Ш.БЭРЦЭЦЭГ: ХҮН ХАЙР ХҮНДЭТГЭЛТЭЙ АЛИВАА ЗҮЙЛТЭЙ ЭВЛЭЖ, ТЭРСЭХГҮЙ, ОРШИХУЙТАЙГАА ИВЭЭЛТЭЙ БАЙХ НЬ ХҮНИЙ ЧАНАР ЮМ ШҮҮ ДЭЭ

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

“Хөх Монголын Зөн” соён гэгээрэхүйн төвийн үүсгэн байгуулагч, социологич, соён гэгээрүүлэгч Ш.Бэрцэцэгтэй ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Мөн өөрийн хийж буй ажил тань хүмүүст ямар ач холбогдолтой вэ гэдгээс ярилцлагаа эхлэе?

-Намайг Бэрцэцэг гэдэг, социологич, сэтгэл зүйч мэргэжилтэй. Сүүлийн 13 жил энэ мэргэжлээрээ мэргэшсэн. “Хөх монголын зөн” соён гэгээрэхүйн төв гээд ТББ-ыг 2011 оноос үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаж байна. Нийгмээ, нийтээ соён гэгээрүүлэх, нийгмийн соён гэгээрэл нь хувь хүнийхээ хөгжлөөс хамаардаг. Ийм учраас хувь хүний хөгжлийн сургалтууд явуулж байна.

-Таны хувьд соён гэгээрүүлэгч гэж байна. Олон ч жил дагнан, мэргэшин ажиллаж байгаа юм байна. Түүнийгээ энгийнээр уншигчдад тайлбарлавал?

-Соён гэгээрэх гэхээр үгийн үндсээс нь харахад л соёолж ургах, гэрэл гэгээ татах гээд ерөнхий утга харагдаж байгаа байх. Тиймээс хүн өөрийнхөө дотоодод байгаа гэрэлтэй чанараар цэцэглэж, хөгжих ёстой, тэр замналыг хэлж байгаа юм. Мэдээж хүмүүсийн хувьд, ард түмний хувьд ч, улс үндэстний хувьд ч соён гэгээрэл нь харилцан адилгүй байдаг. Ямар ч ажил мэргэжлийн хүн байсан хүйс, шашин харгалзахгүйгээр бүх хүний дотоод хөгжил, ахицтай байх ёстой. Тэгж байж улс орны хөгжил зөв гольдрилоороо явна. Тэгэхээр хөгжлийн зөв гарц гээд байгаа зүйлийн нэгж хэсэг нь хувь хүний хөгжил. Хувь хүний хөгжил нь соён гэгээрэл буюу дотоод аливаа юмсын зүй тогтол, мөн чанарыг таньдаг байгалийн төрмөл чанараа хөгжүүлэхийг хэлээд байгаа юм. Өмнө цагт бол үе үеийн соён гэгээрүүлэгчид, хутагт хувилгаадынхаа эрдэм, судар шастир, сургаалаар явж, түүчээлэгдэж ирсэн. Энэ үед мөн адил тодорхой хэмжээний соён гэгээрүүлэгчид байж л байна. Маш олон эрдэмтэн мэргэд эх хэл, өв соёлоо хадгалж, хамгаалж, улс үндэстнийхээ мөнхөд орших дархлааг манасаар ирсэн. Тийм болохоор энэ амьдралд ихээр бүдэрчихгүйн тулд хүмүүс маань үе үеийнхээ соён гэгээрүүлэгчдийнхээ бүтээл хийгээд жаягт суралцаж байх ёстой. Соён гэгээрүүлэгчид байгалийнхаа жам хэмээх ертөнцийн зүй тогтлыг хадгалдаг, хамгаалдаг жамтай. Энэ ухааныг хадгалсаар, хамгаалсаар, өртөөлсөөр үнэнг өөрсдөө тамгалсаар буцдаг. Өнөө цаг үед бид хувь хүний хөгжлөө ахиулахгүй бол хэцүү л дээ. Гэтэл одоо цагт хувь хүний хөгжлийг гадна талаас нь өнгө үзэмж, хувцас хунар, өнгө мөнгөөр дүгнэдэг болсон байна. Мэдээж энэ бол шинж чанар талаасаа хөгжил мөн ч мөнх чанартай зүйл биш юм. Монголчуудын хувьд уламжлалт сэтгэхүй нь юу байсан гэхээр оршихуйн амиа хадгалдаг, энэ гэгээн чанаруудаараа эргээд өөрийнхөө амьдрал ахуй, бие сэтгэхүй эрүүл саруул байж ирсэн. Соён гэгээрүүлэгчид ч үүн дээр үндэслэн бодрол, бясалгал бүтээлээ туурвиж үлдээдэг байсан. Энэ цагт бид хамгийн мөнх оршихуйн мөн чанараа алдчихаад байна. Үүнийг хүний өөрийнх нь дотоод үнэт зүйл, мөн чанар л баримжаалдаг, танин мэдэрдэг.

