НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Монгол Улсын хувьд Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг энхийг сахиулагчдынхаа амжилт, ололт, алдар гавьяаг алдаршуулан сурталчлах, энхийг дэмжих ажиллагааны үүрэг, оролцоо, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ёслон тэмдэглэж байна.
Энэ хүрээнд өчигдөр Энхийг сахиулагчдын өдөрт зориулсан ёслол, хүндэтгэлийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборт боллоо. Ёслол хүндэтгэлийн ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын ТББХ-ны дарга Н.Энхболд, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Европын холбооны төлөөлөгч Никита Люмино, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан, Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж, Монгол Улс, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөх ариун үйл хэргийг залгамжилж яваа эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар, энхийг сахиулагч нарт Энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье гээд Монгол Улс дэлхий нийтийн өмнө энхийг сахиулах үйл ажиллагаанд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буйг онцоллоо.
Тэрбээр монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зориг, дасан зохицох чадвараараа дэлхийд өндрөөр үнэлэгдэж, даян дэлхийд энхийг сахиулах ариун, хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэн эх орон, төр ард түмнийхээ бахархал болсон нийт цэнхэр дуулгатнууддаа баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөв.
Үргэлжлүүлэн “Өнөөгийн дэлхийн улс орнууд геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдэн гарч буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг даван туулахын төлөө улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэхэд оролцох явдал чухал байна. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
Энэхүү тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан УИХ-аас баталсан “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” тогтоолын эх хувийг Батлан хамгаалах яаманд гардуулан өгөөд хаврын ээлжит чуулганы хугацаанд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ойрын хугацаанд дээрх хуулиудын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах болно гэв.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэхүү баярт мөчид Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн орны хувьд энхийг дэмжих ажиллагаанд оролцож, улс, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх их үйл хэргийн эхлэлийг тавьсан үе үеийн төр, цэргийн зүтгэлтнүүд, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага болон энхийг сахиулагч дайчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлэв. Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээснээр Монгол Улсын даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг сахих их үйлсэд оруулах бодит ажил биеллээ олж, өнгөрсөн хугацаанд нийт давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Үүний үр дүнд даян дэлхийд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, НҮБ-ын тавцанд бүтээсэн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх брэнд нэр нь та бидний 20 гаруй жилийн дайчин алдарт хүртээсэн цол гэдгийг Батлан хамгаалахын сайд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж баталсаны зэрэгцээ батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийт бие бүрэлдэхүүний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын болон бусад тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх талаар онцгой анхаарч ирсэн УИХ-ын дарга, гишүүдэд салбарын удирдлага, бие бүрэлдэхүүний өмнөөс гүнээ талархаж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсье” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 900 орчим цэнхэр дуулгатан-энхийг сахиулагч Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Иемен Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ливан Улс, Бүгд Найрамдах Кипр Улс болон Баруун Сахар, Хилийн маргаантай Абей бүсэд явагдаж буй найман энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.
Тэдний дотор Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат үүрэг гүйцэтгэж буй нь манай улсын энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, олон жилийн дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг үнэлсэн бодит үнэлгээ юм.
Дашрамд дурдахад БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XII ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Ахлах дэслэгч Ч.Бодьгэрэл шилдэг эмэгтэй энхийг сахиулагч боллоо.
Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээ энэ хүрээд зогссонгүй Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн удирдлага, хамт олон уг өдрийг тохиолдуулан хилийн чанадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнийхээ ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. “Аз жаргалтай зүрх” хэмээн нэрлэгдсэн энэхүү өдөрлөгөөр энхийг сахиулагчдынхаа ар гэрийнхэнд ангийн үйл ажиллагааг танилцуулж, санал сэтгэгдлийг сонсож, зарим тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
Халуун дулаан уур амьсгал дунд өрнөсөн өдөрлөгийн төгсгөлд зочид маань ангийн “Энхийг сахиулагчдын ногоон төгөл”-д мод тарьж, эмэгтэй алба хаагчидтай нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн явуулжээ.
Мөн тэмдэглэлт өдрийг угтан тус ангиас Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулиудад “Монгол цэрэг энхийн үйлсэд-22 жил” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулсан юм.
Мөн Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангиуд хамтран “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал болон төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, багш, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Өдөрлөг Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүний Цэргийн тангараг давтах ёслолоор эхэлж, хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг сурагчдад толилуулав.
“Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо” сэдвээр энхийг сахиулах үйлсийн талаарх мэдээллийг мөн хүүхэд залуучуудад хүргэж, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулахын зэрэгцээ "Эрдэнэт" цэцэрлэгт хүрээлэнд гурван нэр төрлийн 100 гаруй ширхэг модны суулгацыг хамтдаа тарьсан юм.
0 Сэтгэгдэл