ИХ ХЭМЖЭЭНИЙ ДЭНЧИН ТАВИАД БУСДЫН БОЛОМЖИЙГ БООГДУУЛСАН КОМПАНИ, ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН БАЙЖ МАГАДГҮЙ

Нийгэм, Эдийн засаг

М.Даваа

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол  хоёр өдөр үргэлжилнэ. Сонсголын эхний өдөр /2024.05.30/  Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван  багц асуудал;

·         Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд хоёр  багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж,

·         Шинжээчийн дүгнэлт,

·         Хянан шалгагч нарын тайланг сонсож,шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.

Харин хоёр дахь өдрийн (2024.05.30) сонсголоор

·         Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр  багц асуудал;

·         Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд хоёр  багц асуудал;

·         Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож,

·         Бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм байна.

Өнөөдрийн сонсголоор  хэлэлцэх сэдвийн хүрээнд  61 гэрчийг дууджээ.  Эхний ээлжид  “Тусгай зөвшөөрөл” эзэмшигч хуулийн этгээдүүдийн тухай мэдээлэл, хэрхэн тэр зөвшөөрлөө авсан   болон  бусдад шилжүүлсэн гэх асуудалд гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн, түр хорооны гишүүн Ш.Адьшаа“Ховьд аймгийн Дарви суманд  байдаг Монэнко ХХК-ийн тухай тусгайлан ярья. Хөшөөтийн уурхай нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн, стратегийн орд юм. Гэтэл 2010 онд энэ стратегийн ордыг хэн, ямар зорилгоор Хонгконгийн бирж дээр гаргасан тухай  асуудлыг түр хорооны хурал дээр тавьсан байдаг. Гэтэл өнөөдрийн хурал дээр  ярилцах сэдвийн хүрээнд  энэ компанийн тухай орж ирсэнгүй. Ямар шалтгаанаар оруулж ирээгүй талаар хурал даргалагч болон шинжээч, хяналтынхнаас асуумаар байна” гэв. 

Энэ асуудал маргаашийн  хурал дээр яригдана гэдэг хариултыг сонсгол даргалагч 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өгсөн  юм. Тус сонсголын шинжээчийн танилцуулснаар 1992 оноос өнөөг хүртэл 12 мянга гаруй хайгуулын зөвшөөрөл өгснөөс 2508 нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байна. Өнөөдрийн байдлаар 2767 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа бөгөөд 1036 нь хайгуул, 1731 нь ашиглалтын лиценз гэнэ.    Тусгай зөвшөөрлийн эзэмшигч 2427 байгууллага, хувь хүн байгаагаас 1695 монгол, БНХАУ-ын 387  эцсийн өмчлөгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын Хятадын 325 хувь хүн, байгууллага байдаг юм байна. Түүнчлэн хамгийн олон ашиглалт, хайгуулын болон хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг компаниудыг танилцуулсан. Мөн өчнөөн тэрбум төгрөгийн дэнчин тавьчихаад хаяад явдаг, тэр талбайд нь ямар баялаг байдаг, ямар учир шалтгаан байдаг талаар  УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга  Х.Санчигдорж “Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалтын талбайг баталдаг. Сонгон шалгаруулалтыг АМГТГ дээр зарлаж, санхүүгийн саналаар хамгийн өндөр буюу 70 оноо авсан ААН-д тухайлбал 16.21.25 тэрбум төгрөгийн санал өгөн, бусдад боломжгүйгээр ялсан байдалтай байгаад байгаа. энэ талбай ихэнхдээ Баянхонгор аймгийн нутагт байгаа, алттай холбоотой талбайнууд гэсэн мэдээлэл бий. Өндөр үнийн саналаар тусгай зөвшөөрөл авчихаад үнээ төлөөгүй ч дараагийн компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломж өнөөдрийн байдлаар хуудь эрхзүйн боломж нь бүрдээгүй. Хариуцлага тооцдог журамд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна” гэдэг хариултыг өгсөн. 

1994-2006 онд лицензийг өргөдлөөр олгож байсан. Харин 2017 оноос сонгон шалгаруулалтаар олгодог болсон. Сонгон шалгаруулалтын гишүүд ямар хүмүүс байдаг, ямар шалгуураар ордог, сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгсөнгүй. Мөн ярилцаж байгаа сэдвийн хүрээнд тусгай зөвшөөрөл олголт, бүртгэл ямар журмын хүрээнд явагддаг талаар Ж.Сандаг-Очир гишүүн асуусан.