Мэдсэн зүйлээ мэдрээд үйлдэл болгоно гэдэг хүний эрдэм юм. Бид саяхан сонгуулиа өгсөн, гэтэл иргэд хууртаж байгаагаа мэдсээр байж саналаа дахин дахин өгөөд л байдаг. Энэ нь юутай холбоотой гэхээр иргэн бүрийн соён гэгээрэл буюу дотоод хувь хүний хөгжил маш дорой, сонгогчдын боловсролын түвшин маш бага байхаас гадна нөгөө л мөнх оршихуйн үнэт зүйл болсон хүн чанар, мөн чанарын түвшин хөгжөөгүй байгааг илтгэж байна. Тиймээс л бид олон арван жилийг үр дүнгүй, хохиролтой барж байна. Одоо энэ байдлаасаа гарах хэрэгтэй шүү дээ, шавар дотроо хэчнээн их хутгалдах гэсэн юм бэ.

-Тэгвэл энэ байдлаасаа гарахын тулд яах ёстой гэж?

-Иргэн бүрийн дотоод хөгжил шинж чанар талаасаа ахицтай байна. Гэтэл монгол үндэстний хувьд таныг илэрхийлдэг өөрийн мөн чанар тань үнэт зүйл нь байдаг. Хүн чанар гэдэг нь хайр буюу өөрийн уг үндэс, гэгээ гэрэлтэй чанар юм. Хайр гэдэг тэр үрээс хүний гэгээн чанар үндэслэж ургадаг. Хүн чинь хайр хүндэтгэлтэй байж аливаа зүйлтэй эвлэж, тэрсэхгүй, оршихуйтайгаа ивээлтэй байх нь хүний өөрийн хүн чанар юм шүү дээ. Хүн чанартаа суурилан хөгжихгүй бол үр ашиг, үнэт зүйлгүй өнгөрсөн хэдэн арван жил шиг л цаг хугацаа үргэлжилнэ, биднийг хүлээж байгаа. Ийм байхгүйн тулд боловсролын систем хамгийн наад захын маш энгийн түвшинд хайр энэрэл, хүний чанар гэдэгт бодлогоо боловсруулж байх ёстой. Бага ангийн хүүхдүүд математик, гадаад хэлээр ачааллахын оронд оршихуйгаа хайрлах, байгалиа хайрлаж, хамгаалах тал дээр нь яагаад хөгжүүлж болохгүй гэж. Үүнийг бодлогын хэмжээнд гаргаж тавиагүй учраас шат шатны нэгж түвшинд хэрэгжилт алга. Энгийн хэрнээ амьдралд маш хэрэгтэй жижиг зүйлүүдээ төрийн бодлогоор хийж хэрэгжүүлэхгүй, зүгээр л том юм бодож, мөрөөдсөөр өнөөдрийн энэ байдал бий болсон гэж боддог. Аливаа том зүйл чинь маш бага, энгийн зүйлээсээ бүтэж байдаг. Энгийн зүйл маань ямар ч хэлбэрдэлт байхгүй, үнэн байдаг. Нөгөө талаар эх хэл маань монгол үндэстний дархлаа, эх хэлээ сайн сураагүй байхад нь гадаад хэл сургах гэж хэт шахаад яах вэ дээ. Хэлээрээ дамжиж сэтгэлгээ төлөвшдөг. Монголоо гэсэн сэтгэлгүй, сэтгэлгээгүй хүн яаж төр барих юм бэ.

