Фейсбүүкийн ажилчид Трампын "пост"-ыг эсэргүүцэж байна

Дэлхийн мэдээ

Жорж Флойдын төлөөх тэмцлийн хөдөлгөөний эсрэг бичсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "пост"-ыг "Твиттер" компани ил харагдахгүй болгож нуусан. Харин "Фэйсбүүк" компани ямар нэг арга хэмжээ авахгүй гэж шийдвэрлэсэн ба зарим ажилчид нь уг шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ.

Трамп өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээнд Жорж Флойдын төлөөх тэмцлийн хөдөлгөөний тухай "дээрэм тонуул эхэлбэл буудаж эхэлнэ" хэмээн бичсэн. Уг постыг нь "Твиттер" компани хүчирхийлэл агуулсан контент хэмээн үзэж постод хариу бичих, дахин үзэх, урьдчилан харах, жиргэх зэрэг үйлдлийг хязгаарласан юм.

Тэгвэл "Фэйсбүүк" компани юу ч хийхгүй байгаад ажилчид нь эсэргүүцэж ажлын бус хаягаараа үзэл бодлоо илэрхийлэн, виртуал аян эхлүүлсэн байна. Гэвч "Фэйсбүүк"-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг "Ноён Трампын пост нийгмийн сүлжээний дүрмийг зөрчөөгүй" хэмээжээ.

Марк Зукерберг өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Трамптай утсаар ярьсан тухай CNN мэдээлсэн юм.

Эх сурвалж: BBC, TheVerge, NYTimes