Б.Дуламсүрэн: Манайд био үйлдвэрийн шаардлага хангах өрөө, тасалгаа байхгүй

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВААДУЛАМ

   Зуун жилийн түүхтэй Биокомбинат ТӨХХК ердөө хоёрхон доктор “төрүүлж”. Тэгсэн атлаа үйлдвэрлэж буй малын эм, биобэлдмэл, вакцин нь олон улсын стандартын шаардлагыг хангаж байгаа нь өөрийн эрхгүй энэ талаар сонирхоход хүргэсэн. Шилэн хорго дүүрэн оюуны бүтээлүүдийн автор нь хэн бэ. Хэн дуртай нь малын эм, биобэлдмэл, вакцин гаргаж, тэр нь амьдралд ашиг тусаа өгнө гэж юу байх билээ гэхчилэн. Энэ асуултдаа хариулт авахаар тус үйлдвэрт одоо ажиллаж буй цорын ганц эрдэмтэн, Монгол Улсын малын зөвлөх эмч, мал эмнэлгийн ухааны доктор /Ph.D/, Биокомбинат ТӨХХК-ийн Үйлдвэр-технологийн албаны дарга Б.Дуламсүрэнтэй уулзлаа. Тэрбээр ХААИС-ийг 1991 онд малын их эмч мэргэжлээр төгсч, тухайн үеийн ХААЯ-ны томилолтоор, Биокомбинатад хуваарилагдан, вакцин үйлдвэрлэлийн цехэд технологич эмч, цехийн эрхлэгч, лабораторийн эрхлэгч, үйлдвэр технологийн албаны даргаар 32 дахь жилдээ ажиллаж буй. ОХУ-д 2005 онд мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалсан нэгэн. “Би ажил, мэргэжилдээ үнэхээр хайртай. Ажил маань урагштай байх аваас манай үйлдвэрийнхэн чинь гэр бүл, үр хүүхэд, ахуй амьдралаа бодох завгүй хэдэн хоногоор үйлдвэртээ, лабораторитоо хонож ажиллана. Тэгж зүтгэсний хүчинд энэ олон нэр төрлийн малын эм, вакцинуудыг гаргаж авсан юм шүү дээ” хэмээсэн. Мань хүнийг тус үйлдвэрийн энэ цагийн амьд түүх гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Биокомбинат ТӨХХК-ний 70, 80, 90, 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт ажилласан эрдэмтэн.

-Үйлдвэр, технологийн албаны чиг үүрэг юу юм бэ?

-Манай алба 140 гаруй ажилтантай, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д итгэмжлэгдсэн малын их эмч, эм барих үйл ажиллагааг эрхэлнэ гэж заасан байдаг. Тиймээс хуулийн шаардлагын дагуу 30 гаруй малын их эмч мөн биотехнологич, микробиологич, биохимич, химичээс гадна биобэлдмэлчин, лаборант, ариутгагч, ферментёрчин зэрэг тусгай мэргэжлийнхэн ажилладаг. Биокомбинат ТӨХХК нь мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий вакцин, эмчлэн сэргийлэх зориулалттай эсрэг ийлдэс, халдварт өвчнийг оношлох зориулалт бүхий оношлогооны бэлдмэл гэсэн үндсэн гурван төрлийн биобэлдмэл үйлдвэрлэдэг. Манай үйлдвэр жилд 43- 45 нэрийн, дунджаар 20-25 сая тун хуурайшуулсан, 130- 135 мянган литр шингэн биобэлдмэл үйлдвэрлэж, шүлхий, бог малын мялзан төст өвчин, үхрийн арьс товруутах өвчнөөс бусад импортыг орлох бүтээгдэхүүнээрээ мал эмнэлгийн зах зээлийн дотоодын хэрэгцээг дангаараа ханган ажиллаж байна. Үйлдвэрийнхээ түүхээс цухас өгүүлэх нь зөв байх. Хиагт дахь Оросын хувийн эзэмшлийн “Мялзан эсэргүүцэх станц” хэмээх жижиг үйлдвэрийг манай Засгийн газар худалдаж авснаар Монгол Улсын биологийн анхны үйлдвэрийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Өөрийн гэх үндсэн барилга байгууламжтай болсон тухайд 1973 онд социалист орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар үйлдвэрийн барилга ашиглалтад орсноор техник технологийн шинэчлэл хийгдэн өнөөдрийг хүртэл зогсолтгүйгээр 50 жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

