Хүүхэд байхаасаа л жаз урлаг сонирхсон Ж.Ариунжаргал

Соёл урлаг, Спорт

Э.БАТ-ЭРДЭНЭ

Авьяас гэж алт болсон Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын амин хайртай хэнз охин Ариунжаргал нь зураач мэргэжилтэй ч дуу хөгжимд зүрх сэтгэлээ “олзлуулсан” юм. Харин аав, ээж нь дуугаа зөвхөн хобби болгож, өөр мэргэжилтэй болохыг зөвлөдөг байжээ. “Чимгээ шоу”-ны үеэр аавынхаа зохиосон “Би чамд хайртай” киноны дууг ахтайгаа хамт дуулж аавынхаа сэтгэлийг огшуулаад авсан. Н.Жанцанноров “айхтар сэтгэлтэй золиг байгаа юм” хэмээн “Ариуг” хэр чансаатай дуучин болохыг илтгэсэн. Нэртэй аавын охин гэхээсээ илүү өөрийнхөө хийж бүтээснээр олонд танигдахыг хүсдэг нь нууц биш юм. “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч гэдгээрээ олонд танигдсан Ж.Ариунжаргал (ARIU RU) “Тал нутгийн охин” уран бүтээлээрээ олон нийтэд тов тодоор танигдахыг зэрэгцээ өөрийнх нь дуу хоолойд дурлагсдын тоог нэмж чадсаан. Мөн энэхүү дуугаа финалд үлдвэл тайзан дээр дуулахаар бэлдсэн байсан ч шилдэг хоёрт шалгарч чадаагүй тул нууц хэвээр үлдсэн. Аяыг нь Төрийн соёрхолт Д.Болд, үгийг Quiza нар нэгэн шөнийн дотор зөвхөн Ж.Ариунжаргалд зориулан бичиж, дуу нь ч бэлэн болжээ. Өөрийгөө бүтээхээр, өөрийгөө танихаар бэдэрч буй шинэ, залуу уран бүтээлчид аавынх нь нэр, аавынх нь нэрийн өмнөх шагнал, хүндэтгэл, соёрхол түүнд хүндхэн ачаа болдгыг хэлэхэд илүүц бизээ. Багаасаа л зурах сонирхолтой, хоббитой зурсан зургийг минь үзсэн аав болон хамаатнууд гоё зурж, “гартай юмтай” хүүхэд юм гэх зэргээр магтдаг, би ч түүнд нь их баярлана. Ингээд л хоббигоо улам хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэх хэмжээнд аваачъя гэж хүссэн. Нөгөөтэйгүүр, өөрөөсөө “Би дуулахаасаа өөр юу хийж чадах вэ” гэж асуусан. Дуулахын хажуугаар өөрийн гэсэн мэргэжил эзэмших ёстой гэсэн аав, ээж хоёрын минь шаардлага байсан тул уран зургийн ангийг сонгон суралцах болсон гэж хэлж болно. Хэрэв дуучны карьераас “унах” юм бол гэнэт л газардана, тэр үед хоёр дахь чаддаг зүйл минь надад тусална гэж аав, ээж хоёр минь бодсон хэрэг. Үүнийг нь ч би хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дуучин болох хүсэл минь үргэлж нэгдүгээрт явж ирсэн. Жаахандаа л сургууль дээрээ дуулчихдаг, гоцолчихдог хүүхэд байжээ. Өөрөө интернэт үзэж, дуу сурна. Монгол дуунаас илүүтэй англи дуунууд таалагдаж, сонгон суралцаж үнэхээр дуртай байсан учраас ганцаараа байсан ч цаг нарыг ч мэдэхгүй, умартаад дуугаа сурна, дуулна. Ингэсээр өөрийгөө хөгжүүлж, удалгүй хүмүүс арга хэмжээнд урьж дуулуулан, өөрөө ч тэмцээн уралдаанд оролцох болсон. Тухайлбал, ахлах сургуульдаа МонТурк сургуульд англи дууны тэмцээнд оролцон түрүүлж байсан. Тэр үеэс л өөрийгөө тайзан дээр дуулах ёстой хүн юм гэдгийг мэдэрч эхэлхийн сацуу хөгжмөөс хором ч холдоогүй гэдэг. 

