МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ 27 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Улс төр

     Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 27 дугаар чуулга уулзалтад оролцлоо.

Энэ удаагийн чуулганд АНУ, Англи, Швейцар, Сингапур, Швед, Нидерланд, Франц, Канад зэрэг дэлхийн 68 улсын прокурорын байгууллагын 300 гаруй төлөөлөгчид оролцсоноос 33 улсын Ерөнхий прокурор биечлэн оролцсон байна.

Олон Улсын Прокуроруудын Холбооны 27 дугаар чуулга уулзалт нь “Олон улсын эрүүгийн эрх зүйн өөрчлөлт, цаашдын чиг хандлага” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд Эрүүгийн эрх зүйн тогтолцоо дахь цахим өөрчлөлтүүд, Кибер гэмт хэргийн зүйлчлэл, хувьсал, Цахим нотлох баримт, Сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, Гадаад улсаас цахим нотлох баримт цуглуулахад тулгарч буй бэрхшээл, Виртуал хөрөнгийг мөрдөх, илрүүлэх, царцаах зэрэг асуудлаар прокурор, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан чуулга уулзалтын үеэр Австри, Сингапур, Турк, Азербайжан Улсын ерөнхий прокурорууд болон бусад төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийж, прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон, харилцан дэмжиж ажиллахаар болов.

Тухайлбал, Бүгд Найрамдах Австри Улсын ерөнхий прокурор Франз Плохлтой хоёр улсын прокурорын байгууллага хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улс дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийг хянан шийдвэрлэх сэдвээр сургалт зохион байгуулж, прокуроруудыг мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой санал солилцож, эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурор Люсиен Вонг Юен Кайтай хийсэн уулзалтын үр дүнд эрүүгийн хэрэгт харилцан илгээж буй эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэхэд хоёр талаас анхаарч, манай улсын прокурорын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, ойрын хугацаанд Монголын улсын хоёр прокурорыг Сингапур Улсад тус улсын эрх зүйн орчныг судлуулах зэргээр хамтран ажиллахаар боллоо.

Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевтай тус улсын прокурорын газрын Шинжлэх ухаан, боловсролын төвтэй хамтран прокурор солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн тогтолцоо, прокурорын хяналтын ажлын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох боломжтой эсэх талаар ярилцлаа. Тэрбээр дээрх чиглэлүүдээр хамтран ажиллахаа илэрхийлж. Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг таатай үедээ тус улсад айлчлан ирэхийг урилаа.

Олон Улсын Прокуроруудын Холбооны ерөнхийлөгч, ноён Чёл Кюү Хванг, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хан Мораал, холбооны гүйцэтгэх захирал Йаннэ Холст Хюбнэр нартай хийсэн уулзалтаар тус холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Прокурор солилцооны хөтөлбөрт жил бүр 3 прокурорыг гурван сарын хугацаагаар авилга албан тушаал, мөнгө угаах, терроризмын эсрэг гэмт хэргийг мөрдөх чиглэлээр сургахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн “Монголын Прокуроруудын Холбоо” ТББ 1996 онд Олон Улсын Прокуроруудын Холбоонд элсэн орж байсан бол одоо Монгол Улсын Прокурорын байгууллагыг тус холбоонд “Гишүүн-байгууллага”-аар элсэх эсэх талаар гаргасан саналыг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан судлан үзэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Прокурорын байгууллага Олон Улсын Прокуроруудын Холбоонд элссэнээр тус холбооны бүхий л үйл ажиллагаанд оролцох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, олон улсын прокуроруудын нэгдсэн сүлжээнд орох, мөн тус холбооны бүх шатны сонгуульд оролцож, санал өгөх боломжтой болохыг танилцууллаа.