БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлыг Сөүл хотноо зохион байгуулж байна.
Тус хурал нь дэлхийн улс орнууд дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж худалдаа, тээвэрт үүсэж буй саад бэрхшээлийг арилгах, тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх замаар улс орнуудын улс төр, эдийн засаг нийгмийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр хэлэлцлээ.
Хуралд дэлхийн 20 гаруй орны тээврийн сайд, дэд сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, манай улсаас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Хуралдаанд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европыг холбосон тээврийн транзит орон болохоор зорьж байгаа тухай болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих тээвэрлэлт нь эдийн засгийн зардал хэмнэсэн, тээврийн үр ашигтай коридорууд болох талаар мэдээллээ.
Тус хуралд Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй, төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар сэргээн баригдах “Шинэ Хархорум” хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар-Хархорин хот чиглэлийн авто зам, төмөр зам барих болон бусад зам, тээврийн суурь дэд бүтцийг байгуулах төслүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хуралдааны үеэр Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Дэд сайд Kim Sang-moon нар Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах хүрээнд 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийг эхлүүлэхээр протоколд гарын үсэг зурлаа.
Уг төсөл нь БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон улсын хөгжлийг дэмжих байгууллагын буцалтгүй тусламжаар “К-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн, цахим удирдлагын тогтолцоог бий болгох” сэдвийн дор хиймэл оюун ухаанд суурилсан авто замын засвар арчлалтыг төлөвлөх, тооцоолох, удирдах, хяналт тавих цахим систем, нэвтрүүлэх,техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, хүний нөөцийг сургах зэрэг ажлууд хийгдэнэ.
0 Сэтгэгдэл