-Үйлдвэр 1973 оны хүчин чадлаараа ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо. Зах зээл жилээс жилд тэлэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ гаарч буй энэ цагт та бүхэн хэрхэн амь зууж байна. “Арай ч дээ” гэмээр олон зүйлийг харсан учраас энэ асуултыг түрүүлж тавьж буй хэрэг?

-Зах зээлийн эдийн засагт шилжсэн, цар тахлын улмаас валютын ханш өссөн зэргээс үүдэлтэй биобэлдмэлийн орц, түүхий эд, эм урвалж, шил сав, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн 80 гаруй хувь нь импортынх тул үнийн өсөлт манайд хүндээр шууд тусч байгааг шууд хэлэх нь зөв байх. Түүнчлэн бүтээгдэхүүний үнийг төр хатуу тогтоодог, 2012 онд 40 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг маш бага хувиар нэмүүлсэн. Түүнээс хойш үнийн тогтвортой байдлыг хадгалсаар сая, 2022 онд 35 хувиар нэмсэн. Энэ нь авч байгаа түүхий эдийн үнийн өсөлттэй харьцуулахад юу ч биш. Түүхий эдийн үнэ сүүлийн хэдэн жилд 2-3 дахин өссөн. Гэтэл манай үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг арваад жилийн жилийн дараа 35 хувиар нэмлээ. Үнийг төр барих буруу гэдгийг компаний үйл ажиллагаа харуулсан. Компани өөрийнхөө санхүүгийн эх үүсвэрээр технологийн шинэчлэл хийх, шинэ технологи нэвтрүүлэх, үйлд­вэрлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, шинэ тоног төхөөрөмж худалдан авах, мэргэжилтнүүдийг сургах зэрэг хөрөнгө мөнгө шаардсан томоохон ажлууд үндсэндээ зогсонги байдалд орсон. Дэлхийн олон орон хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг нь биотехнологийн салбар гэж тодорхойлсон. Гэтэл манай улсын тухайд бодлого алга. Биокомбинат ТӨХХКий үйлдвэрлэлийн байр, технологи, тоног төхөөрөмж бүгд хуучирсан. Түүгээр зогсохгүй хүний хөгжлөөрөө ч хол хоцорсон. Цаашид уламжлалт технологиор үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэвийн явагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэл нүүрлээд байна. Гэсэн хэдий ч үе үеийн удирдлага, ажиллагсад маань зүгээр суугаагүй. Ямх ямхаар болов ч орчин үетэйгээ хөл нийлүүлэхийн төлөө хичээн ажиллаж буй.Үнэндээ ийм эдийн засгийн хүчин чадлаар, нөөцгүйгээр урагшлах ямар ч боломжгүй юм байна аа. 

Биокомбинат бол нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой стратегийн үйлдвэр. Тус үйлдвэрт техник, технологийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байгаа тул Төрийн дэмжлэг, тусламж бидэнд нэн чухал байгааг та бүхнээр дамжуулан төрийн чихэнд хүргэе.

-Өнгөрсөн 100 жилийн хугацаанд танай үйлдвэрээс хоёрхон доктор төрсөн байна. Эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтангүйгээр шинжлэх ухааны бүтээл төрөх үү?

