Тойргоо сольсон Сү дарга дундговьчуудыг мөнгөөр “даллав” уу

Улс төр

МАН-ын хөрөнгөтнүүд тойргийнхондоо очих нүүргүй болохоор хөдөөг зорьж, мөнгөөр “зодох” нь ээ. Тэдний нэг нь Сү.Батболд. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бусад бүхий л “том” албан тушаалыг хашсан тэрбээр энэ удаа Говьсүмбэр, Дундговь аймгаас нэр дэвшихээр зэхээд байгаа. Өмнөх тойргийнхондоо хэдэн удаа худал “залж” ялалт байгуулсан түүний тарыг таньчихсан, мэдээлэлд ойр иргэдээс зугтаж буй хэлбэр л дээ.

 

Сү.Батболд дунговьчуудыг “тархидах”-ын тулд өнгөрөгч баасан гарагт аймгийн МАН-ынханы онлайн сургалт гээчийг зохион байгуулсан нь олон нийтэд мэдээлэгдэж, хууль, хяналтын байгууллагынхан очиж таслан зогсоохоос аргагүйд хүрсэн. Түүний эзэмшлийн Чингис зочид буудалд зүгээр ч нэг МАН-ынхан цуглаагүй нь тодорхой төдийгүй зөвхөн Дундговь аймгийн МАН-ынхан байгаа нь анхаарал татахаас аргагүй. Одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж буй гэх энэ хэргийг анх ил болоход Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон тус аймгийн сумдын дарга нар, удирдах албан тушаалтнууд байсан гэх юм билээ.

 

Нийслэлд бол түүнийг оффшорт хөрөнгөө нуусан, хүүгээ хүртэл өөрийнхөө орыг залгуулахын тулд улстөрд "чирч" байгаа гэхчилэн иргэд сонгохгүй нь тодорхой болчихсон. Ядахад сонгогдсон тойрогтоо эргэх холбоо үүсгэж чадаагүй, амласан амлалтаа ч биелүүлж чадаагүй Сү.Батболд Дундговийг зорьсон нь ээжийнхээ нутгийнханд нэр нүүрээ “тушаах” гэсэн санаархал. Тэгээд дундговьчууд АН-ын Б.Наранхүүг хэдэнтээ хөрөнгө мөнгөөр нь хэмжин төрд илгээсэн учраас мань хүн ч тэдэнд бэлэг сэлт барьж байвал сонгогдчихно гэж тооцоолсон бололтой. 

 

Уг нь улс байтугай дэлхий нийт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжчихээд байхад Сү.Батболдод төр, түмнээ гэх сэтгэл байсан бол тусгаарлалтын байр хүрэлцээгүй энэ үед сонгуулийн ажлаа хийж Чингис зочид буудалд МАН-ынханыг цуглуулах бус нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой байсан биш гэж үү. Тэгэхээр түүнд сонгуулийн тойрогт ялалт байгуулж, парламентад суух нь л чухлаас хүн ам, сонгогчид огт чухал бус гэдэг нь ч харагдаж буй биз ээ.