-Соён гэгээрүүлэгч хүн учраас иргэд танд их ханддаг байх. Хандаж байгаа иргэдийн хандлага болон голлон асууж мэдэхийг хүссэн зүйл нь юу байдаг вэ?

-Мэргэжил, боловсрол хамаарахгүй олон хүн надад ханддаг л даа. Хандаж байгаа зүйлүүд нь гол төлөв амьдралын болж бүтэхгүй асуудлууд байдаг нь ажиглагддаг. Мэдээж идэх талхгүй хүн тэгтлээ улс орноо бодож чадахгүй байх, тэгэхээр идэх талхтай байхын тухайд, хүн өөрт байгалиасаа заяасан маш олон чадамжуудаа яаж ашиглах юм. Өөрөө өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ яаж бүтээж сурах юм гэдгийг монголчууд дээр үеэсээ гэрийн боловсролоор үр хүүхдүүддээ олгодог байсан. Аав ээж маань тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гэж хэлдэг байсан маань болохгүйдээ ч биш цаад утгаар нь аваад үзвэл өөрийнх нь бүрэн бүтэн заяаг манасан, хамгаалсан ёс хэмээх ёр бүхнийг нь хаасан энергийн хуулиуд нь байсан. Өнөө цагт ингэж хэлээд ойлгохгүй, тиймээс өөрөө л хөгжих хэрэгтэй. Үүний тулд үе үеийн соён гэгээрүүлэгчдийнхээ бүтээлийг уншихаас өөр аргагүй. Унших дургүй аваас ардын аман зохиолоос уншиж, суралцах нь зөв. Тэр уншиж буй амьтай хөх үгнүүд чинь таны эсийн түвшинд программчлагдаж, вирустэй компьютерийг форматлах адил таны олон арван жил тээсэн вирустэй мэдээллийг цэвэрлэнэ. Ардын аман зохиолтойгоо ханьсаад өөрийнхөө дотоод мөн чанарыг сэргээхээс гадна өөрийн хүүхэддээ болох болохгүйн ялгааг цаад мөн чанараар тайлбарлаж чадна.

-Тэгвэл та өөртөө хандаж байгаа хүмүүст өгдөг хамгийн гол мессеж чинь юу байдаг вэ?

-Хувь хүний хөгжил, өөрийгөө хөгжүүл гэдгийг л голлон хэлдэг дээ. Түүнийгээ соён гэгээрүүлэх хичээлүүдээрээ, хутагт хувилгаадын сургаалуудаар дэлгэрүүлэн заахаас гадна гэрийн даалгавар өгдөг. Хүн байгалийн амьтан учраас хөдөлгөөнтэй байх ёстой, тэгж байж хураагдсан аливаа зүйлээ гөвдөг. Түүнчлэн тархи оюунаа байнга тэлж, атаршуулахгүй байх ёстой. Атаршсан зүйл дээр юм тогтдоггүй, зэрлэг үйлдэл, зэвтэй үг, буруу сэтгэл гардаг тиймээс л уншиж судлах, сонссон мэдлэг мэдээллээ байнга тунгааж, хэрэгтэй хэрэггүйггээ ялгаж, салгадаг байх хэрэгтэй. Ер нь хүн өөрөө хөгжихийн тухайтад хөтөч хэрэгтэй, тэр нь үе үедээ соён гэгээрүүлэгчид, мэргэд байсан. Төр засгийн удирдагчид ч тэднийхээ үгийг сонсдог байж. Манай төвд хандсан иргэд ямар ч байсан өөрийгөө сонсдог, өөрийн хариултаа гаднаас хайхааргүй өөрөөсөө олохтойгоо, өвдсөн бол эрүүл болж чадахтайгаа, боломж байдаг гэдгийг харахтайгаа болдог. Мэдээж хүний амьдрал дандаа жаргана гэж байхгүй, тиймээс тулгарсан асуудлаа өөрөө хайж олдог, айдас хүйдсээсээ салдаг. Ирсэн хүмүүст үр дүн гарч байгаа учраас чиглүүлэлт зөв байдаг.