-Өнгөрсөн хугацаанд хоёр эрдэмтэн, дөрвөн гавъяат төрсөн, манай үйлдвэрээс. Мөн манай захирлаар ажиллаж байсан Д.Насанжаргал, Л.Доржсамбуу гээд хоёр хүн гавъяат эдийн засагч, гавъяат малын их эмч болсон байдаг. Яг үйлдвэрлэл дээр ажиллаж байсан үе үеийн малын эмч нараас С.Бямбаа, Ц.Өлзийтогтох хоёр маань л Гавьяат малын эмч цол хүртсэн. Үнэхээр чамлалттай санагдаж байгаа биз. Дашрамд та бүхний анхаарлыг нэг зүйлд хандуулахад, малын эмч нар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авдаг бол тэр нь манай үйлдвэрийнхэнд хамаарахгүй. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд цаг наргүй зүтгэчихээд “юм юмнаас хоцорч үлдэх юм даа” гэж манайхан ярьцгаадаг. Цаг наргүй гэдгийн тухайд бид хийж байгаа ажлаа өөрийн хүслээр удирдах бус биобэлдмэлийн технологийн хатуу горимд нийцүүлэн ажилладаг, энгийн үгээр хэлбэл, бид энгийн нүдэнд үл үзэгдэх бичил амьд организм /халдварт өвчний үүсгэгч, омог/-тай харьцан ажилладаг тул тэр амьтныхаа амьдралын мөчлөгт захирагдаж ажилладаг гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулиар найман цагийн ажилтай гэх боловч биобэлдмэлийн үйлдвэрлэл явуулж байгаа объект /бичил биетэн/ маань биднээс юу шаардаж байна, үйл ажиллагаа яахыг шаардаж байна түүнийхээ төлөө л ажилладаг. Тийм болохоор хэдэн цагт тийм юм хийнэ гэсэн бол тэр цагтаа л хийх ёстой, түүндээ захирагдана. Үйлдвэрлэл явагдаж байгаа үед баяр ёслол, амралтын өдрүүд бидний ажилд үл хамаарна. Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллах технологийн горимдоо тохируулаад ажиллаад сурсан. Ер нь өглөө гараад шөнийн бор хоногтоо л гэртээ ордог хүмүүс шүү дээ.

-Үйлдвэрлэлд тулгамдаад буй асуудал, технологи, хүний нөөцийн тухайд?

-Биокомбинат ТӨХХК нь нэгдүгээрт, Биобэлдмэлийн технологийн хоцрогдлыг арилгах замаар уламжлалт бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, Ноу-хау (know-how) авах, технологи дамжуулалт (technological transfer) хийх замаар биотехнологийн орчин үеийн арга, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн хоёр зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд 2023 онд багтаж вирусын вакцин үйлдвэрлэлийн технологид шугаман эсийн технологи нэвтрүүлэх, мөн автомат савлагааны шугам суурилуулах хоёр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манайх жилд 130 мянга гаруй литр шингэн биобэлдмэлийг 100 хувь гар аргаар савладаг. Гэтэл манай бүтээгдэхүүний савлагаа зүгээр нэг ундаа, ус савлахтай адилгүй, энгийн өрөө тасалгаанд биш, ариун орчин бүрдүүлсэн, агаарын ямар ч солилцоо байхгүй, хийн дөл /ил гал/ асаадгаас шалтгаалж хүчилтөрөгчийн дутагдалтай ийм орчинд 3-4 цаг ажилчид маань зогсож савладаг. Яг үнэндээ ийм л нөхцөлд үйлдвэрлэл явуулж ирлээ. Энэ утгаараа автомат савлагааны шугам суурилуулах, орчин үеийн GMP буюу “зөв үйлдвэрлэлийн дадал”-д бага ч атугай нийцүүлэх, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн урсгал нэг чиглэлтэй байх, агаарын солилцоо, цэвэршүүлэлтийг стандартын шаардлагад нийцүүлэх зэргээр биологийн үйлдвэрийн наад захын шаардлагад хөл нийлүүлэх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар, манай үйлдвэрт биологийн үйлдвэрийн шаардлага хангах үйлдвэрлэлийн өрөө тасалгаа үнэндээ л алга.