Энэ асуултад “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйл мөн 10.1.2 дээр сонгон шалгаруулалтын журмыг Ашигт малтмал, ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу УУХҮЯ хянан батлахаар зохицуулсан байдаг. 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Хамгийн сүүлийн байдлаар буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 12 нд өөрчлөлт орсон бөгөөд гол агуулга нь цахимаар сонгон шалгаруулалт явуулах юм. Мөн 2023 оны арванрхоёрдугаар сарын 1-нд өнөөдрийн  ажиллаж байгаа сонгон шалгаруулах комиссыг томилсон. Энэ комиссыг УУХҮ-ийн сайдын тушаалаар томилдог бөгөөд нэгдүгээр хавсралтаар томилогдсон хэсгийн даргаар нь АМГТГ-ын кадастрын хэлтсийн дарга  Батмагнай ажилладаг бол хоёр дахь  хавсралтаар томилогдсон хэсгийн даргаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга  Х.Санчигдорж, гурав дахь хавсралтаар томилогдсон  хэсгийн даргаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын геологийн бодлогын газрын төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нар ахлан ажилладаг. Сонгон шалгаруулалт явуулах талбайг ялгах ажлыг АМГТГ-ыг кадастрын хэлтэс дээр хийдэг бол талбайн мэдээлэл бэлтгэх ажлыг Геологийн үндэсний алба хариуцаж хийдэг. Харин талбайн солбицол болон дарааллыг УУХҮЯ хийдэг. Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтыг АМГТГ-ын кадастрын хэлтэс  гүйцэтгэдэг”  гэдгийг сонсголын хянан шалгагч, шинжээч хариуллаа.

Үргэлжлүүлэн сонсгол даргалагч олон удаагийн зөвшөөрөл аваад, түүнийгээ бусдад шилжүүлдэг, хаяж орхигдуулан бусдын боломжийг хаадаг, яаж мэдээллээ авдаг  тухайд дахин асуусан.

"Алтайн хар азарга групп" ХХК нь олон удаагийн тсгай зөвшөөрөл авсан байх бөгөөд, тус группын 100 хувийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбатын 50 хувийн хувьцаа эзэмшдэг "Эм Би Эм Эксплорейшн" ХХК-ийн хувьцааг түүний төрсөн ах М.Машбатаас гадна АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, Татварын ЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэж байсан Б.Болдбаатар нар хамтран үүсгэн байгуулж байсан бөгөөд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай нь өнгөрсөн оны наймдугаар  сард хувьцаа эзэмшлээ шилжүүлсэн гэдэг мэдээлэл улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Их хэмжээний дэнчин тавиад бусдын боломжийг боогдуулсан компани, хууль бусаар алт олборлосон байж магадгүй. Түүнчлэн хугацаа хожиж ч байж болох. Хууль бус олборлолтод орон нутгийн нөлөө ялангуяа Засаг даргын нөлөө байгаа гэж хараад асуудлыг шийдвэрлүүлэхээр хуулийн байгууллагад өгсөн гэдгийг хяналтын байцаагч хэлсэн юм.

Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай “Миний бие 2016 оны есдүгээр сарын 16-ны өдөр АМГТГ-т мэргэжилтнээр томилогдсон. Үүнээс өмнө хувийн хэвшилд байхдаа найз М.Машбатын хамт хувийн хэвшилд хамтарсан компани байгуулсан. Харин төрийн албанд орохдоо хувьцаагаа шилжүүлсэн. 2020 онд АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргаар томилогдсон. Комисс шийдвэр гаргахдаа олонхийн саналаар гшийддэг. Тиймээс давуу байдлаа ашигласан гэж үзэж болохгүй” гэв.

Харин "Алтайн хар азарга групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбат “Мэдээллийг бусдын адил л олж авдаг. Манайх 50 орчим сонгон шалгаруулатад ороод шалгарсан нь 17 байгаа. Улсаас зарласан тендерт орж шалгараад гурван том төслийг хэрэгжүүлсэн мэргэжлийн компани. Сонгон шалгаруулалтын компаниас намайг дэмжиж байгаа хүн байхгүй” гэлээ.