-Сүүлийн үед соён гэгээрүүлэх төвд хандах иргэдийн тоо, хандлага өсч байна уу?

-Нийт даяараа хэрэгцээ өндөр болж байгаа, учир нь өвчин ихсэж байна, амьдралд тулгарч байгаа сөрөг асуудлууд их болсон. Түүнийгээ мэдрээд ороод ирнэ гэдэг бол тухайн хүндээ бас нэг давуу тал болно. Өмнөхөө бодвол хүмүүс үйлчилгээ авахаар ирдэг болсон нь ихэссэн гэж хэлж болно. Цаг үе ийм хүнд хэцүү байхад, цаашид ч өснө. Хүнээс дотоод хөгжил ихээхэн шаардаж байна, энэ цаг үе. Худлаа яваад болоод байна гэж боддог хүмүүс үнэхээр хол андуурч байгаагаа мэддэггүй. Аливаа зүйл хийсэн бүхнийхээ ургацыг эргэж авдаг, тэгэхээр хүмүүс жоохон ч гэсэн өөрлүүгээ харж чадвал дотоодоос нь “болиочээ, ингэж болохгүй шүү дээ” гэсэн мэдрэмжүүд, амьдралд нь дохио санамжууд ирж байдаг. Буруу явснаар өөрийнхөө амьдралын замналыг буртаглаад зогсохгүй, хоёр, гурав дахь үерүүгээ үйл лайгаа хийнэ гэдэг үнэхээр харамсалтай үйлдэл л дээ. Тиймээс нийгэм даяараа сэрэх, соён гэгээрэх л хэрэгтэй байна.

-Аливаа үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнд хүмүүсээс талархал, урамшуулал ирэх хамгийн том шагнал байдаг шүү дээ. Мэдээж энэ бол хийж буй ажлын үр дүн шүү дээ. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-“Хөх монголын зөн” соён гэгээрүүлэх төвийг байгуулагдсан цагаас өнөөг хүртэл үйлчлүүлээд, өөр өөрийнхөө хөгжлийг урагшлуулаад, амьдралын асуудлаа шийдсээр ирсэн олон сайхан жишээнүүд бий. Манай төвөөр үйлчлүүлсэн хорт хавдартай хүмүүс эдгэрсэн тохиолдол ч бий, эдгэрэхгүй хүмүүс ч бий. Ингээд ярихаар хүмүүс “тэр газар элгээдэг, тэнд л очьё” гэж ярьдаг. Дандаа хүнээр хийлгүүлэх, хураасан буртагаа хэн нэгнээр цэвэрлүүлэх зэргээр засалч юм шиг сэтгэдэг. Гэтэл түүнийг нь өөрөөр нь цэвэрлүүлдэг, шүлэг, найраг, найраглал уншуулж өөрийн бодол, бодролыг бичээд ир гэх мэтээр шат, шатлалаар даалгавар өгдөг. Тухайн хүнийхээ асуудалд тохирсон даалгавруудыг өгдөг, асуудлаа шийдэж буй болон өвчнөө эдгээж буй хүмүүсийг харахад ихэвчлэн ардын аман зохиол гэж нэрлэгдэх амьтай үгийн эрчмээр шийдэгдсэн байдаг. Би дамжуулах л үүрэгтэй болохоос шавь нарын маань итгэл зүтгэл л асуудлаа шийддэг. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 20-нд дэлхий даяар, хүн төрөлхтөний хөгжлийн зүйтэй зам болсон “Шинэ эрин”-ий хуулийг зарласан. Алтан эрин гэж нэрлэгдээд байгаа шинэ эрин нь “хүн чанараар хөллөж, мөн чанараараа цэцэглэх явдал хүн төрөлхтөн даяарын хууль нь юм” гэж зарлуулсан.

