ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨЛ, ГАР БӨМБӨГИЙН АВАРГУУД ТОДРОВ

Соёл урлаг, Спорт

Зэвсэгт хүчний энэ оны аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Тэмцээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн 30 гаруй багийн 1200 тамирчин хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, рагби, туухай өргөлт гэсэн таван төрлөөр есдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд өрсөлдөж байгаа бөгөөд зарим төрлийн аваргууд тодорсоор байна. Тухайлбал, хөл бөмбөгийн тэмцээнд 24 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 310, 337, 032 дугаар ангийн тамирчин дайчид манлайлсан бол гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 32 баг тамирчид өрсөлдөж, Зэвсэгт хүчний 029, 327, 325 дугаар ангийн баг тамирчид тэргүүлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд 22 баг тамирчид өрсөлдөж, Зэвсэгт хүчний 065, 353, 029 дүгээр ангийнхан эхний гурван байрт шалгараад байна.

Харин туухай өргөлтийн эрэгтэйчүүдийн төрөлд 60, 65, 70, 75, 80, 85 кг гэсэн таван жингээр өрсөлдөхөд багийн дүнгээр Зэвсэгт хүчний 150, 350, 029 дүгээр анги, эмэгтэйчүүдийн төрөлд 60, 70 кг жинд багийн дүнгээр Зэвсэгт хүчний 065, 189, 350 дугаар ангийн тамирчид манлайллаа. Тэмцээн өдгөө сагсан бөмбөгөөр үргэлжилж байгаа бөгөөд хаалтын ёслол есдүгээр сарын 29-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, аваргууддаа шагнал гардуулна.