Манай улсад дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан зохиогдох боломжгүй мэт л  үеүүд их бий. Гадны улсуудад зохиогдож буй “Voice” шоуг үзээд үнэхээр сайхан санагдана. Гэтэл гэнэт л Монголд зохиогдох гэж байгааг сонсоод тэр даруйдаа шууд л гүйж очоод бүртгүүлэхэд ямар ч эргэлзээ байгаагүй гэнэ дээ. Voice шоу боломжийг нь нээж дуучны карьераа эхлүүлэхэд надад маш том хаалга бүтнээр нь нээж өгсөн. Хувь хүний хувьд биеэ зөв авч явах, илүү ихийг боддог болоход нөлөөлсөн чадсан байна. 

Дөнгөж “Voice” дуусахад “B production”-тай гэрээ хийсэн. Тал нутгийн охин дуу хэдий бэлэн ч микс мастеринг, оранжировка хийнэ, клипийг нь хийнэ гээд их ажил дутуу клипний хувьд тэр зунаа Сүхбаатар руу явж хийгээд бэлэн болгосон. Дур мэдээд хийчихье гэвч зохиогч нь байхгүй тул зөв, буруу хийх магадлалтай тиймээс бага зэрэг хүлээгдэх шалтгаан нь энэ байлаа. Үнэнийг хэлэхэд, түүнд ялах тухай бодол огт байгаагүй, тэр дуугаа л дуулахсан гэж хүсжээ. Тэр үед финалд хэн ч түрүүлж, хэн ч дуулж магадгүй учраас хувцас хунар, тайз засал, дэлгэцийн дүрсээ бүгдийг нь бэлдчихсэн байсан. “Би энэ дууг заавал дуулах ёстой, яг л дуулах юм байна” гэсэн бодол төрж, дотроо үнэхээр их догдолж байсан хэдий ч харамсалтай нь хоёрт үлдэж чадаагүй. Үнэхээр хэцүү байсан нь тодорхой энэ бүхэн түүийг дуундаа ямар их дуртай болохыг хэлж байгаа байхаа. 

Нэрнийх өмнө заавал аавынх нь нэр явдаг. Хүмүүс хүлээж авахдаа нэгдүгээрт, алдартай хүний хүүхэд, хоёрдугаарт, угаасаа л урлагаар өсөж, гэртээ хүртэл “чанагдаж” өссөн тиймээс л урлаг руу орсон гэж хүмүүс боддог. Мэдээж энэ нөлөөлсөн бага байхад ээж нь ятгачин, хөгжмөө тоглоно, аав төгөлдөр хуурна дарна. Нот энд тэнд хөглөрнө. Өссөн орчин нь яах аргагүй хөгжмийн ертөнц гэхдээ аав ээж хоёр нь түүнийг дуугаар явчихна гэж бодоогүй юм гэнэ билээ. “Би л чадчих юм сан гэж зүтгэсэн, энэ бол миний сонголт”. Угаасаа л урлагийн хүний хүүхэд учир урлагийн хүн болно, болсон гэж хүмүүс ташаа ойлгодог шиг харагддаг. Аавынх нь хийдэг зүйл, тэрний оролддог төрөл жанр хоорондоо холбоогүй аав нь ч тэр бүр тоохгүй. Тэрбээр өөртөө итгэж зүтгээгүй бол өөр мэргэжилтэй, магадгүй зураач болсон байх байжээ. 

СУИС-ийн уран зургийн ангид орсон шалтгаан нь гэвэл. “Чи дуучны карьерыг хоббигоо болгож болно, гэхдээ мэргэжил болгож амьдралаа даатгаад явах буруу шүү, урлагийн амьдрал хэцүү” гэдэг санааг үргэлж ил, далд өгдөг. Энэ санаагаа охиныхоо ой тоонд буутал эцэг эх нь түүнд хэлж зөвлөсөөр иржээ. Юу ч бодохгүйгээр л аав ээжийн энэ үгээр, заавал өөр мэргэжилтэй болно гээд СУИС-д орсон. Ирээдүйд эрэгтэй хүний гар харахааргүй, өөртөө найддаг баталгаатай амьдралтай байгаасай гэж ямар ч эцэг, эх хүснэ шүү дээ. 