-Танай төвд суралцагсад нэг удаагийн сургалтаар өөрт хэрэгтэй мэдээллээ олдог уу эсвэл давтан суралцах ёстой байдаг уу. Хугацааны хувьд?

-Шавилан суралцаж байгаа хүмүүс 1,2,3 гээд шатлалтай суралцдаг. Хугацааны хувьд тухайн суралцагч хэр тууштай байхаас хамаардаг. Нэгдүгээр ангидаа сураад байх юм уу эсвэл даалгавраа хурдан хийчихээд цааш 2,3-р ангидаа сурах юм уу гэдэг нь хувь хүний бүтээлч чадвар, тууштай байдал, түүнд өгч байгаа итгэл сэтгэл гээд зүйлүүдээс хамаарна.

 -Соён гэгээрүүлэгч хүний хувьд хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Хүмүүсийг “өгч” сураасай л гэж хүсдэг. Дандаа авна гэж амьдарвал, амьдрал ер дээшилдэггүй. “Авна авна” гэж амьдрахаар адын сэтгэл нь дэлгэрэхээс биш, өөрийнх нь амьдрал дэлгэрдэггүй. Харин “өгнө өгнө” гэсэн өглөгийн сэтгэлтэй амьдрахаар хүсээгүй байсан ч амьдрал дэлгэрсээр байдаг. Түүнийгээ монголчууд “өгөө, авааны хууль” гэж нэрлэдэг. Хамгийн ойрхон жишээ гэвэл амьсгал авах, гаргах буюу өгөх, буцаагаад авлаа, гаргалаа гээд. Дандаа амьсгалаа аваад үз л дээ, өгөх буюу гаргахгүй бол муурч унана биз дээ. Хүн ер нь амьдрал дээр юу өгнө, түүнийгээ л авдаг. Аз жаргалтай, эрүүл саруул сайхан амьдрахыг л хүсч байгаа биз дээ, тэгвэл хайр, хүндлэлээ бие биедээ олигтойхон, сайн өг л дөө. Байгаль дэлхийгээ сайн хайрлаач дээ, маш энгийн зүйл дээр сайн тунгаагаач, хүн чинь сайн сайхныг өгөх гэж, муу чанаруудаа гээх гэж энэ дэлхийд ирдэг юм билээ ш дээ. Хүн сайн сайхан зүйлийг өгч сурвал, тэр чинь танд буцаад үржиж ирдэг. Тэгэхээр өгөх юм аа сайн, муу гэдгээ сайн бодох хэрэгтэй байгаа биз. Өгөх, авахын тухайд яг амьсгалтайгаа адил миний байгаль чанар юм байна аа гэж, өөрөө ухаарч, ухамсарлаж чадвал хүн өгөх дуртай болдог, гэхдээ бүр хариу нэхэхгүйгээр. Хүн хэдий чинээ их өгнө, тэр хэрээрээ сайхан амьдарна. Өгөөд сурчихаасай л гэж бодож байна, харамын өглөг бол авсан, өгсөндөө ямар ч өлзий болдоггүй. Тиймээс сайхан сэтгэлээр өгч сураарай, өгсөн хүн бүр дэлгэрдэг юм шүү.