Тиймээс автомат савлагааны шугам суурилуулах, шугаман эсийн технологи нэвтрүүлэх гэсэн хоёр төсөл хэрэгжүүлэхээр компаний Гүйцэтгэх Захирал болон удирдлагын багийн зүгээс маш их анхаарч ажиллаж буй. Саяхан НҮБ-ын ХАА-н асуудал эрхэлсэн суурин төлөөлөгчийг, ХХААХҮЯны төрийн нарийн бичгийн даргыг авчирч үйлдвэрээ танилцуулахад тэр хүн “Үнэн үү” гээд гайхаж байсан. Манай Био-ийнхны хувьд нэг онцлогтой, тэр нь манай ажилчдын 70-80 хувь нь хэдэн үе дамжин ажилласан байдаг, тэр нь манай ажилчдын бахархал, үнэт зүйл нь. Бас монголдоо ганц биологийн том үйлдвэрт ажилладаг гэдгээрээ бахархдаг. Энэ хоёр зүйл бидний сэтгэлийн хөшүүрэг болсоор өнөөдрийг хүртэл ажиллаж байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээс хортой, халуун, хүнд, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, ийм цалин хөлс авч амьдралаа залгуулахад үнэхээр хэцүү. Миний хувьд ч мөн ялгаагүй хамт олныхоо нэгэн адил үйлдвэр, хамт олноороо бахархаж ажилласаар өнөөдрийг хүрсэн байна. Манай ажилчид маань Биооо гэсэн чин сэтгэл, хөдөлмөрч зан чанар, хичээл зүтгэлийнхээ хүчээр л биобэлдмэлийн жилийн захиалгыг чанартай биелүүлээд явж байна даа. Шинээр томилогдон ажиллаж байгаа захирал маань техник, технологийн шинэчлэлийн тухайд маш их хүчин зүтгэл гарган ажиллаж байгаа бөгөөд хүн төвтэй бодлого явуулна гэдгээ маш олон удаа илэрхийлж байгаа. Тэр нь бидэнд маш их ажиллах урам зориг өгч буйг хэлэх хэрэгтэй байх.

-Хаврын ид ажил эхэлж байна. Угаалга, тарилга, үзлэг оношлогоо гээд л. Та бүхэн үүний ард гарч чадахаар байна уу. Вакцины нөөц энэ тэр хангалттай юу?

-Үйлдвэрлэлийн жилийн тухайд 2023 оны улсын захиалгыг биелүүлэхийн тулд 2022 оны есдүгээр сараас үйлдвэрлэл эхэлж 2023 оны зургадугаар сарын 1 хүртэл үйлдвэрлэлээ явуулаад хөдөө, орон нутгийн нийлүүлэгчиддээ өөрийн унаагаар бүтээгдэхүүнээ хүргэдэг. Өнөөдрийн байдлаар, цусан халдвараас сэргийлэх вакцин, хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин, дотрын халдварт хордлогоос сэргийлэх хоёр төрлийн вакцинаас бусад вакцины үйлдвэрлэл нь дуусаад дотоодын ча-нарын хяналт, шинжилгээний лаборатори болон Малын Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лабораторийн чанарын хяналт, шинжилгээнд хамрагдсан байгаа ба чанарын шаардлага хангасан биобэлдмэлүүдээ орон нутаг дахь мал эмнэлгийн газрууддаа нийлүүлээд эхэлсэн.

Нэр дурдсан вакцины үйлдвэрлэл бага зэрэг хоцрогдолтой яваа. Энэ нь зарим түүхий эдийн тасалдалтай холбоотой түр зогссон ч энэ дөрөвдүгээр сараас түүхий эдээ татан авч дээрх вакцины үйлдвэрлэлээ хэвийн явуулж эхэлсэн. Бид өөрсдөөсөө шалтгаалах дээд зэргийн хүчин чадлаараа, технологит хугацаагаа яс баримтлан ажиллахад долдугаар сарын 15-н гэхэд сүүлчийн нийлүүлэлтээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн дээр өгүүлсэн шугаман эсийн технологийг намраас үйлдвэрлэлд нэвтрүүлчихвэл түүхий эдээс хараат бусаар, ялангуяа вирусын гаралтай вакцины үйлдвэрлэлээ явуулах боломжтой болно. Манай оронд халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээ 5-7 сард ихэвчлэн явагддаг. Зарим вакцин давтан тарилттай байдаг тул хөдөө, орон нутгийн мал эмнэлгийн албадад вакцины эхний тунг нийлүүлж эхэлсэн. Үргэлжлүүлэн ар араас нь бэлэн болгоод өгдөг тул вакцинжуулалтын графикт хугацааг нэг их зөрчихгүйгээр хэрэглэгчиддээ хүргэх боломж бий гэж харж байна.