Сургуульдаа ороод удаагүй байхдаа жаз урлагт ихэд татагдаж азаар тэр үед нь Германы Засгийн газрын санхүүжилттэй “Дэлхийн стандартын жазз”-ыг сургах Герман багш, Герман төлөөлөгчтэй сургалт болно гэдгийг. Хөгжим бүжгийн сургуульд багшилдаг ээж нь анх олж мэдээд хэлжээ. “Хэрвээ чи үнэхээр их хүсээд байгаа юм бол жилийн чөлөө аваад сурч болно, гэхдээ эргээд заавал сургуульдаа орох ёстой” гэж захихад үнэхээр их баярласан. Гол нь жаз урлаг хүний дотоодыг сүнслэг маягаар илүү их илэрхийлдэг, ая нь явж байсан ч өөрийгөө хүссэнээрээ илэрхийлж, дураараа байж болдог жанр юм. Сүүлдээ жазаас гарч чадхааргүй болоход нэг жилийн чөлөө аваад, эргээд сургуульдаа ор гэсэн даалгавар байсан тул аргагүй буцаад СУИС-даа очсон. Бүтэн жил чөлөө авсан учир анги нь, багш нь өөрчлөгдөөд, нэг л дасаж өгөхгүй, хэцүү байж. Тэгээд ч яг л өөрийнх нь хүсээд байсан зүйл амьдрал дээр гараад ирчихсэн учир тэнд тогтохгүй байсан. Түүний нэг сул тал бол сэтгэлзүй нэг газар тогтохгүй бол тэнд байж чаддаггүй. 

Хаа нэг газар очоод дуулахад, хөтлөгч нь нэрийг нь зарлахынхаа өмнө заавал “Хөдөлмөрийн баатар Жанцанноровын охин Ариунжаргал” гэдэг. Магадгүй үзэгчдийнхээ анхаарлыг л татахын тулд тэгж хэлдэг байх. Зарим нэгэн газар л “Voice” шоуны оролцогч Ариунжаргал гэж зарлана. Нэрний өмнө тэр хүний хийсэн бүтээснийг нь, нэртэй нь хамт зарлачихаар их хүнд. “Өө, урлагийн хүний хүүхэд юмуу, тэгвэл угаасаа дуулах юм байна” гэдэг санааг тэгж зарласнаараа бусдад өгчихдөг бололтой. Хааяа хүмүүстэй танилцаад дараа нь тааралдахаараа “Өө чи чинь өнөө Жанцанноровын охин. Нэр чинь хэн билээ” гэдэг. Аавын нэрийг хэлээд миний нэрийг цээжлээгүйд нь хааяа эмзэглэдэг. Жаахан байхад нь аавтайгаа хамт гадуур явахад, хүмүүс их танина, таних танихдаа аавыг минь маш их хүндэлнэ. Гэвч том болж өөрийн бүхнийг хийж эхлэхэд дээр дурьдсан зөрчилдөөн үүсэж эхэлдэг. Тэрбээр аавыгаа “genius” (гоц авьяастан) гэж боддог.Туулсан амьдрал, ааваас гарсан бүтээлүүдийг сонсохоор “яаж” гэж боддог. Аавынх нь хувьд түүнд хоолойны цар хүрээ, хэрхэн дуугаргах тал дээр магтаал биш, шүүмж элбэг хэлдэг нь их тус болох нь тодорхой. Харин хүмүүсийн дунд биеэ авч явах, хэрхэн “хүн” байх тал дээр их зөвлөж хамгийн гол нь одоо хийсэн байгаа зүйлдээ “багтаад”, “хамраа сөхөж” болохгүй гэдгийг үргэлж хэлдэг гэнэ. Анхны дуугаа хийчээд аавдаа дуустал нь сонсгоход “Хөөрхөн байна” л гэж хэлсэн мэдээж ёстой мундаг байна гэж хэлэхгүй байх үүнээс ч гайхамшигтайг үзэж туулсан хүн нөгөө жаахан байсан бага охин нь “Дуу дуулсан” гээд бариад ирэхээр “Хөөрхөн байна” гэхээс өөрөөр юу гэлтэй билээ. Хайр нь их дотроо, хал нь гаднаа. Ёжломтгой, үгээр тоглодог, үгээр хатгадаг, сэтгэлээ шууд илэрхийлэх нь цөөн, хошигноод л, бо­доод өнгөрдөг түүний аав ийм л хүн юм..

