Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ОУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх олон талт ажлыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд дэлхий даяар 500 сая гаруй тогтмол хэрэглэгчтэй аялал жуулчлалын платформ болох Trip.com групптэй хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгууллаа. Уг гэрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон Trip.com группийн гүйцэтгэх захирал Жейн Сан нар гарын үсэг зурав.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд контентоор дамжуулан сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Trip.com нь дэлхийн хэмжээнд нисэх буудал, зочид буудал болон аялал жуулчлалын үйлчилгээг онлайн платформоор дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг тэргүүлэгч байгууллагийн нэг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь манай улсын аялал жуулчлалын салбарт шинэ боломжуудыг нээж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ.
0 Сэтгэгдэл