МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийгэм, Эдийн засаг

   Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Мэдээлэл технологийн үндэсний парк бол технологийн гарааны бизнесийн компаниудын гол цөм болсон төрийн өмчит тооцоот үйлдвэрийн газар юм. Тус газрын ойрын 5-7 жилийн зорилго бол гарааны бизнес болон өндөр технологийг хөгжүүлэх, дамжуулах, чадварлаг хүний нөөцийг мэргэшүүлэх, салбарын эко системийг төгөлдөржүүлж, олон улсад тэргүүлэгч цөм байгууллага болох юм. Мөн 2030 он гэхэд гадагшаа гарч байгаа нийт экспортын нэг хувийг мэдээллийн технологийн бүтээгдэхүүн байлгахаар зорьж буй гэдгийг тус газрын захирал Ж.Золзаяа уулзалтын үеэр хэллээ.

Улмаар энэ зорилгынхоо хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтарч ажиллахыг зорьж буйгаа илэрхийлээд дараах таван чиглэлд анхаарч өгөхийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшингээс хүслээ.

  • Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэхэд хамтрах
  • Мэдээллийн технологийн бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлэх
  • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудтай өөрсдийн бойжуулж буй инкубатор компаниудыг холбож өгөх
  • Мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх
  • Инновацийн дэлгүүртэй хамтран ажиллах

МҮХАҮТ-ын  Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хэлэхдээ “Шинжлэх ухаан, инновацитай холбоотой асуудлаар МҮХАҮТ-ыг нэлээд чиглүүлж ажиллана. Технологийн салбар бол яах аргагүй дараагийн боломж. Бид хөрөнгө мөнгөөр өрсөлдөж чадахгүй учраас технологийн чиглэлээ дэмжиж, дэлхийд гаргах нь маш чухал. Илүү олон залуучууд илүү том зах зээлийг зориосой. МҮХАҮТ-ын хувьд бизнес эрхлэгч залуучууд илүү том проблемуудыг шийдээсэй гэсэн үүднээс төр засгийн хүрээнд бодлогын шийдвэрүүд гаргахад нөлөөлж ажиллахыг зорьж байна” гэлээ.