Ээжтэйгээ тийм ч дотно биш хэдий эмэгтэй хүний хувьд миний үлгэр жишээ. Хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд, УДЭТ-ын оркестрт ятгачин хийх болсон. Одоо чуулгаасаа гараад сургуульдаа багшилж байна. Ээж их шударга, маш зарчимч. Ээжээс өвөлж авсан зан чанар бол сайхан сэтгэл ээж үнэхээр сайхан сэтгэлтэй. Хаанаасаа ундраад байдаг юм гэмээр сэтгэлээр өөртөө байхгүйг ч бусдад бий болгож өгдөг, тийм л хүн. Эмэгтэй хүний храктер, байгаа байдлаа ээжээсээ өвлөсөн. Хааяа гаргаж байгаа зан, үг хэлж байгаа маньер нь ээж надтай, би ээжтэйгээ их адилхан ер нь миний ихэнх зүйлс ээжтэй адилхан.

БИД ЖИРИЙН Л НЭГ ГЭР БҮЛ, ААВ ЭЭЖ ХОЁРЫН БАЙДАГ Л ОХИН

Түүний амьдралдаа баримталдаг зарчим: Аав надад “Чоно хэ­зээ ч, хэнээр ч хоолоо бэлдүүлдэггүй” гэж хэлж байсан. Ялангуяа эмэгтэй хүн биеэ даасан байх ёстой. Том юм мөрөөдөж байгаа бол биеэ даагаад, хүнд ерөөсөө найдах­гүй­гээр амьдралаа өөрөө бүтээ гэсэн үг. Энэ миний амьдралдаа баримталдаг том зарчмуудын нэг.

Том зорилго: Би туршлагагүй. Гэхдээ би хэзээ нэг өдөр өөрийн зохиосон үг, ая бүхий дуу гаргана гэж боддог. Энэ миний зорилгын нэг. Өөрийгөө 100 хувь илэрхийлэх зүйл минь тэр байх. Багадаа “Орос 14”-т суралцаж байсан орос хэлний суурьтай, англи хэл үргэлжлүүлэн суралцчихсан. Урлагт дурлаж, эдгээр хэлнүүдтэйгээ шууд холбогдсон. Жаахан байхад өөр орны үг амнаас минь гараад, ярих нь яагаад ч юм шиг их таалагддаг байсан. Одоо ч тэр хэвээрээ, Герман хэлэнд суралцаж байна хэл суралцах их дуртай.

Чөлөөт цаг: Ууланд алхдаг. Ер нь байгальд их ойр байх дуртай. Кино их үз­дэг, гадаад кино, “Netflix”-ийг дуусгана. Ингээд л бусад үед дуу руугаа “яваад ор­чих­но”, төгөлдөр хуураа тоглоно. Одоохондоо амьдрал минь урлаг дотроо л буцалж бай­гаа, энэ нь ч надад таалагдаж байгаа. Жазз дуунуудаа сонсдог. Гэхдээ их өргөн сон­голт­той. Сэтгэлзүй ямар байгаагаас шалтгаалаад сонголтууд заримдаа тэс өөр болчихдог. Дууны үгэнд их ач холбогдол өгдөг. Рэп дуу, уянгын магадгүй рок дуу байсан ч амьдралд, хүний сэтгэлзүйд ойр үгтэй дууг сонгож сонсдог.

Хандлага: Хүн чанартай байхыг нэгдүгээрт тавьдаг юм байна. Ямар хувцастай, ямар дүр төрхтэй, юу хийдэг байхаас нь үл хамааран хүн чанартай хандахсан гэж хүсдэг.