-Түүхий эд гэхээр манай улс МАА-н орон. Үах зээлийн дийлэнх нь дотооддоо эргэлддэг. Түүхий эдийн хомсдол, үнийн өсөлт гэхээр шууд л “яагаад” гэж бодогдлоо. Хэдхэн км яваад л мал сүрэг мянга мянгаараа байна шүү дээ?

-Бид дотоодоосоо мах, элэг, зүрх, казейн түүнчлэн амьд тооройны бөөр, хурганы засаа, амилах өндөг зэрэг түүхий эдээ бэлтгэдэг. Химийн бодисууд болон биологийн гаралтай эм урвалж, тэжээлт орчин, шил сав зэргийг 100 хувь импортлодог. Биологийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа түүхий эдэд маш өндөр шаардлага тавигддаг. Ганцхан жишээ, хонийг цэцгээс сэргийлэх вакцин үйлдвэрлэхэд 2-3 сарын настай хурганы засаа хэрэглэдэг. Эрүүл сүргээс түүхий эдээ авах шаардлага тавигддаг. Нэг хотонд байгаа хонь бүгд нэг өдөр төллөхгүй, хурганы засаа нь нэг өдөр бүгд буухгүй шүү дээ. Иймээс олдоц хэцүү гээд байгаа хэрэг. Зарим тохиолдолд 300 км явж авах ч шаардлага гардаг. Ер нь мэдээлэл, эрэл сурлаар л түүхий эдээ олж авдаг. МАА-н орон гэж боловч мах ямар үнэтэй байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Үйлдвэрлэлд ямар нэгэн доголдол гарахгүй гэж тооцвол, жилд 180-200 хос засаа шаардагддаг, тийм амар биш шүү дээ.

-Та бүхний үйлдвэрлэж байгаа вакцин бүх малыг вакцинжуулахад хүрэлцэх үү?

-Ирж байгаа захиалга улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүждэг. Тооцоолж үзэхэд давхардаагүй тоогоор нийт сүргийн 20 хувь нь хамрагддаг. Тухайлбал, боом өвчнөөс сэргийлэхийн тулд жилд 2,5-3 сая малыг вакцинжуулж байна, цаана нь уг вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй голомттой бүсийн олон сая мал үлдэж байна. Аймаг, орон нутгийн хувьд эрэлтдээ тохируулж төсвөө тавихгүй байна уу гэсэн байдал анзаарагддаг, учир нь малын эмч нар маань хэдэн литр вакцины хэрэгцээ байхад дөнгөж хэдийг л авлаа гэсэн гомдол ярьдаг. Тиймээс эрүүл мал, эрүүл мах гэж бодвол төсвөө ч гэсэн анхаарах нь зөв болов уу.

