруулж ирсэн.Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ хэмжээний хувьд ихэсгэх, багасгах асуудал харьцангуй бага яригдсан. Монголчууд “гуя дагаж хүзүү” гэдэг дээ, энэ л жишгээр маш олон хуулийн төслийг оруулж ирсний нэг нь Тендерийн тухай хууль. Уг хуулийн төслийг төсвийн тодотголтой холбож яримаар байна. Тендерийн тухай хуулийг өөрчлөх үзэл санаа нь юу байсан бэ гэхээр. Нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулдБогд уулыг нүхэлж Зуунмод хоттой холбох нэрийн дор Тендерийн хуулийг мөрдөхгүйгээр ажлыг нь хэн нэгэн танилынхаа компанид өгөх гэж яаравчилсан хэрэг. Үүнийгээ яаж журамлаж оруулж ирсэн бэ гэхээр Засгийн газар өөрөө тендерийн хуулийг мөрдөх эс мөрдөхийг тухайн төслийн цар хүрээнээс хамаарч шийднэ. Ингэхдээ сайд нь компанийн эдийн засгийн чадавхад суурилан сонгон шалгаруулна гэсэн заалтыг оруулж ирсэн. Тендерийн хуулийг мөрдөхгүйгээр шүү. Уг нь Тендерийн тухай хуулийн үндсэн зорилго бол ил тод нээлттэй байх зарчим. Зарим тохиолдолд маргаан гарна. Түүнийг шийдэх дундаж хугацаа нэг жил. Энэ хооронд хэн хохирдог вэ гэхээр улс л хохирно. Тендерийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл хүч түрсэн байдлаар орж ирсэн. Ийм хуулийн төсөл орж ирж байгааг ард түмэнд мэдэх хугацаа олгоогүй. Маш богино хугацаанд иргэдийг мэдэхээс өмнө амжиж батлах явдал байсан. Ийм заваан үйлдлийг бидний таван гишүүн зогсоож чадсан. Та бүхэн анзаарч харсан бол миний бие цахим хуудасдаа “Нэг хулгайг нь зогсоож чадлаа” гэж бичсэн. Хуулийг өөрчилж болно гэхдээ нээлттэй ил тод, шаардлагатай гэж үзвэл ард түмний саналыг авч өргөн олноороо хэлэлцдэг байх ёстой. Засгийн газар, УИХ нь юу бэлдэх ёстой вэ гэхээр хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж байх үед иргэдийн саналыг сонсох, ирүүлсэн саналыг нь нэгтгэдэг, буцааж тайлагнадаг байвал хууль амьдралд хэрэгжихэд амар хялбар байх болно. Үндсэн хуулийг эрх баригчид өнгөрсөн найман жилийн хугацаанд хоёр ч удаа өөрчилсөн. Тэгэхээр миний зүгээс илүү нээлттэй ил тод гэдэг байдлаас асуудалд хандсан.
-УИХ-д мэргэшсэн эдийн засагчид цөөнгүй сонгогдсон. Тэдний нэг нь та. Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх үед шинэ гэлтгүй байр сууриа илэрхийлж байгаа харагдсан. Томсгосон тойрог гэх утгаараа гурван аймагт хийх хөрөнгө оруулалтын асуудал уу эвсэл ирэх оны төсөвт засч сайжруулах зүйл олон байв уу?
- Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл өргөн баригдсан байдалтай бүрэн гүйцэд танилцаж амжаагүй байна. Өргөн баригдсан төсвийн төслийн агуулгад дүгнэлт хийхэд “хот улс”-ынасуудлыг шийдэхэд хэт анхаарсан юм шиг харагдаж байгаа. Уг нь бол Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин өргөн уудам газар нутагтай. Гэтэл дөрвөн уулын дунд байгаа хотын түгжрэл, түүнийг дагасан асуудлыг шийдэхийн тулд 2025 оны төсвийг тэр чигт нь зориулж болохгүй шүү дээ. Улаанбаатар хотыг Зуунмод хоттой нийлүүлэхийн тулд Богд уулаа нүхэлж туннель хийх, тэр туннельдээ хүрэх ган татлагат гүүр барих, Богд уулын урд талд Засгийн газрын нэгдсэн төв байгуулах гэх мэтчилэн нийслэлийн түгжрэл, утаа зэрэг асуудлуудыг маш ихээр оруулж ирсэн байна лээ. Тэгсэн мөртөө эсрэгээрээ 2025 оны төсөвт орон нутагт шинээр нэг ч хөрөнгө оруулалт хийхгүй харин өнгөрсөн онуудад тавигдсан сургуулийн өргөтгөл гэх мэт ажлуудаа үргэлжлүүлэхээр тусгасан байсан.
