БЗД-ийн 17-р хорооны бүх иргэдээс ШИНЖИЛГЭЭ авахаар боллоо

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 13-ны байдлаар 13-аар нэмэгдэж, 1469 (Эдгэрсэн 909) боллоо.

Нийт 16975 хүнд шинжилгээ хийсэн байна. 

Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн. Тодруулбал, "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ.

Улсын хэмжээнд кластер эмнэлгийн голомтод 969 тохиолдол бүртгэгдээд байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлгийн хяналт руу шилжжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн үеийн том голомт болох "Ачтан" эмнэлгээс улбаатай үргэлжилсэн дам, гинжилсэн халдвар үргэлжилж байна. Нийт халдварын тоо 48 хүрсэн. Эдгээр нь 22 нь эмнэлгийн ажилтан бол гэр бүлийн болон бусад хавьтагчид болох 26 хүн байна. "Мөнххада", "Тэнүүн-Огоо" компанийн үргэлжилсэн голомтууд анхаарлын төвд байна. Мөн эдгээрээс эх сурвалжтай Баянгол дүүргийн 5 орон сууцанд голомт байна. Ойрын хавьтлуудыг тусгаарласан. Сүүлийн үед идэвхтэй байгаа нэг голомт нь БЗД-ийн 17-р хороо болж байна. Тус хорооны дөрвөн гэр бүлийн арав гаруй хүн өвчилсөн. Мөн эндээс үргэлжлэн есдүгээр хороонд хүмүүс өвчилсөн. Тиймээс БЗД-ийн 17-р хороонд Баянгол дүүрэгт хийсэн шиг голомтын илрүүлэг, шинжилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Шинээр үүссэн голомттой холбоотой ар талд нь олон хүнийг хамарсан байгууллага байгаа. "Алтан жолоо" компанийн хүн халдварт өртсөн учраас тус компанийн төв оффист байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарласан байна. Мөн 17-р хорооны ажилтан болох 3 хүн өвчилсөн учраас хорооны ажилчдыг тусгаарлах, шинжилгээ авах ажил үргэлжилж байна. "Дөрвөн бэрх", "Цаст" гэсэн хамгаалалтын албанд ажилладаг хүмүүсээс мөн халдвар илэрсэн тул эдгээр харуул, хамгаалалтын ажилтнуудыг тусгаарлан, хяналт, шинжилгээ хийж байна" гэлээ.