Хамгийн сайн зөвлөх: Аавын хэлсэн хэд хэдэн үг бий. Гэхдээ л аавтай өдөр бүр ярилцаад, дотносоод суухгүй. Хааяа хааяа ярилцахдаа зүрхэнд орсон үг­нүүд хэлдэг. Ихэвчлэн би найз нөхөдтэйгөө цагаа өнгөрүүлнэ. Гарын таван ху­руунд багтахаар л цөөхөн найзтай, тэдний зөвхөн нэг нь л эмэгтэй. Түүнтэйгээ би нэг­дүгээр ангиасаа хойш л найзалж, өнөөдрийг хүрсэн. Польшт суралцаж байгаа тэр найз минь одоо хамаатан садан, эгч дүүсийн минь нэг шиг. Хоолойны өнгө, нүдний харц­наас минь л бүхнийг ойлгодог. Миний бодлоор тэр найз минь хамгийн сайн зөвлөгч.

Дуу хөгжим: Урлаг байхгүй бол нийгэм оршин тогтнох боломжгүй гэсэн үг байдаг. Надад дуучны амьдралаас өөр сайхан амьдрал санал болгосон ч би эндээ л үлдэх байсан.

Авъяас: Төгөлдөр хуур бас хааяа гитар оролдоно. Төгөлдөр хуур бол хөгжмийн хаан гэгддэг. Төгөлдөр хууранд бусад хөгжмийн зэмсэгт байдаг бүх нот агуу­лагд­дагаараа онцлогтой. Хамгийн чихэнд наалдацтай дуугаралттай хөгжим шиг санагддаг.

Бүтээл туурвих: Хөдөлмөр, мэдрэмж хоёр хамгийн чухал гэж боддог. Мэдрэмж төрөхгүй бол хүн хөдлөхгүй. Авьяас нь мэдрэмжтэй адилхан санагддаг.

Биеэ авч явах: Өмнө нь их эмзэглэдэг байсан. Н.Жанцанноровын охин гээд л хүмүүс ярина. Олны амны бай болохгүй байхын тулд гишгэх газар, амьсгалах агаараа хүртэл тооцоолох нь холгүй байсан. Одоо харин дасаад ч тэр үү, “Би бол би. Миний хийсэн үйлдэл бол минийх. Харин аав бол тусдаа хувь хүн” гэж бодож эхэлснээс хойш арай илүү чөлөөтэй, өөрийнхөөрөө байх боломжтой болсон.

 

Хүмүүс намайг харахдаа 60-70 хувь нь шууд л аавыг түрүүлж хардаг шиг санагддаг. Манай гэр бүлийн хийдэг зүйл нь урлаг л болохоос биш жирийн л нэг байдаг гэр бүл. Би аав ээж хоёрын байдаг л охин. Гэтэл биднийг ихэвчлэн “VIP” гэж ойл­го­дог. Ийм учиртай хүмүүс учир ингэж л амьдрах ёс­той гэх. Хааяа муу муухай, худал хуурмаг хэцүү зүйлс сонсогдоно. Хэзээ ч манай гэр бүлд байгаагүй зүйл­сийг байсан болгож ярилцана. Уг нь аав минь маш эн­гийн хүн. Эд хэрэгсэлд ч шуналгүй, байгаа нэг зүй­лээ хуучиртал нь, хагартал нь, эвдэртэл нь хэрэг­лэдэг. “Надад энэ байхад шинээр яах юм бэ” гэж гайхдаг тийм л энгийн үзэл бодол­той. Аавыг хүмүүс ийм энгийнээр нь ойл­гоо­сой, хүлээж аваасай гэж хүс­дэг. Миний урлаг руу явсан зам ч ааваас эсвэл ээжээс болоогүй. Үнэнийг хэлэ­хэд дуучин болох гэж харин ч тэд­нээс зөрсөн. Хэнээс ч үл хамааран Ариун­жаргал гэдэг хүн л дуулах гээд зориод, хүсээд яваа юм шүү.