И.Доржсүрэн: Өвөрхангай аймгийн цахим систем бий болгосноор иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авдаг болно

Нийгэм, Эдийн засаг

Т.ЭРДМАА

   Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдээс санал авч тухайн жилд ямар зорилт тавин ажиллахаа зарлаж иржээ. Тухайлбал, 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” зорилтот жил болгон зарласан байна. Энэ оныг зорилтот жил болгон зарлахтай холбогдуулан иргэд, олон нийтээс 10 чиглэлээр 245 санал ирж байжээ. Тэгвэл Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 23 дугаар хуралдаанаар 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарлаад байна. Иймд энэ хүрээнд хийх ажлын талаар Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй ярилцлаа.

-Танай аймаг жил бүрийг зорилтот жил болгон зарлаж ирсэн. Өнгөрч буй 2023 оны “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд хийсэн ажлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай аймаг жил бүр нийгмийн салбаруудынхаа тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж үздэг. Мөн иргэдээс санал авсны үндсэн дээр зорилтот жил болгон зарлаж ирсэн. Энэ 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж ажиллаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зорилтод жилийн хүрээнд тодорхой үр дүн гаргаж ажилласан гэж дүгнээд байна. Тодруулбал, зорилго тавиад хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтийг 94.4 хувьтай гэж дүгнэлээ. Жишээ нь бид аймгийн хэмжээнд 400 гаруй тонны багтаамжтай хүнсний ногооны зоорьтой болсон. Аймгийн төсвөөс 400 гаруй сая төгрөг зарцуулж хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон, төрийн хэвшлийн байгууллагуудаа дэмжсэн. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж оновчтой зохицуулалт, зохион байгуулалт хийсэн учраас хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын бүтээмж үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа.

Ийм учраас зорилтот жилийн хүрээнд хийсэн нийт хөрөнгө оруулалт 6.5 тэрбум төгрөгт хүрсэн гэж хэлж болно. Зорилтот жилийн хүрээнд малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлсэн. Манай аймгийн 10 суманд 4200 га талбайд малын тэжээл тариалсан. Энэ нь өмнөх оноос 40 орчим хувиар өссөн үзүүлэлт. Ингэснээр өвөл, хаврын улиралд малын тэжээлийн үнэ өсөх, үнийн өсөлтөөс сэргийлэх боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, манай аймагт орон нутгийн өмчит “Өв агро” гэж гурил, тэжээлийн аж ахуй бий. Уг аж ахуй 400 га талбайд ногоон тэжээл тариалсан. Тэгээд 50 мянган боодол ногоон тэжээл хураасан. Үүнээс 16 мянган боодлыг нь аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд авсан. бусдыг нь сумдын аюулгүйн нөөц болон малчин өрхүүдэд борлуулаад байна. Энэ нь дээр хэлсэн өвс тэжээлийн үнийн хөөргөдлийг бууруулах ажлын нэг гэж бид үзэж байгаа.

-Тэгвэл ирэх 2024 онд ямар ажил амжуулахаар зорилтот жил болгон зарлаад байна вэ?

-Бид “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарлаад байна. Үүнд аймгийн төсвөөс 500 сая төгрөг, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас 2.5 тэрбум төгрөг, Ингээд багадаа гурван тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг эрэлхийлж байна. Ингээд төсвийн хөрөнгө оруулалтаас гадна нэмэлт санхүүжилт олж хийх ажлуудаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж дэмжигдлээ.

-Ямартай ч “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил”-ийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болж шийдэгдсэн юм байна. Тэгэхээр та бүхэн яг ямар ямар ажил хийхээр төлөвлөв. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Бид гурван бүлэгт эрэмбэлсэн ажлууд хийнэ. Нэгдүгээрт Өвөрхангай аймгийн цахим систем бий болгоно. Энэ цахим системээ төрийн байгууллагуудын цахим системтэй холбож харилцан мэдээлэл солилцдог болгоно. Энэ хүрээнд иргэдэд үзүүлж буй төрийн байгууллагын үйлчилгээний олон шат дамжлагыг багасгах, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл манай аймагт төрийн 67 үйлчилгээ цахим системд орсон. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас улсын хэмжээнд төрийн 1200 орчим үйлчилгээг цаасан суурьгүй, цахим системд шилжүүлнэ гэсэн чиглэл байгаа юм билээ. Тэгвэл бид цахим шилжилтийг эрчимжүүлснээр төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх боломж нэмэгдэж буй юм. Хоёрдугаарт цахимтай холбоотой дэд бүтцийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийнэ.

Өөрөөр хэлбэл аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар болон иргэд олноор үйлчлүүлдэг цэг, байршлууд дээр үнэгүй Wi Fi орчин бий болгоно. Мөн цахим үйлчилгээтэй холбоотой төрийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх ажил хийнэ. Үүнээс гадна хөдөөгийн алслагдсан багууд, улсын чанартай автозам дагуу гар утасны сүлжээ ордоггүй цэгүүдэд антен байршуулна. Ингэснээр гар утасны сүлжээ тасалдалгүй ажиллах боломж бүрдэх юм. Гуравдугаарт, цахим сүлжээний сургалт зохион байгуулна. Энэ тал дээр олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын тусламж дэмжлэг авахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл бид дэд бүтэц болон цахим систем хөгжүүлэлтийн асуудлаа шийдлээ гэхэд иргэд түүнийг хэрэглэж, ашиглахад ойлгомжгүй, бэрхшээл тулгардаг тал бий. Ийм учраас уг цахим системийг ашиглах сургалтыг иргэдэд явуулна.

-Та бүхэн 2024 оны зорилтот жилийн хүрээнд хийсэн ажлаас ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байна вэ?

-Бид дээр ярьсан гурван бүлэг үйл ажиллагаа явуулснаар төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авдаг болно. Энэ бол бидний ирэх төлөвлөж буй ажлын гол үр дүн гэж харж байгаа. Үүнээс гадна манай аймагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд ч энэхүү цахим системтэй холбогдох бүрэн боломж бий. Ингэснээр тэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх, бизнесээ өргөтгөх боломж бүрдэх юм.

-Иргэд цахимаар төрийн үйлчилгээ авах идэвх, сонирхол ямар хэмжээнд байна вэ?

-Иргэдэд цахимаар үйлчилгээ авах сонирхол маш их бий. Гэтэл нэг талаасаа дэд бүтцийн хоцрогдлоос шалтгаалах асуудал гарч байгаа. Мөн иргэдийн цахим хэрэглээний мэдлэг, ур чадвар сайн биш байна. Ийм учраас бид цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил хийж байгаа юм.