ХАБИБ: Би хийх ёстойгоо хийсэн

Соёл урлаг, Спорт
 
Мэргэжлийн холимог тулааны ялагдашгүй аварга, “Бүргэд” Хабиб Нурмагомедовын их спортдоо эргэн ирэх үүд хаалга нь нээллтэй байсан. Өнгөрөгч баасан гаригт Абу Даби хотод UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт болон Хабиб Нурмагомедов нар уулзсан бөгөөд энэхүү уулзалтаар Хабибын гуч дахь тулааны талаар зөвлөлджээ. Дана Уайтын хэлж буйгаар энэ долоо хоногт зохион байгуулагдах UFC-257 өдөрлөгийн тулаанууд Хабибын сэтгэлийг хөдөлгөж чадвал тэрбээр их спортдоо эргэн ирнэ гэж ярьжээ.
 
Хабиб UFC-254 өдөрлөгийн өмнөхөн Жастин Гэтжитэй тулалдсаныхаа дараа дахин тулалдахгүй гэж ээждээ амлалт өгчээ.
Энэ мэдээлэл нь холимог тулаан сонирхогчдын дунд их хүлээлт үүсгэсэн. Тэгвэл мэргэжлийн холимог тулаанч Хабиб Нурмагомедов өдгөө 32 настай Дагестан тулаанч маань энэ бүгдийг үгүйсгэлээ. Оросын Sport24 сайтад өгсөн ярилцлагадаа Хабиб Нурмагомедов “Би холимог тулааны спорт дахь бараг бүх амжилтанд хүрлээ. Надад тулалдахыг хүсч байгаа хүн алга. Мөнгө олох гэсэн олон тулаанч байгааг мэднэ. Би юу хийх ёстой юм бэ? Олон хүн намайг ойлгохыг хүсэхгүй байна. Ээж минь надад үлдсэн хамгийн үнэт зүйл. Ээжийг минь гонсойлгох зүйл надаар битгий хийлгэ. Надад UFC-тэй холбоотой ойрын төлөвлөгөө алга. Тулаанд бэлтгэх ч бодол алга. Би бүгдийг ардаа орхисон. Намайг битгий зовоогоод бай. Өнөөдөр надад байгаа зүйлсдээ би сэтгэл хангалуун байна. Би энэ өндөрлөгт гарахын тулд их зүйлээ золиосолсон” хэмээжээ.
 
Энэ сарын 17-ний өдөр зохион байгуулагдсан UFC Fight Island-7 өдөрлөгийн шууд дамжуулалтын үеэр Дана Уайт “Хабибын хувьд тэр Чарлес Оливейрагийн, Тони Фергусонтой хийсэн тулааныг үзсэн гэсэн. Түүнд Оливейра таалагдсан юм шиг байна лээ. Ирэх Бямба гаригт Конор-Пойрье, Чандлер-Хүүкер гэсэн тулаанууд явагдана. Хабиб эдгээр тулаануудыг үзнэ гэдгээ хэлсэн. Хэрэв эдгээр тулаанууд Хабибын сэтгэлийг хөдөлгөж чадвал, тэр эргэн ирж, тэдэнтэй тулалдана гэдгээ илэрхийлсэн” гэв.
 
Хабиб Нурмагомедовын хувьд одоогоор 29 тулаан хийж бүгдэд нь ялаад байгаа бөгөөд түүний аав Абдулманап хүүгээ 30-0 гэсэн амжилттай зодог тайлаасай гэж хүсдэг байжээ.
 
Хабиб Нурмагомедов өнгөрсөн оны аравдугаар сард Жастин Гаетжег ялсныхаа дараа зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Зодог тайлсныхаа дараа тэрбээр төрөлх Дагестан нутагтаа очиж, өөрийн Eagle FC хэмээх холимог тулааны холбоог байгуулж, авьяаслаг залуу тамирчдыг амжилтанд хүрэхэд тусалж байна. Өдгөө 32 настай Хабиб UFC холбоонд хийсэн 13 тулаандаа бүгдэд нь ялж, UFC-ийн хөнгөн жинд хамгийн олон тулаан дараалан ялсан тамирчин болсон юм. Мөн тэрбээр UFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг хамгийн удаан эзэмшсэнээс гадна бүсээ хамгаалах гурван тулаанд ялсан амжилтаараа Бенсон Хендерсон, Франки Эдгар, Б.Ж.Пенн зэрэг домгуудтай эн зэрэгцдэг.
 
Хабибын зүгээс яг тулалдана гэж мэдэгдээгүй ч энэ долоо хоногт зохион байгуулагдах UFC-257 өдөрлөгийг үзэж, сонирхон, шийдвэрээ гаргахаа илэрхийлсэн байна. Ирэх Ням гаригт UFC-257 өдөрлөгийн дэд гол тулаанд Майкл Чандлер болон Дан Хукер нар хүч үзэх бол гол тулаанд Конор МакГрегор Дастин Пойрьегийн эсрэг тулалдана.
Хабибын авга дүү Умар Нурмагомедов өчигдөр явагдсан UFC fight night өдөрлөгт тулалдсан бөгөөд Сергей Морозовыг хоёрдугаар үед буулган авчээ.
 
2021 оны нэгдүгээр сарын 22. Баасан. №007 (5412)
#МонголынМэдээСонин #ӨдрийнХүн