Б.ХУЛАН ДАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛЛОО

Соёл урлаг, Спорт

 “Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний Гранпригийн хошой хүрэл медальт, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан мөнгөн медаль хүртэв. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медаль болж байна.

Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож үзүүрлэсэн түүний хувьд өчигдөр Энэтхэгийн Винеш Фогатыг 7:0-ээр, Казахстаны Жюлдиз Эшимоваг 3:0-ээр, Азербайжаны Лейла Гурбанова, Шведийн Эмма Малмгринийг тус бүр цэвэр ялсан. Тэгвэл өнөөдөр шигшээ барилдаанд 2022 оны Пан Америкийн аварга АНУ-ын Доминик Пэрришт 2:4-өөр ялагдлаа.

Б.Хулангийн анхны багш Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний дасгалжуулагч Х.Магвандорж, одоогийн багш гавьяат дасгалжуулагч, ардын багш З.Дүвчин юм байна.