Францын Нантын сүмд гал гарчээ

Дэлхийн мэдээ

Өнгөрсөн бямба гарагт Франц улсын баруун хэсэгт орших Нант хотын нэгэн сүмд гал түймэр гарсан харамсалтай хэрэг гарчээ.

Гал сөнөөгчид хурдан ажилласны хүчинд сүмд гарсан галыг илүү дэврээлгүйгээр бүрэн унтрааж дууссан ба 2019 онд шатсан Парисын Нотр Дамын сүмийн хохирлыг бодвол азаар бага байсан болохыг эх сурвалжууд онцолжээ.

Тус хотын прокурор Пьер Сеннес, “Бид галын дуудлагыг өнөө өглөө авсан даруйдаа хэргийн газарт очиж ажилласан. Одоогийн байдлаар 3 хэсгээс эхлэн гал тархсан гэх дүгнэлтэд хүрээд байна” гэжээ.  Мөн техникийн суурилуулалт, гал түймрээс урьдчилан сэргийлэх төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгаж, хэрэгт мөрдөн байцаалт хийж байна гэсэн юм.

Түүнчлэн галын хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа ба уг галыг унтраахаар 104 албан хаагч бүтэн өдөр ажилласан гэх тооцоо байгаа гэнэ.

Сэнт Пиер, Сэнт Паулын нэрэмжит энэхүү эртний сүм нь анх 1434 онд баригдаж эхэлсэн бөгөөд 457 жил баригдсаны эцэст 1891 онд барилгын ажил нь дууссан байна. Уг байгууламжийг 1862 онд Францын соёлын яам түүхэн дурсгал хэмээн бүртгэж авчээ.