Мөн УИХ , 2023 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр төрийн томилгоо буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарыг томилсон. Ийм томилгоо хийгдэх төрийн 6756 байгууллага байна. Эдгээр байгууллагаас Төрийн банкийг жишээ болгоё. Даргыг нь томилохдоо банкны үйл ажиллагааг энэ түвшинд хүргээрэй эсвэл үйл ажиллагаагаа цахимжуулаарай гэх мэтчилэн тодорхой үүрэг даалгаврыг өгч болно оо доо. Ямар ч хариуцлага, үр дүн тооцдоггүй томилгоо байж болох уу. Түүнчлэн гадна дотнын зээл тусламжаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд ч ялгаагүй. Хариуцлага тооцох эзэн бие байхгүй, хөтөлбөр хэрэгжсэн үү үгүй юу, бүү мэд. Ийм л байдлаар санхүү, хөрөнгө оруулалтын асуудалд хандаж ирсэн байна, бид. Тэгэхээр шинээр хийж буй томилгоонуудад хариуцлагатай хандаж, удирдаж ажиллах албан тушаалтан нь мэргэжлийн байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан миний ижил байр суурьтай байгаагаа энэ үеэр мөн хэлж байсан.
Засгийн газар үйл ажиллагаагаа танилцуулж, бүсчилсэн байдлаар гишүүдтэйгээ уулзах үеэр аль болох мэргэжлийн томилгоог хийгээрэй. Санхүүгийн салбарт физикийн багшийг томилж байсан удаа байсныг сануулж, ийм байдал давтагдах ёсгүй гэдгийг анхааруулж хэлсэн. 2023 оны аудитын тайланг үзэхэд, эзнийг нь олж хариуцлага тооцох асуудал их байна лээ. ДНБ-ий 77.9 хувьтай тэнцэх хэмжээний дүнгээр аудитаас хязгаарлалттай дүгнэлт гаргасан. Энгийнээр хэлэх юм бол энэ ажил чинь болохгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төсөвт хэрэглэж байгаа мөнгөний 80 хувь ямар ч хяналтгүйгээр урсаад байна.
-Иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэхэд төсөв хэрэгтэй. Гэтэл танд төсөв олдохгүй нь бололтой. Одоо яах вэ?
-Засгийн газар хувийн хэвшилтэйгээ зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байгаа талаархи УИХ-ын даргын байр суурьтай би санал нэгдэж буй. Тодруулж хэлбэл, “Улсыг улс шиг байлгахын тулд хувийн хэвшлийн орохгүй байгаа салбар луу төр өөрөө бодлогоор орно” хэмээсэн. Жишээ нь ноосон бордооны үйлдвэрийг төр барих ёстой. Монгол Улс жилдээ 40 мянган тонн ноос хяргаж авдаг бол энэ 40 мянгадаа зориулсан үйлдвэрээ 21 аймагт барьж байгуулж гэмээнэ нийслэл рүү чиглээд байгаа төвлөрлийг сааруулах юм. Орон нутагт малаас гарж байгаа түүхий эд нь тэндээ эцсийн бүтээгдэхүүн болох ёстой. Үүний төлөө би ажиллана. Хамаг асуудлаа бөөрөнхийлж, хэлэх үгээ залгин үг дуугүй явдаг хүн би биш. Бид УИХ-д өргөн баригдсан төсөв дээр судалгаагаа хийгээд аравдугаар сарын 1-нд чуулган эхлэхэд байр сууриа илэрхийлнэ. Мөн хөдөө, орон нутаг, үйлдвэржилт, малаас гарсан түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргахын төлөө ханцуй шамлан ажиллана.
-Орон нутгийн сонгууль хаяанд иржээ. Хангайн бүсэд засаглалын ямар хэлбэр байвал шударга ил тод байх вэ?
-УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш хоёр ч удаа Өвөрхангай аймагт ажиллалаа. Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид хэдийнэ тодорсон учраас бид тойрогтоо очиж ажиллана. Миний зүгээс орон нутгийн улс төр лүү орох бодол байхгүй ээ. Тэд өөрсдийн мөрийн хөтөлбөр, зорилгоо дэвшүүлээд өрсөлдөх нь зөв. Тэрнээс хэн нэгэн УИХ-ын гишүүн очоод үүнийг дэвшүүлнэ, тэрийг дэвшүүлэхгүй гэвэл түүн шиг утгагүй зүйл байхгүй. Монгол Улсын хөгжлийн чиг хандлага хаашаа явах юм, юун дээр тулгуурлаж хөгжих юм бэ гэдгийг иргэдэд танилцуулах нь бидний үүрэг. Бид мэдээж намын нэр дээрээс сонгогдсон гишүүн тул гурван аймагт нэр дэвшиж байгаа намынхаа хүмүүсийг дэмжиж тойрогтоо ажиллана. Энэ бол бидэнд намаас өгсөн үүрэг даалгавар.
-Танай тойргоос сонгогдсон долоон гишүүн эв нэгдэл сайтай байгаа харагдсан. Хамтын хүчээр хамгийн түрүүнд шийдэх асуудлаа юу гэж тодорхойлов?