-Вакцинтай малын махаас эм амтагдах, эсвэл маханд шар, ногоон өнгийн туяа орсон байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Аливаа вакциныг мал амьтанд хэрэглэснээс хойш долоо хоногийн дараа сүүг, 14-21 хоногийн дараа махыг хүнсэнд хэрэглэнэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй хугацаа байгаа. Үүнийг мөрдөх хэрэгтэй. Энд нэмж хэлэхэд, манай вакцинуудын хэрэглэх зааварт “Вакцин нь хүрээлэн буй орчин, хүн, вакцинжуулсан амьтанд аюулгүй” гэсэн аюулгүй чанарын баталгаа буюу санамж тусгагдсан байдаг. Иймд мал амьтныг хэрэглэх зааврын дагуу вакцинжуулаад, вакцинжуулсны дараах хугацааг маш сайн баримталвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зүйл байхгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэх байна. Нөгөө талаас вакцин бол биологийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд антибиотикийг бодвол бие махбодод бүхэлд нь, эсвэл аль нэг эрхтэн, тогтолцоонд хуримтлагдах “үлдэгдэл бодис” харьцангуй бага байдаг. Вакцинжуулсан малын махаас эм амтагдах, эсвэл махны өнгө өөрчлөгддөг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин шингэн вакцины найрлагад адъювант буюу эрдсийн гаралтай нөөцлүүр бодис агуулагддаг тул тарьсан хэсэгт бага зэргийн товгор үүсээд аажмаар шимэгдэж арилдаг. Вакцинжуулалтын үед мэргэжлийн хэллэгээр бол, асептик, антисептикийн дүрэм зөрчигдсөнөөс тарьсан хэсэгт халдвар орж хэсэг газрын үрэвсэл үүсэх, идээлэх, буглах явдал тохиолдохыг үгүйсгэхгүй. Иймд малын эмч нар маань вакцины хэрэглээний технологийг сайтар мөрдөх, малчид болон иргэд вакцинжуулсан малын мах, сүүг заасан хугацааны дараа хүнсэнд хэрэглэж дадах хэрэгтэй юм.

-Социализм хөгжсөн 50 жилд манай улсын мал аж ахуй харьцангуй эрүүл байж чадсан. Одоо бол эрүүл мал ховор болсон гэх яриа гарсан?

-Ер нь Биокомбинатын нэгэн түүхэн гавьяа бий. Мал амьтны гоц халдварт үхрийн цээж, ямааны годрон зэрэг өвчнийг устгасан гэдгээ Монгол Улс дэлхий нийтэд зарласан. Энэ бол Биокомбинатын гавьяа, тэр цаг үед шаардлагатай вакцинуудыг үйлдвэрлэж вакцинжуулалтад хэрэглэснээр тухайн халдварт өвчнүүдээс тайван бүс болсноо зарласан явдал. Энэ бол өдгөө 100 жилийнхээ босгон дээр байгаа энэ үйлдвэрийн том гавьяа юм. Зарим нэг малын өвчин эргэн сэргэж буй тохиолдол мэр сэр бүртгэгдэх болж. Учир нь ихэнхи өвчин тодорхой цикльтэй, дэгдэлттэй гэж бүртгэгдсэн байдаг. Тодруулбал, 10-15 жил, 20 жилийн дараа дахин дэгдэх тохиолдол бий. Шүлхий өвчний тухайд 2000 оны эхээр тайван байсан бол сүүлийн жилүүдэд их гарах болсон. Сүүлийн хоёр жилд манай оронд бүртгэгдэж байгаагүй үхрийн арьс товруутах, бог малын мялзан төст өвчин гарч байна. Эдгээр халдварт өвчнөөс импортын вакцинаар мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээд явж байгаа. Манай үйлдвэрийн хувьд эдгээр вакциныг үйлдвэрлэх түршилт судалгааны ажлуудаа үе шаттайгаар эхлүүлсэн. Энэ өвчний эсрэг дархлаажуулах вакциныг үйлдвэрлэх технологи болосвруулах ажлыг эхлүүлсэн. Манайд хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг үйлдвэрлэгддэг. Энэ технологийн зарчим дээрээ тулгуурлаад импортын вакциныг орлох вакциныг үйлдвэрлэхийг зорьж байна.

-Сүүлийн жилүүдэд эрчимжсэн фермерийн аж ахуйг иргэд эрхэлж, гаднаас цэвэр цусны үхэр, адууг ихээр оруулж ирэх болжээ. Тэгвэл танайхаас үйлдвэрлэж байгаа энэ вакцин тэдгээр мал амьтны биед таардаг уу?

