ИРЭХ 2025 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГОО ТАНИЛЦУУЛЛАА

Нийгэм, Эдийн засаг

   Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганбат болон Сангийн яамны газар, хэлтсийн дарга нар “Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб”-ийн сэтгүүлчдэд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

           Монгол улсын 2025 оны төсвийн төсөл нь нийгэм, эдийн засгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх,нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлог юм. 

Хөгжлийн хөрөнгө оруулалт, бүсийн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд  хөрөнгө оруулалтад зориулсан нийт  6,9 их наяд төгрөгийн 24 хувийг зарцуулна. 

                  Тухайлбал, бүсүүдийн  эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. 

Ирэх 2025 онд нийт 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар төлөвлөөд байна.  

                  Үүнээс гадна төсөвт туссан нэг чухал хөрөнгө оруулалт бол нийслэлийн төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах  “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг мега төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх юм. 

               Мөн Бүсчилсэн хөгжлийн зорилттой уялдсан татварын бодлого хэрэгжүүлэх, төрийн өмч хөрөнгийн үр ашгийг өсгөх, боловсруулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд 2025 оны төсвийн бодлого чиглэж байна. 

Тодруулбал, Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2025 оны улсын төсвийн төсөлд нийт 93.5 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд 2025 онд орон нутагт 7,282  өрх, Улаанбаатар хотод 6,152 өрх нийт 13,434 орчим өрх орон сууц болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад хамрагдах боломж бүрдэх юм. 

              БНХАУ-ын ЭКСИМ банкнаас санхүүжиж буй 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, БНЭУ-ын ЭКСИМ банкнаас санхүүжиж буй жилд 1.5 сая тонны хүчин чадал бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд нийт 549.9 тэрбум төгрөг, БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр Үндэсний хиймэл дагуулын сүлжээг байгуулж, иргэд оршин суугаа газраас үл хамааран интернэттэй холбогдох, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломжтой болно.

            Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж байна.