-Миний тухайд орон нутгаас сонгогдсон гишүүн учраас ХАА-н салбарт маш сайн анхаарч ажиллана. Хоёрдугаарт, биэдийн засагч,банкир хүн. Энэ утгаараа манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллага, түүгээр дамжин олгогдож байгаа их хэмжээний зээлийн асуудал руу орохоор бэлтгэлээ базаагаад эхэлсэн. Мөн тэр их мөнгөний ард явж байгаа хууль бус мөрийтэй тоглоом руу бүх анхаарлаа хандуулж ажиллана.
Юуны учир дээрх хоёр асуудалд анхаарлаа хандуулж байна вэ гэхээр эдүгээ хүн болгон гар утсаараа хүссэн мэдээлэл, эдийн засгийн хэрэгцээгээ хангадаг болсон байна. Энэ хүрээнд иргэд аппликейшний зээлийг маш их авах болж. Наанаа хүүгүй зээл мэт харагдаж байгаа ч эдийн засгийн тооцоолол нь аймшигтай. Нэг удаагийн элсэх төлбөр болох 10 хувийн шимтгэлийг бодоод үзэхэд л үүний цаана асар их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг. Хоёрдугаарт, цахим мөрийтэй тоглоом орон нутагт хэрээс хэтэрч байна. Жишээ нь би өнөөдөр 50 мянган төгрөгөөр тоглоод алдчихлаа, эсвэл 100 мянган төгрөгөөр тоглон түүнийгээ 200 мянга болгож хожлоо гэж бодъё. Амар хялбар аргаар мөнгө олж болдог юм байна гээд тоглоомдоо амтшаад ирэхээр өдөрт 50, 100 мянган төгрөг тавьж тоглодог байсан бол хэд хоногийн дараа 500, нэг сая төгрөгөөр тоглох жишээний. Тавьсан мөнгөө алдчихаар гар утсаараа хэнээс ч гуйхгүйгээр зээл авчихаж байна. Тэгээд алдсан мөнгөө эргүүлж авахын тулд дахиад л тоглоно. Тоглоомд донтсон үед зээлийн хүү хэд байх нь огт хамаагүй санагдана. Ялангуяа, хөдөө орон нутагт энэ байдал хавтгайрч 10 хүн тутмын найм нь өнөөдөр аппликейшний зээлтэй болсон байна.
Банк бусын цаад зорилго бол мэдээж ашиг. Монголд Даашинхүүгийн пүүсийн хоёрдугаар анги хэрэгжиж эхэлсэн. Энийг цэгцлэх ажлыг одооноос хийж эхлэхгүй бол удахгүй толгойны өвчин болно шүү. Нөгөө талаас банк бусын зээл аваад түүгээрээ ямар нэгэн бизнес эхлүүлээд явж байгаа бол өөр хэрэг. Харин иргэдийн ихэнх нь ахуйн хэрэглээндээ зарцуулах гэж зээл авч байна.
-Танай гэр бүлийг уншигчид сайн мэддэг. Таны ах Д.Мөнх-Эрдэнэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн. УИХ-ын сонгуулийн үеэр өөрөө нэр дэвшиж яваа юм шиг л дүүгийнхээ төлөө зүтгэсэн дээ. Олон хүн таныгахынхаа буянаар УИХ-ын гишүүн болсон хэмээн сэвсэн.
-Үнэн юмыг үгүйсгэх нь тэнэг хэрэг. Би ч бас ахынхаа адил шударга байхыг хичээдэг. Тиймээ, ахынхаа нэрээр гишүүн болсон. Юуг нь нуух вэ дээ. Манай хангайн тойргоос хэд хэдэн битүү морьд давхисны нэг нь би. Ах маань ганцхан миний төлөө гүйсэн юм биш. Хангайн тойрогт засаглалын шинэ хэлбэрийг тогтоохын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Үр дүнд нь түүхэндээ анх удаа Ардчилсан нам ялж, долоон гишүүнтэй болж, олондтанигдаагүйшинэ , залуу улстөрчид Монголын парламентед хөл тавьсан. Энэ бол өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл. Би ингэж харж байгаа.
Минийхувьдолоннийтийнсүлжээ, хэвлэлмэдээллийнхэрэгслийнөмнө тэр бүр гарч байсангүй. Довоо шарлуулна гэдгээр өөрт ногдсон ажлаа хариуцлагатайгаар хийхийг чухалчилж явлаа. Сайн улстөрч болж амжаагүй ч шаггүй эдийн засагч гэдгээ хаана ч хэлнэ.Банк, санхүүгийн салбарт ажилласан 18 жилийнтуршлага байна. Манай гэр бүлийн амьдрал олон түмэнд ил байдаг. Миний ах Д.Мөнх-Эрдэнэбол дэндүүнээлттэйхүн. Надад ч бусдааснуугаадбайхзүйл ч алга.
-Ярилцсан танд баярлалаа
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
0 Сэтгэгдэл