-Фермерийн буюу байран маллагаатай малын нэг онцлог бол халдварт өвчинд өртөмтгий байдаг. Өөрөөр хэлбэл, нэг мал халдвар авлаа гэхэд нэг байранд байгаа нийт малд халдвар тарааж өвчлүүлэх эрсдэлтэй. Учир нь бүгд нэг дор, нэг агаараар амьсгалж байгаа шүү дээ. Үхэр, шувууны аж ахуй нилээн эрчимтэй хөгжиж байна. Тийм ч учраас манай үйлдвэртэй хамтарч ажиллах санал, хүсэлтээ ирүүлж эхэлсэн. Энэ хамтын ажиллагаа маань одоогоор судалгааны шатандаа явж байгаа. Манай орны мал сүрэгт гарч байгаа халдварт өвчний үүсгэгчийн хэвшлийн омгоор вакцины үйлдвэрлэл явагддаг тул бэлчээрийн болон байран маллагаатай малд вакцины хамгаалах идэвхи буюу дархлаа төрүүлэх чанар нь адилхан гэж ойлгож болно.

-Малаас хүний биед халддаг бурцеллёз гэх өвчин байдаг, үүнд зориулсан вакциныг танайх үйлдвэрлэж байгаа юу?

-“Монгол мал” хөтөлбөрийг 2010-15 оны үед тухайн үеийн Засгийн газраас хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд бруцеллёзоор өвчлөмтгий 25 сая малын төлийг жил бүр вакцинжуулж байсан. Яг энэ үед манай үйлдвэр оргил ачаалалтай ажиллаж, тэр даалгаврыг ч амжилттай биелүүлсэн. Бруцеллёз нь зооноз өвчин, өөрөөр хэлбэл, малаас хүнд халдварлаж өвчлүүдэг архаг явцтай халдварт өвчин юм. Тиймээс эрүүл мэндийн болон мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудал болдог. Манайх бруцеллёзоос сэргийлэх хоёр төрлийн вакцин үйлдвэрлэж байна. Үхрийг бруцеллёзоос сэргийлэх Brucella abortus 19-р омгийн вакциныг жилд дунджаар 800 мянган тун, бог малыг бруцеллёзоос сэргийлэх Brucella melitensis REV-1 омгийн вакциныг 12-15 сая тунг үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлийн омог болон эдгээр вакцины чанарын үзүүлэлтүүд нь олон улсын шаардлага хангасан болохыг Английн Референт лабораторид явуулж шинжлүүлж, баталгаажуулсан байдаг.

-Танай байгууллагатай хамтран тарваган тахал, зээрийн хөлөөр орж ирсэн өвчнийг тухайн нутагт нь эмчлэх өвс, ургамал, хөрсөөр нь дамжуулахгүй байх боломжтой юу?

-Халдварт өвчинтэй тэмцэх стратегийг зөв хэрэгжүүлэх нь чухал. Тухайлбал, хил орчмын бүсэд урд хойд хоёр хөршид ямар нэгэн халдварт өвчин бүртгэгдсэн тохиолдолд хамгаалалтын бүс үүсгэх ёстой. Хамгаалалтын буюу буфер бүс гэж юуг хэлэх вэ гэхээр, яг тухайн бүсэд байгаа мал амьтныг тухайн халдварт өвчнөөс сэргийлж вакцинжуулах шаардлагатай. Дээр нь хорио цээрийн арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний стратеги алдагдаад байна уу даа гэж бодох боллоо. Вакцинжуулалт гэдэг бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болохоос бус халдвар авчихсан, цаашлаад уг халдвараар өвчилсөн мал сүрэгт хийгддэг арга хэмжээ биш юм, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг зүйл болоод байгаа шүү.

-Бог, бод малыг жилдээ нэг удаа вакцинжуулалтад заавал хамрагдах ёстой гэж үздэг үү?

-Ерөнхийдөө барьж байгаа бодлогын гол зарчим бол халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа тайван бус бүс нутгийнхаа малыг л вакцинжуулна. Түүнээс тайван байгаа газарт вакцинжуулах шаардлагагүй. Вакцинжуулалт бол байнгын хэрэглэдэг зүйл биш.